Залуу Ерөнхий сайдуудын ИХ ҮСРЭЛТ буюу 10 ИХ НАЯДЫН ТЭЛЭЛТ

Үе үеийн Ерөнхий сайдуудын улс төрд үлдээсэн зам мөр харилцан адилгүй. Үнэмлэхүй буюу харьцуулах адилтгал ховор тэдний бүтээсэн үнэн өнөөдрийн Монгол Улс. Энэ дундаас харин зүй ёсоор харьцуулж бичихүйц нэг тоо давхцаж яригдах болсон нь 10 ИХ НАЯД. Учир нь, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ цагтаа УИХ-аар “Иргэдийн амьжиргаа, эдийн засгийг дэмжих 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлуулж байсан бол Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга С.Бямбацогтод 2027 оны улсын төсвийн төслийг 2026 оны төсвөөс даруй 10 их наядаар нэмэгдүүлсэн дүнгээр өргөн барив. Хэдий энэ хоёр өсөлтийн санхүүгийн эх үүсвэр, хүрэх зорилго, зарцуулах эрх мэдэлтэн нь өөр ч эн тэнцүү өсөлт тул харьцуулж үзье.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн 10 ИХ НАЯД
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг гүйцэтгэх засаглалын тэргүүнээр сонгогддог тэр жил буюу 2021 онд улсын төсөв 13.9 их наяд төгрөг байсан. Энэ төсвийг тэрбээр дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас Монгол Улсад үүссэн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд хүрэлцэхгүй хэмээн үзэж, мөн оны хоёрдугаар сард “Иргэдийн амьжиргаа, эдийн засгийг дэмжих 10 их наядын цогц төлөвлөгөө”-г УИХ-аар батлуулсан.
Зарцуулалтын даргааны хувьд:
-
Ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор бизнес эрхлэгчдэд гурван хувийн хүүтэйгээр ХОЁР ИХ НАЯД,
-
Урт хугацааны репо буюу жижиг дунд үйлдвэрлэл, экспортын бүтээгдэхүүний үйлдвэр эрхлэгчдийг дэмжихэд Төв банк боон арилжааны банкаар дамжуулан ХОЁР ИХ НАЯД,
-
Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтэд ХОЁР ИХ НАЯД,
-
Хөдөө аж ахуйн салбарыг дэмжихэд 500-888 ТЭРБУМ,
-
Стратегийн томоохон төсөл хөтөлбөр, эрүүл мэндийг хамгаалах багцад БУСАД гэсэн зарцуулалт байсан бөгөөд санхүүжилтийг Монголбанк болон арилжааны банкуудын эх үүсвэрээс бүрдүүлсэн.
Хэрэгжилтийн тухайд Төв банкнаас “Эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн” тайландаа “Голлох үр дүнгүүдээс дурдвал 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд олгосон санхүүжилт нь эдийн засаг зогсонги байдалд орж, ажил эрхлэлт буурсан үед мөнгө, зээлийн өсөлтийг сэргээж, зээлийн хүүг бууруулж, ажил эрхлэлт, хөрөнгө оруулалтыг дэмжиж, бизнесийн идэвхжлээр дамжин төсвийн орлого бүрдүүлэхэд эерэг нөлөө үзүүлжээ. Улмаар эдийн засаг 2021 онд сэргэж 1.4 хувийн өсөлттэй гарлаа” гэж дүгнэсэн байдаг. Гэхдээ уг төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулахаар удаа дараа зарласан ч харамсалтай нь хэрэгжүүлж чадаагүй. Энэ тухайгаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Засгийн газрын эсрэг сонсголд ажиллах шинжээч олдохгүй байна” гэдгээр тайлбарласан байдаг. Түүнчлэн хэдий энэ төлөвлөгөө улсын төсвөөс ангид хэрэгжсэн ч 2021 оноос буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Монгол Улсын төсөв жил бүр үнэмлэхүй дүнгээр өсөж явсаар 2025 оны төсөв 33.5 их наяд хүрч батлагдсан байдаг.
Ерөнхий сайд Н.Учралын 10 ИХ НАЯД
Харин Ерөнхий сайд Н.Учралын хувьд Ерөнхий сайд асан Г.Занданшатарын 32.6 их наядаар батлуулсан 2026 оны төсвийг шууд 10 их наядаар нэмэгдүүлж, нийгмийн шинж чанартай буюу иргэд рүү хандсан санхүү, мөнгөний урамшууллын төсвийн бодлогыг хэрэгжүүлэхээ зарласан. Үүндээ Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний ногдол ашиг болох гурван их наяд төгрөгийг нэмэлт орлого болгож тооцсон бөгөөд ард иргэддээ тараах уу, хөрөнгө оруулалтад зарцуулах уу гэдгээ и-монголиа-гаар асууна гэж байгаа. Мөн өөр нэг орлогын шинэ эх үүсвэр нь улсын төсвөөс ангид тооцогддог байсан төрийн өмчит компаниудын орлого, зарлагыг төсөвт нэгтгэх замаар 3.4 их наяд төгрөгийн санхүүгийн шинэ нөхцлийг бий болгох боломжтой гэж үзсэн явдал.
Зарцуулалтын задаргааны хувьд:
-
Оюутолгойгоос ногдол ашиг олгоно.
-
“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаагаа өвлүүлэх, бэлэглэх, арилжих, эрхтэй болгоно.
-
Татвар авах цалингийн босгыг 792.000 болгох замаар иргэдийн гарт 840 тэрбум төгрөг үлдээнэ.
-
Ахмадын тэтгэврийг 380.300 төгрөгөөр нэмнэ.
-
1600 орон сууцыг зургаан хувийн зээл, түрээслээд өмчлөх нөхцлөөр борлуулна. Төрийн 4000 орон сууцны урьдчилгааг 15 хувь болгоно.
-
"ДЦС-3"-ын дэргэд 300 Мвт-ын "ДЦС-6" барина. "ДЦС-3"-ыг засварлан шинэчилж, гацаад байгаа 10 аймгийн ДЦС-г ашиглалтад оруулна.
-
Гүүглийн компьютер 100 мянган сурагчид олгож, 100 ногоон сургууль байгуулна.
-
Гадаадын зээл, тусламжаар 39, шинээр 34 эмнэлэг барина. Ахмад настан даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэ төлбөргүй олгоно.
-
500 цахилгаан машин цэнэглэгч "Ногоон өртөө" байгуулна. Сэргээгдэх эрчим хүчний техник төхөөрөмжүүд, цахилгаан машин гааль, онцгой албан татвараас бүрэн чөлөөлөгдөнө.
Энэ бол залуу Ерөнхий сайдууд болох Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал нарын хийсэн, хийж буй огцом үсрэлт бөгөөд эн тэнцүү үр дагавартай төсвийн тэлэлт. Ганц ялгаа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэрэгжүүлсэн 10 их наядын төлөвлөгөө аажимдаа төсвийг тэлэх дам нөлөө болсон бол Ерөнхий сайд Н.Учралын төсөл шууд өсөлт болохоороо онцлог. Нөгөө талд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хэрэгжүүлсэн 10 их наядын төлөвлөгөөнд Монголбанк ерөнхий дүгнэлт хийсэн ч улс төрийн хувьд Ардчилсан нам ч, бусад улс төрийн хүчнүүд ч үг дуугараагүй. Харамсалтай нь, тухайн үед бүгд бүлх залгисан. Энэ нь үнэлэлт, дүгнэлт бодитой хийгдээгүй болохыг илэрхийлнэ. Харин Ерөнхий сайд Н.Учралын өргөн мэдүүлсэн 2027 оны төсвийн төслийн тухайд УИХ-д өнөөдөртөө сөрөг хүчин бий... Залуу Ерөнхий сайдуудын төсөв, төлөвлөгөөний их үсрэлт 10 их наядад хүрдэг гэдэг энэ харьцуулалт хэт ерөнхий уншигдаж болох ч үр дагавар, үр нөлөө талаас нь шинжлэн судлахад илүү зүйл үгүй биз ээ.
Г.ОТГОНЖАРГАЛ
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
