ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өөрийн ТАВИУЛ Б.Отгонсүхдээ дахин шинэ алба ОНООВ

Монголын нэр бүхий улстөрчид, УИХ-ын гишүүд сайд, даргын албыг ээлжлэн хашиж, даргын хувь тавиланг оноос төрсөн үү гэлтэй тамга ээлжилж атгадаг нь улс төрийн ил тод тоглоом болоод удсан. Мөн өөрийн фракцын нэр бүхий албан хаагчдыг анхан шат гэхээс илүүтэй дунд шатны удирдлагад томилох замаар хүсэл зорилгоо гүйцэлдүүлэх нь хуйвалдааны онол лугаа. Ийм нэг улс төрийн төлөөлөл бол УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан болон түүний фракцын нөлөө бүхий хамтрагч Б.Отгонсүх. Тэд хамтдаа нэгэн үе Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг удирдаж, нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийг бүгдийг Налайх руу гэсэн уриатай ажилласан. Улмаар НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр хариуцсан орлогчийн хувиар Б.Отгонсүх АТГ-д шалгагдаж, яллагдагчаар татагдсан. Гэсэн ч гэнэтийн баривчилгаа, гэнэтийн шалгалт уламжлал ёсоор түүнийг өршөөж их удалгүй Монгол төрийн гүйцэтгэх албан тушаалыг ээлжилж хаших хувь ерөөлтэй нэгэн болж хувирсан. Учир нь, тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гэхэд Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга, “Монголын төмөр зам” ТӨКХ-ийн гүйцэтгэх захирал, Иргэний нисэхийн Үндэсний төвийн гүйцэтгэх захирлын албыг ээлжлэн хашсан. Эдгээр албаа тэрбээр ердөө жил, жил хүрэхгүй хугацаанд хашдаг бөгөөд дараагийн алба нь хамрах хүрээ, нэр хүндийн хувьд зүй ёсоор улам бүр дээшлээд зогсохгүй, нарийн мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсрол шаардсан байдаг нь хачирхалтай. Тэрбээр энэ бүх албан тушаалд очихдоо өөрийгөө “Би төрийн мэргэшсэн менежер” хэмээн өргөмжилдөг нь уламжлал болсны дээр энэ удаад дахин шинэ албан тушаал хаших болсон нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирлын алба. Ийн ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан дахин албан тушаалын авшигтай, ашигтай орлоготой бүхний тавиул болсон Б.Отгонсүхийгээ жилдээ 58 тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн тамгатай золгуулсан нь нэгэнт гайхах зүйл бол биш болов бололтой.
Д.Саруул
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
