АН-ын БНХАУ-д айлчлах эрхийг ХҮНДЭТГЭ, УЛСТӨРЧИД ӨӨ!

Ардчилсан нам БНХАУ-д айлчилна гэнэ. Айхтар юм болох нь цаана чинь. Ардчилсан нам БНХАУ-ын Коммунист намын туршлагыг судалж ирээд Монголын ардчиллыг мохоох нь тодорхой боллоо. Ардчилсан нам Коммунист намаас туршлага судална гэнэ ээ, ичээч ээ. УИХ-ын ээлжит бус чуулганаар улсын төсвийн тодотгол, ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцэх гэж байхад Ардчилсан нам Хятадад айлчлах гэлээ...
Унших нь ээ, Ардчилсан нам БНХАУ-д айлчилснаараа 15 толгойтой мангас болж ирээд Монгол Улсыг бүхэлд нь эдийн засаг улс төрийн эрх мэдлийг урд хөршид бүрэн утгаар нь бэлэглэх юм байх. Нөгөө талд Ардчилсан нам БНХАУ-д айлчилна гэдэг Монголын ардчилал бүрэн утгаараа коммунизмын халдвар авч, Монгол Улс унан доройтох нигууртай гэнэ. Ер нь л их хэцүү юм болох гэж буй бололтой. Хүч хүрдэг бол яаж ийгээд Ардчилсан намыгаа хүлж боогоод Монголдоо үлдээхгүй бол болохгүй нь ээ, янз нь. Ийм нэг сонин улс төр, хэтийдсэн их айдас болгоомжлол өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиал хуудаснаа идэвхжлээ. Зориулж хийсэн өнгө өнгийн зурагт хуудаснаас харахад Ерөнхийлөгч асан Х.Баттулгын идэвхтэй өрнүүлж ирсэн “Бүхнийг хятаджуулах нь” пиарын бодлого эргэн сэргэв үү гэлтэй... Уг нь тэнд зогсоо С.Баярцогт, энд суугаа М.Энхболд тэргүүтнүүд олноороо Хятадын гар хөл гэгдэх болсон цаг үе өнөө ирж намжих нь уу гэтэл ийн нэг нэгээр нь бус нийтээр нь, бүр намаар нь БНХАУ-ынх болгож хардана, хардуулна гэдэг хялбар санаачилга биш. Тэр дундаа одоогийн нөхцлөөс асуудлыг харья.
Ши Жиньпиний хүсэлтийг БНХАУ-ын ТӨВ ХЭВЛЭЛ ОНЦОЛСОН ҮЕД...
Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан БНХАУ-ын хятад иргэд рүү Үнэн ба зөв намын дэд дарга Г.Солонго болон Г.Адилбиш тэргүүтэй иргэд халдаж, компанийн үйл ажиллагааг нь тасалдуулсан. Гэхдээ тэдний энэ үйлдэл анх удаагийнх биш. Тэд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд руу халдах, үйл ажиллагаанд саад учруулахуйц үйлдлийг удаа дараа хийсэн. Гэсэн ч БНХАУ-ын тал ч, манай тал ч төр засгийн хэмжээнд тодорхой арга хэмжээ авч байгаагүй. Мэдээлэл солилцох төдийд асуудлыг ярилцаж ирсэн гэхэд болно. Харин энэ удаагийн үйл явдлаас үүдэн БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли, худалдааны зөвлөх Лиу Жинзи нар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвтэй уулзах үеэрээ “Монголд газрын тосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрхэнд ноцтой халдсан явдал Монгол төдийгүй Хятадад өргөн яригдсан. Болсон үйл явдалд БНХАУ-ын зүгээс санаа зовинож байгаа бөгөөд буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцох эсэхийг анхааралтай ажиглана” хэмээн мэдэгдсэн. Энэ бол өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын талаас тавьсан хамгийн хатуу байр суурь бөгөөд урд өмнөх Элчин сайдуудын хувьд ийн мэдэгдэж, анхааруулж, сануулж байсан нь бараг л үгүй.
Мөн уг үйл явдалтай холбогдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, “Монголын тал Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг бодитоор хамгаална хэмээн найдаж байна” гэсэн нь бас л яах аргагүй онцлох үг. Түүний эл үгийг БНХАУ-ын Төрийн төв хэвлэл болох “Ардын сонин”-д нийтэлсэн бөгөөд Монголд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн албан мэдээлэлд дурдагдаагүй гэхэд болно. Ийн Бүрэн эрхэт Элчин сайд ч бус Элчин яамны хэргийг түр орлогч нь Монголын төрийн үйл ажиллагааг анхааралтай ажиглаж буй гэдгээ илэрхийлсэн нь сул үг яавч биш. Тэр дундаа дотоодын улс төрөө Хятад улсыг оролцуулахгүйгээр тайлбарлаж чадахаа байтлаа зодолддог манай улстөрчдийн хувьд эрх ашиг, ухаан санаагаа цаламдах хэрэгтэй болсны дохио байж болно. Ер нь хоёр улсын, тэр дундаа хөрш орнуудын харилцаагаар хөзөр тоглохын хор хөнөөлийг дэлхийн улс орнууд бидэнд бэлээхэн зааж буй билээ.
АН-ынхан БНХАУ-д хийх айлчлалаа хамгаалаач
Ардчилсан нам арчаагүй байна. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл болон УИХ-ын нэр бүхий гишүүд БНХАУ-д айлчлах албан мэдээгээ өмгөөлөөд хэд гурван үг хэлж, бүр асуудлыг улстөржүүлэхгүй байхыг уриалж болох байсан. Гэтэл өнгөрсөн амралтын өдрүүдэд тэр өрвөлзөх бүү хэл үг унагасангүй. Угтаа Ардчилсан нам сүүлийн жилүүдэд тогтмол жилд нэг удаа БНХАУ-д айлчлал хийж, тус улсын Коммунист намын удирдлагуудтай уулзалт хийж байгаа. Үүнийг мэдэхийн тулд намын түүх ухах хэрэггүй. Сошиалд түлхүүр үг бичихэд л гараад ирнэ. Жишээ нь, 2024 онд О.Цогтгэрэл дарга өөрөө УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын хувиар БНХАУ-д айлчилж байсан. Өнгөрсөн онд тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Х.Ганибал Бээжинд айлчилж, Хятадын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны газрын сайд ноён Лю Жяньчайтой уулзсан. Тэд ирэх жил ч БНХАУ-д айлчилж, Коммунист намынх нь удирдлагуудтай уулзана. Энэ бол дан ганц хөрш орон дэлхийн улс орнуудын улс төрийн намуудын байдаг л нэг хамтын ажиллагаа. Үүнийг “Ардчилсан нам Коммунист намаар хичээл заалгах гэлээ. АН БНХАУ-д айлчлах гэлээ” хэмээн улс төрийн сэдэв болгож, олон нийтэд хаяж өгнө гэдэг бол Хятад, Монголын харилцаанд сэв суулгахуйц улс төрийн хатуу мессеж. Хэн нэг улстөрч олон нийтийг Хятадын эсрэг турхирах, Үнэн ба зөв намын дэд дарга Г.Солонго Хятадын хөрөнгө оруулагчийг очиж өмнөө бөхийлгөх, хэн нэг иргэн хятадуудыг үзэн ядахтай харьцуулах зүйл биш. Иймд улстөрчдөд хандаж зөвлөхөд “АН-ын БНХАУ-д айлчлах эрхийг хүндэтгэ”. Наад зах нь МАН гэхэд жилдээ тав арван удаа очиж, туршлага судалдаг бол тэд ганц удаа явж байгаа нь энэ. Харин УИХ-аар ирэх оны төсвийн төсөл хэлэлцэх үеийн тухайд сөрөг хүчний лидер байхгүй байвал нь ер нь тустай шүү, эрх баригчид аа!
Г.Отгонжаргал
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
