...
...
Эдийн засаг
Sainjargal
8-р сар 27

Засгийн газрын ТӨГРӨГ НУУР, УХАА ХУДАГ хоёр ордын ХЭЛЭЛЦЭЭР НЭГ ЦЭГТ ОГТЛОЛЦОХ УУ

Засгийн газрын ТӨГРӨГ НУУР, УХАА ХУДАГ хоёр ордын ХЭЛЭЛЦЭЭР НЭГ ЦЭГТ ОГТЛОЛЦОХ УУ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсноос хойш Төгрөг нуурын нүүрсний орд төдийгүй стратегийн орд газруудтай хийх гүйцэтгэх засаглалын хэлэлцээрийн чимээ ул болж, нийгмийн шинэ чанартай реформын дуу хоолой нэмэгдэж байлаа. Харин өнөөдөр буюу 2025 оны наймдугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас Төгрөг нуурын нүүрсний орд газрын лицензийг төрийн мэдэлд авч, “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлсэн шийдвэр гаргасан нь чимээгүй хаалганы цаана өрнөж байсан улс төрийн тэмцлийн эхлэлийг тавив. Үндсэндээ МАН болон АН-ын даргын тухай чимээ хадааж, аль нэг фракцын эрхшээлд хөтлөгдөж байсан улс төрийн зөрчил Төгрөг нуур, Ухаа худаг гэсэн хоёр ордыг жишиж адилтгах шинэ хэмжүүртэй болсон нь сонирхолтой төдийгүй харууштай. Учир нь, хоёр ордын оноосон нэрнээс илүү хоёр эзний эрх ашиг эл сэдэвтэй хамт хөндөгдөх нь тодорхойн дээр Х.Баттулга уу, Ж.Оджаргал уу гэдэг хоёр сонголт ч хөврөх нь гарцаагүй.

Төгрөг нуурын орд газрын тухайд тэртээ социализмын үед төрийн мөнгөөр хайгуул хийж, 3.1 тэрбум тоннын хүрэн нүүрсний нөөцтэйг нь урьдчилсан судалгаагаар тогтоосон орд. Гагцхүү уг ордын лицензийг эзэмшигчид тодорхой бус шалтгаанаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгад шилжүүлж, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн эгчийнх нь хүргэн Хонконгийн Хөрөнгийн бирж дээр 250 сая ам.доллараар арилжсан тухай асуудал яригддаг. Гэхдээ энэ яриа тэртээ 2009 оноос хойш ордны хов гэдэг шиг ул дол болсон бол УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан, одоогийн Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал олны анхааралд оруулж, асуудлыг нь Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгсөн. Хачирхалтай нь эл үйл явдалтай давхцан Засгийн газар огцорч, Төгрөг нуурын орд газрын асуудлы өмнүүр нам гүмийн хөшиг татагдах нь тэр. Ингэж гацсан, саатсан, эргэсэн буцсан нь тодорхойгүй болсон Төгрөг нуурын ордын асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэж, ашиг орлогыг нь Хуримтлалын санд төвлөрүүлэх үүрэг өгсөн нь Үндэсний баялгийн сангийн хэрэгжилтийг хангах Ерөнхий сайд Г.Занданшатарын анхны үүрэг даалгавар болов.

Ингэж Төгрөг нуурын нүүрсний ордтой холбоотой Засгийн газрын шийдвэр нийгэмд дуулиан дэгдээхтэй зэрэгцэн “Тэгвэл одоо Ухаа худгийн нүүрсний ордоо ав” гэсэн нэн шинэ мессеж түгсэн нь “М-Си-Эс” группын ерөнхийлөгч Ж.Оджаргалын нүүдэл шийдлийг анхааран харж буй олны сонирхлыг ч давхар өдөөв. Тус ордын тухайд хууль бус, хууль ёсны гэсэн хоёр тайлбар дунд 20 жилийг үдэж буй ч аль хэдийнэ экспорт хийж, орон нутагтаа бараг л раойн дүүрэг байгуулж, сум суурин хөгжүүлэн, олон мянган залуусыг ажлын байраар хангачихсан яваа. Түүнчлэн Төгрөг нуураас ялгарах өөр нэг үзүүлэлт нь Монгол Улсын Засгийн газар тус группын мэдэлд байсан Тавантолгойн бүлэг ордын лицензийг шилжүүлэн авсныхаа төлбөрт Ухаа худгийг авсан явдал. Гэхдээ энэ нь тус ордыг ч, “М-СИ-ЭС” группыг ч хэлэлцээрт орохгүй, хэлэлцээ хийхгүй гэсэн үг бөгөөд гагцхүү тоглоомын дүрэм нь харилцан адилгүй байх тухай асуудал юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Г.Занданшатар ч, түүний тэргүүлж буй гүйцэтгэх засаглал ч “М-СИ-Эс”-тэй зөвшилцөж таарна. Харин Х.Баттулгатай бол үгүй. Учир нь, Төгрөг нуурыг тойргоос гаргасан хүн нь тэр өөрөө юм. Тодорхой хэлбэл, хэлэлцээрийн дүр огтлолцохгүй.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!