“Нээлттэй парламент” өдөрлөгөөр иргэдэд шинэчлэгдсэн parliament.mn сайтаас мэдээлэл авах, ашиглах практик мэдээлэл хүргэлээ

УИХ-ын дарга С.Бямбацогтын санаачилгаар Улсын Их Хурлын (УИХ) үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх зорилготой “Нээлттэй парламент” бодлогыг хэрэгжүүлж байна. Бодлогын хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газраас “Нээлттэй парламент” өдөрлөгийг Монгол Шуудан ХК-ийн байранд өнөөдөр (2026.11.03) зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр парламентын албан ёсны Parliament.mn сайтын шинэчлэл, “УИХ таныг сонсож байна” цахим талбар, нийтийн өргөдөл хүлээн авах D-Petition систем, хуулийн төслүүдэд санал өгөх D-Parliament платформын үйл ажиллагааг иргэдэд танилцууллаа.

Шинэчлэгдсэн Parliament.mn сайтаар дамжуулан иргэд УИХ-ын үйл ажиллагааны талаарх цогц мэдээлэлтэй нэг дороос танилцах боломжтой болсон. Тухайлбал, УИХ болон УИХ-ын гишүүдийн үйл ажиллагаа, гишүүдийн чуулганы болон байнгын хорооны хуралдааны ирц, оролцоо, ажлын тайлан, санал хураалтад хэрхэн оролцсон талаарх мэдээлэл, яг одоо хэлэлцэж буй болон өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, холбогдох баримт бичигтэй холбоотой мэдээллийг нээлттэй авах боломжтой.

“Нээлттэй парламент” өдөрлөгөөр иргэдэд шинэчлэгдсэн Parliament.mn сайтаас ямар мэдээлэл авч, ашиглах боломжтой талаар танилцуулж, цахим платформуудыг ашиглан өөрийн санал, хүсэлт, асуултыг хэрхэн илгээх, нийтийн өргөдөл гаргах, хуулийн төсөлд санал өгөх замаар хууль тогтоох үйл явцад хэрхэн оролцох талаар практик мэдээлэл хүргэлээ.

Өдөрлөг энэ сарын 5-6-нд үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.



Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
