Ерөнхийлөгч нарын ярилцсан ердийн ЕСӨН “ДОМОГ”

ДОМОГ: Домог гэдэг нь түүхэнд болсон бодит үйл явдал, алдартай хүмүүсийн амьдрал, эсвэл газар орны үүслийг уран сэтгэмжээр баяжуулан үеэс үед аман хэлбэрээр дамжуулж ирсэн ардын аман зохиолын нэгэн төрөл юм.
Гэхдээ хэл зүйн шинжлэх ухаанаар ийн тайлбарлах ч домог мэт яригдсаар ирсэн ч хэрэгжилт нь өнөө хэр батжаагүй улс төрийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичгээс хэтрээгүй яриа хэлэлцээг домогтой зүйрлэн адилтгахад буруудах зүйл үгүй. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хөндөгдсөн асуудлуудыг онцлох есөн ажил, есөн үр дүн зэргээр олон нийтэд мэдээлсэн тул шинэ соргог агуулга, бодит үр дүн, ирээдүйн хүлээлт талаас нь шинжлэн түүвэрлэв.
ОНЦЛОХ АЖИЛ 1: “РосАтом”-тай Атомын цахилгаан станц барьж байгуулна
Тайлбар: ОХУ манай улстай цөмийн энергийн чиглэлээр хамтарч ажиллах саналаа удаа дараа тавьж байгаа бөгөөд “Цөмийн эрчим хүч экспортлоё” гэж хэлсэн нь зөвхөн өнөөдөр яригдаж буй сэдэв биш. Энэ тухай Ерөнхий сайд асан С.Баяртай тухайн үеийн “РосАтом” компанийн захирал С.В.Кириенко уулзах үеэрээ анх хөндсөн. Тэр цагаас хойш үе үеийн ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ч, В.Путин ч Ерөнхийлөгчийн төдийгүй Ерөнхий сайдын хувиар хөндөж байсан. Харин эхний удаад цөмийн эрчим хүч экспортлохоос илүүтэй Мардайн ураны ордын лицензийг Японы оролцоотой хамтарч ажиллах саналыг Ерөнхий сайд асан С.Баяр тавьснаа ил тод бичсэн байдаг. Улмаар Канадын “Хан ресурс” компанийн эзэмшилд байсан ураны лицензийг Монголын Засгийн газар цуцалж, үр нөлөөнд нь манай улс олон улсын арбитрын шүүх дээр 70 сая ам.долларын өрөнд унасан. Үүнээс хойш энэ яриа аажимдаа замхарсан ч энэ оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Е.А.Николаевич өөрийн орны ураны экспорт, үйлдвэрлэлийн туршлагаа дурдаад “Миний бодлоор, Монгол Улсад Оросын загварын бага хүчин чадлын атомын цахилгаан станц барих нь хоёр орны хамтын ажиллагааны ойрын арван жилийн тэргүүлэх чиглэл болж чадна” хэмээн мэдэгдсэн. Энд бяцхан тайлбар өгүүлэхэд уг асуудлыг Е.А.Николаевичийн бодол гэж үзэхээс илүү ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, тус улсын төрийн бодлого гэж үзэх нь зүй ёсны бөгөөд энэ хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзахдаа ч мөн адил дахин хөндсөн байна.
ОНЦЛОХ АЖИЛ 2: “Улаанбаатар төмөр зам”-ын техник технологийг шинэчилнэ
Тайлбар: “Улаанбаатар төмөр зам” ХНН-гийн дүрмийн санг ОХУ, Монгол Улс эн тэнцүү эзэмшдэг. Гэхдээ “Улаанбаатар төмөр зам”-ын бодит шинэчлэлийг ОХУ-ын зүгээс идэвхгүй байдлаар ямагт хойшлуулсаар ирсэн түүхтэй. Тухайлбал, АНУ-гийн “Мянганы сорилтын сан”-гаар дамжуулан хийх байсан төмөр замын шинэчлэлийг ОХУ-ын тал зөвшөөрөөгүй. Үүн дээр, БНХАУ-ын дэмжлэгтэй царигийн шинэчлэл яригдсан ч мөн л татгалзсан. Гагцхүү өнгөрсөн хугацаанд ОХУ-д ч, Монголд ч хийгдсэн албан ёсны болон ажлын айлчлал, салбар хоорондын уулзалт, хувь нийлүүлэгчдийн хурлаар ч удаа дараа зүтгүүр, депогийн иж бүрэн шинэчлэл яригддаг ч өнгөрсөн хугацаанд ажил хэрэг болсон нь үгүй. Гагцхүү ОХУ-аас ярьдаг шинэчлэл нь тарифын өсөлт гэсэн ганц сэдэв л байдаг нь нууц биш. Иймд энэ удаагийн уулзалтын хамтын ажиллагааны шинэчлэлийн тухайд ч ОХУ-ыг уламжлал ёсоороо “Хамтран шинэчилнэ” гэж гар барьсан хэрэг гэж нэрлэж болно.
ОНЦЛОХ АЖИЛ 3 ба 5: Гурван улсыг холбосон босоо тэнхлэгийн төмөр замын төв коридор байгуулна. ОХУ-Монгол-БНХАУ-ыг холбосон төмөр зам барих буюу баруун, зүүн коридор байгуулах боломжийг судална.
Тайлбар: ОХУ-Монгол-БНХАУ гурван улсын эдийн засгийн коридор байгуулах санал санаачилга манай улсад, тэр дундаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн автортой яригддаг улс төрийн яриа хэлэлцээр. Тэрбээр уг санаачилгыг анх 2014 онд гаргаж, улмаар Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо болсон ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн хамт гарын үсэг зурж эхлүүлсэн. Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын төв коридорын тухайд одоо байгаа уртын замтай анхлан зэрэгцүүлж барих санал гарч, ТЭЗҮ-г боловсруулах ажил нэг үе идэвхтэй яригдсан ч аажимдаа алсарсан. Харин сүүлийн үеийн мэдээллээс харахад энэ оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон“Олон улсын тээвэр, логистикийн форум”-ын үеэр гурван тал тус тусын боловсруулсан төмөр замын ТЭЗҮ-гээ нэгтгэж, ажлаа идэвхжүүлэхээр болсон байна.
ОНЦЛОХ АЖИЛ 4: Шатахуун тогтвортой нийлүүлнэ.
Тайлбар: Манай улсын хувьд ОХУ зуун хувь шатахуун, шатах туслах материалын ханган нийлүүлэгч. Иймд “Орост ханиахад Монголд найтаав” гэдэгчлэн тус улсын Украин улстай өрнүүлж буй дайны нөхцөл байдлын улмаас манай улс шатах, шатах туслах материалын хомсдолд орж буй нь үнэн. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням энэ талаар удаа дараа тодорхой мэдээлэл өгч, иргэд шатахууны оочер дугаар, үнийн өсөлтөд туйлдаж буйдаа бухимдах болсон. Мөн Ерөнхий сайд Н.Учрал ирэх оны буюу 2027 оны улсын төсвийг 10 их наядаар өсгөж, 2026 оны улсын төсөвт тодотгол хийх болсон шалтгаанаа ч дээрх хүчин зүйлээр тайлбарлаж байна. Ийм нөхцөлд харин хоёр улсын Ерөнхийлөгч хаа таарсан газраа, ер нь уулзах боломжтой цаг хугацаа, орон зайндаа шатахууны нийлүүлэлтийг ярьж ОХУ-аас тодорхой нэг үг “зулгааж ирэх” нь илүүднэ гэж үгүй. Гэхдээ энд нэг сонирхолтой давхцлыг сануулахад Монгол Улсад шатахууны хомсдол үүсэхтэй зэрэгцэн ОХУ-ын зүгээс дэмжиж туслах найрсаг харилцааныхаа урамшуулалд ураны салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг ярьдаг нь харин ёстой гэм биш эрх ашиг бол мөн юм.
ОНЦЛОХ АЖИЛ 6: ДЦС-3 өргөтгөл, шинэчлэлийг хурдасгана.
Тайлбар: Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 309 дүгээр тогтоол болон 2021 оны тавдугаар сарын 146 дугаар тогтоол үндсэндээ гуравдугаар цахилгаан станцыг өргөтгөх утга агуулгатай байсан. Энэ хүрээнд тухайн үеийн Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайд П.Сниккарс нар 2021 оны зургадугаар сард өргөтгөл шинэчлэлийг барьж байгуулахаар тохиролцсон. Гэсэн уг ажил өнгөрсөн хугацаанд тодорхойгүй шалтгаанаар хойшилж, ОХУ-ын холбогдох мэргэжилтнүүд гуравдугаар цахилгаан станц дээр удаа дараа ажилласан ч ажил албан ёсоор эхлээгүй. Улмаар гурван жилийн дараа буюу 2024 онд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн УИХ-аар “Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төслийг боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг соёрхон батлах тухай” хуулийн төслийг хэлэлцүүлж батлуулсан. Ингэхдээ зөвхөн зураг төслийн өртгийг 20 сая ам.доллар байх тухай асуудал яригдсан бөгөөд санхүүжилтийн тооцоо тодорхойгүй, зөвхөн ОХУ-ын саналд үндэслэсэн гэдэг шүүмжлэл өрнөсөн. Сүүлд буюу өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Н.Учрал гуравдугаар цахилгаан станцыг түшиглэн зургадугаар цахилгаан станцыг барьж байгуулна гэж олонд зарласан нь дээрх хэлэлцээр хэрэгжих эсэх, эсвэл Засгийн газрын шинэ зорилготой уялдан өөрчлөгдөх эсэх тодорхойгүй нөхцөл болж байна. Гол нь энэ үед нь Астана хотноо хоёр улсын Ерөнхийлөгч өртгөлийн асуудлыг ярилцсан нь дахин эргэлзээ төрүүлэв.
ОНЦЛОХ АЖИЛ 7: Эгийн голын усан цахилгаан станцын төслийг урагшлуулна.
Тайлбар: Эгийн голын усан цахилгаан станцыг барих амбиц, зорилго Монгол Улсын хувьд сүүлийн 30 жилийн мөрөөдөл. Эрчим хүчний хараат байдлаас ангижрах, төвийн бүсийг найдвартай эрчим хүчээр хангах энэ зорилт үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн эхэнд бичигддэг хэдий ч нэг ч алхам урагшилсан нь үгүй. Сүүлд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Эгийн голын усан цахилгаан станцыг Монгол Улс эрчим хүчний сэргэлтийн хүрээнд ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байна” хэмээн мэдэгдсэн ч асуудал ажин түжин хэвээрээ байгаа. Гэхдээ бие дааж байгуулах тухай Монгол Улсын мөрөөдөлд хамтран хэрэгжүүлэх гэдэг нэг үг нэмэгдсэнээр ОХУ-ын талын дэмжлэг авсан байх талтай ч тус улс “Байгаль нуурын эко системийг сүйтгэнэ” гэдэг үндэслэлээ үгүйсгэж, Эгийн голын станцыг бариулах нь юу л бол. Гэсэн ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнуудын албан ёсны айлчлал, албан уулзалтад ямагт яригддаг, гэхдээ ор тас хийгддэггүй сэдэв гэдгээр ердийн нэг “домог” ярианд хамаарах нь зүй юм.
ОНЦЛОХ АЖИЛ 8: Байгалийн хийн хоолойн төслийг урагшлуулна.
Тайлбар: ОХУ, БНХАУ-ын Засгийн газар 2014 хийн хоолойн чиглэлээр хамтран ажиллах тохиролцоонд хүрснээр Монгол Улс өөрийн газар нутгаар дайруулах хүсэлтийг удаа дараа тавьж ирсэн. Хэдий 2021 оны хүртэл Монгол Улсын газар нутгаар дайруулах хоёр орны сонирхол төрийн бодлогод нь албажаагүй ч яриа хэлэлцээрийн төвшинд анх 2019 онд энэ асуудлаар Монгол, Оросын Засгийн газрын албан ёсны ажлын хэсэг байгуулагдсан. БНХАУ-ын хувьд энэ асуудалд харзнасан, хүлээсэн, тодорхой хариултгүй явж ирсэн бөгөөд сүүлд буюу 2025 онд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Шэнь Миньжуан Шадар сайд асан С.Амарсайханд байгалийн хийн хоолойн төслийн талаар гурван улсын төлөөлөл тусгайлан биечлэн уулзаж, ярилцах хэрэгтэй гэдгээс өөрийг хэлээгүй. Нэг ёсны БНХАУ-ын зүгээс хүлээлт үүсгэж, ОХУ болон Монголын төрийн амны уншлага болсон энэ сэдэв өнөөдрийг хүртэл мөн л санаачилгын төвшинд яригдаж байгаа бөгөөд харин нэг шинэ маршрут эрчимтэй яригдах болсон нь Казакстанаар дамжуулж, ШУӨЗО-руу хүрэх зам. Өөрөөр хэлбэл, хийн хоолойг дамжуулан өнгөрүүлэх өрсөлдөгч хүчийг авсан бол манай улсын хувьд “Монгол Улсын зургаан аймаг 22 сумыг дайрч, 1000 гаруй ажлын байр бий болгон, манай эдийн засагт бодит өсөлт өгнө” гэсэн цаасан зорилгыг Засгийн газрын мөрийн хөтөлбөр, ээлжит албан айлчлалын хавсарга мэдээ төдийхнөөр тэмдэглэхээс хэтрэхгүй ирсэн нь бодит үнэн.
ОНЦЛОХ АЖИЛ 9: ОХУ, Монгол хоёр улсын бүс нутгийн чуулганыг есдүгээр сарын 14-15-нд Улаанбаатар хотод зохион байгуулна. Хойд хөршийн бүс нутгийн 400 гаруй зочид ирж, хоёр улсын хамтын төсөл хөтөлбөрүүдийн талаар чуулна.
ЖИЧ: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсоор айлчлал хийгээгүй. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзаж дээрх есөн сэдвээр ярилцсан. Гэсэн ч “Хоёр орны ерөнхийлөгч есөн гол сэдвээр тохиролцоо” хэмээн мэдээллэсэн хоёр орны хамтын ажиллагаа, яриа хэлэлцээний үр дүн талаас нь чухалчлан үзэж, түүвэрлэн мэдээллэсэн болно. Өөрөөр хэлбэл, тохиролцсон гэдэгт ач холбогдол өгсөн гэсэн үг.
Г.ОТГОНЖАРГАЛ
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
