...
...
Улс төр
Sainjargal
9-р сар 15

ТЭНГЭРТ МАНДСАН ДАРГЫН ГАЗАРТ ГАГНАГДСАН УХААРАЛ

ТЭНГЭРТ МАНДСАН ДАРГЫН ГАЗАРТ ГАГНАГДСАН УХААРАЛ

 Асуудал байна. Ажил амьдралын зааг ялгаанд алдаа оноог хэлж, бичиж сурцгаая. Асуудал байсаар байхад асуудалгүй мэт магтаж, алдаа арвижсаар байхад оносон мэт магтан матарласаар олон жилийг үдэж, бид. Эргээд харахад энэ бүхэн худал хуурмаг, хий хоосон магтаал талархал улстөрчдийн тэмцэл зөрчлөөс илүүтэй улс орныг хөрсгүй, суурьгүй, бүр хүнгүй болгох нь. Тахин шүтэж дээдэлсэн цөөн даргын эрхшээлд үнэн өмчлөгдөж, худал халхлагдлаа. Талцал хуваагдлынх нь төлбөр талх тарианы өртгийг нэмсээр өөрийгөө ч өргөх хүч үлдэхгүй болох нь, олонхид нь. Энэ тухай бодох, бичих нь эрх чөлөөний илэрхийлэл нь үнэн бол эрх чөлөөтэй гар барьцгаая. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн 2025 оны намрын чуулганд хэлсэн үгийг сонслоо. Ухаж ойлгох гэж дахин уншлаа. Урагштай юм энэ улс оронд алга. Эдийн засаг, бизнесийн мега төслүүд болон “Хүн төвт” стратегийнх нь зорилтод хүн нь байсангүй. Байгаагүй гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ч өөрийн биеэр зарлалаа. Бүр нотоллоо. Нотолгоонд суурилсан түүний илтгэлээс цуглуулсан арван ишлэлийг уншицгаа.

 1. Монгол Улсын нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоо нь хуучин нийгмийн бүтэц дээрээ гацжээ.

 2. Өдгөө төрийн өмчит болон өмчийн оролцоотой компаниудын нийт хөрөнгө нь 59.4 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ийн 74.3 хувьтай тэнцэж байгаа боловч төсөвт төвлөрүүлэх ногдол ашг, өгөөч үлэмж доогуур байна.

 3. Орон нутгийн өмчийн 350 аж ахуйн нэгжийн зөвхөн 30 хувь нь 388 сая төгрөгийн ашигтай ажиллаж, 2023 онд ердөө нэг сая төгрөгийн ногдол ашиг хуваарилсан. Энэ байдал цааш үргэлжлэх ёсгүй.

4. Өнөөдөр нэг үйлдвэр барихад “есөн эрүү” тулгах мэт бичиг цаасны олон шат дамжлагатай байгаа нь бидний бодож санасан зүйлс үнэндээ ажил хэрэг болохгүй байгааг харуулж байна.

 5. Төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэлийг ганц нэг салбар төдийгөөр оромдож хийх бус төрийн байгууллагууд хоорондоо болон салбар дундын уялдаа холбоог углуургаар нь харж, системээр нь авч үзэх ёстойг тал талдаа бодож санаачилгатай ажиллах хэрэгтэй.

6. Багшийн цалин урамшууллыг уян хатан болгож, ажлын ачааллыг шударгаар үнэлэх, орчин нөхцөлийг шинэчлэх, ил тод, шударга үнэлгээний тогтолцоо бий болгох шаардлагатай. Багш ажлын байраа орхих байдал буурахгүй байна.

7. Өнөөдөр нэг ангид 70 хүүхэд сурч байгааг хараад төсөв байхгүй гэж шалтаглах эрх бидэнд байхгүй.

8. Монголын хүүхдүүдийн дунд Д аминдэмийн дутагдал өндөр, чихэрлэг хүнсний хэрэглээ их, сүү цагаан идээний хэрэглээ хангалтгүй байгаа нь тэдний эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байна.

9. Иргэдийн халааснаас гарах эрүүл мэндийн зардал нэмэгдэж, амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байна. Эмнэлгийн зардал байнга өсөж байна.

10. Хуулийн ерөнхийлөн боловсруулж, амин чухал асуудлыг нь журам руу “чулуудаж” байсан, товчхон хууль гаргах залхуу арга барил, авлига, дур зоргыг цэцэглуулж, амьдралд саад тодгор үүсгэж байна.

Энэ үгийг хэлсэнд нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд баяр хүргэе. Тэр үнэнийг олж харсан байна. Гэхдээ ийм болох хүртэл МАН-ыг удаа дараагийн сонгуульд ялуулж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын даргаар ажиллаж буйг нь мартаж эсвэл мартагдуулж болохгүй. Учир нь, энэ бол түүний удирдан бүтээсэн, удирдан бүтээлцсэн нийгэм. УИХ-ын сонгуульд барьж орсон гялгар, гялтгар амлалт, мөрийн хөтөлбөрийн тайлан оргүй хоосон байсныг тэрбээр өөрийн биеэр нотоллоо. Хүний нийгэм нь мега төслүүдийн ард гээгдэж хоцорсныг УИХ-ын дарга зарлалаа. Тэрбээр тэр дээр тэнгэрт тэтгэгдсэн ч газарт гагнадаж буйгаа ойлгосон нь энэ байв. Эрүүл мэндийн салбар болохгүй байна. Боловсрол болохгүй байна. Төрийн өмчит үйлдвэрийн газрууд болохгүй байна, хууль болохгүй байна, ерөөсөө төр болохгүй байна... Тэгээд болгооч. Болгохгүйгээр юу хийж байсан юм бэ... Хариулах уу... Гурван сая хүний эрх ашгийг гурвуулаа тойрч суугаад шийднэ гэж итгэсний тань гор шүү, Д.Амарбаясгалан дарга аа!

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!