...
...
Logo
Улс төр
•Sainjargal
•11-р сар 04

Ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүн Ж.Золжаргалаас Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ

Ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүн Ж.Золжаргалаас Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.11.04/ хуралдаан 14 цаг 43 минутад, 30 гишүүний 16 буюу 53.3 хувь нь хүрэлцэн ирснээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулсан. Энэ өдрийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Д.Батбаяр, Р.Батболд, Ж.Батсуурь, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар, П.Сайнзориг, Ч.Номин, Д.Пүрэвдаваа, Д.Цогтбаатар, Д.Энхтүвшин, Д.Үүрийнтуяа нар хүрэлцэн ирлээ.

Screenshot 2026-11-04 at 14.45.26.png

Байнгын хорооны даргын танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн эцсийн хувилбартай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т заасны дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, хэрэгжих хугацаа, байршилтай холбоотой залруулгыг хийх ажлын хэсгээс ирүүлсэн саналаар санал хураалт явуулсан.

Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

photo_2026-11-04_17-33-49.jpg

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10-т заасны дагуу “Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах шаардлагатай гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзээд, хуулийн төслийг Байнгын хороонд буцаасан. Иймд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгийг дахин явуулсан юм.

Энэ талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 396 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хуралдаж, ажлын хэсгээс гарсан санал тус бүрийг хэлэлцэж, олонхын саналаар дэмжигдсэн саналыг томьёолсон бөгөөд хууль зүйн техникийн болон найруулгын саналыг бэлтгэснийг онцоллоо.

photo_2026-11-04_17-33-50 (3).jpg

Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай асуулт асууж, хариулт авсны дараа ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс тогтоолын төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Тухайлбал, тогтоолын төслийн 1 дэх хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн үндсэн цалинг 2027 онд багтаан 2026 оны улсын дундаж нэрлэсэн цалингаас дээгүүр түвшинд тогтоох арга хэмжээний саналыг санхүүжүүлэх эх үүсвэрийн хамт боловсруулж, 2027 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах” гэсэн 5 дахь заалт, “Ахмад настны тухай хуульд заасан ахмадын сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зориулалтын дагуу зарцуулахтай холбоотой ажлыг эрчимжүүлж, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах” гэсэн 6 дахь заалт нэмэх ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь тус тус дэмжлээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Цогтбаатар нараас төслийн 1 дэх хэсэгт “Соёлын өвийг хадгалж, хамгаалж буй уламжлалт шашны байгууллагын газар ашиглалт, хамгаалалтыг дэмжих хүрээнд өвийн хадгалалт, хамгаалалтын зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа газрыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу газрын төлбөрөөс чөлөөлөх асуудлыг судалж, холбогдох хуулийн төслийг 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэсэн 7 дахь заалт нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь дэмжив.

photo_2026-11-04_17-33-52.jpg

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, С.Бямбацогт, Б.Жаргалан, Ж.Золжаргал, Г.Очирбат, А.Ундраа, М.Энхцэцэг нараас төслийн 1 дэх хэсэгт ““Эко өрх” хөтөлбөрийн хүрээнд иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор 2027 оны төсвийн жилээс эхлэн олгох орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн 20 хүртэлх хувийг бие даасан болон хэсэгчилсэн дэд бүтэц бүхий амины орон сууцны зээлд олгох” гэсэн 8 дахь заалт нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэн.

Иймд уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их хурлын гишүүн Д.Цогтбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

photo_2026-11-04_17-33-54.jpg

Хууль тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Хуралдаан Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Энэ талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 396 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хуралдаж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонх нь дэмжсэн саналыг хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусган, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гээд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтад заасны дагуу хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэл буюу Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд хууль хоорондын уялдааг хангаж, холбогдох саналыг бэлтгэсэн гэлээ.

photo_2026-11-04_17-33-50 (2).jpg

Ажлын хэсэг Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл, зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг Х.Ганхуяг гишүүн танилцуулгадаа онцлов.

Хууль тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар төрийн албан хаагчийн цалингийн зөрүүг арилгахад анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан асуудлыг ажлын хэсэг дордуулсан байгааг, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг төрөөс үнэгүйгээр цахим гарын үсэг олгосон байхад “Улаанбаатар дулаан дамжуулах төв” иргэдийг гурван аж ахуйн нэгжийн нэр зааж цахим гарын үсэг авахаар чирэгдэл учруулж буйг онцгойлон анхаарах шаардлагатай гэж байлаа.

photo_2026-11-04_17-33-49 (2).jpg

Ингээд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн талаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтад заасны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулсан. Тодруулбал, "Төслийг хууль санаачлагчид нь буцаах" саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжлээ.

Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их хурлын гишүүн Р.Батболд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

photo_2026-11-04_17-33-52 (2).jpg

Байнгын хорооны тогтоолын төслийг хаалттай хэлэлцлээ

Мөн өдрийн хуралдаанаар “Шинжээч томилох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдалд дүгнэлт гаргах шинжээч томилох тогтоолын төслийг хаалттай хэлэлцэх горимын санал гаргалаа. Уг горимыг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуралдаан хаалттайгаар үргэлжилсэн.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргалаас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргалаас нийслэлийн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын талаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ.

photo_2026-11-04_17-33-53.jpg

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцуулав. /асуулгын хариуг эндээс/

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нийслэлийн өмчит аж ахуйн нэгжүүд хувийн хэвшилтэйгээ шууд өрсөлддөг асуудлыг цэгцлэх, улмаар нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нь нийслэлийн өмчит аж ахуйн нэгжүүдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирлаар томилогддог асуудалд хяналт тавих асуудлыг хөндөж, санал хэлсэн.

photo_2026-11-04_17-33-55.jpg

Улсын Их Хурлын гишүүн Ж. Золжаргал Ерөнхий хяналтын сонсголын үр дүнд иргэдийн мэдэх эрхийг хангаснаас гадна бодлогын, зарчмын хэдэн зүйлд анхаарах хэрэгтэйг тодотгов. Тухайлбал, төсөв баталдаг, төсвийн зарцуулалтыг хянах үүрэгтэй хүмүүс өөрсдөө төсвөө захиран зарцуулах эрх аваад компанийн захирлаар ажиллах нь хуулийн дагуу хэдий ч агуулгаараа зөрчилтэй байна гээд, хуулийн зөрчлийн асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна гэлээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр хариултдаа Ж.Золжаргал гишүүн зарчмын зөв асуудал хөндсөн гээд, цаашид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, удирдлага, ялангуяа орон нутгийн өмч, түүний зарцуулалт, хяналттай холбоотой асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай гэдэгтэй санал нэг байгааг тодотгов.

photo_2026-11-04_17-33-53 (2).jpg

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргалын саналаар нийслэлийн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын талаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх санал гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

photo_2026-11-04_17-33-54 (2).jpg

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!