...
...
Logo
Улс төр
•Sainjargal
•11-р сар 09

АТГ-ын ахлах комиссар Н.ДАМДИНСҮРЭН: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үнэтэй машин, өндөр байшин зэрэгтэй нь тогтоогдоогүй тул үндэслэлгүйгээр гүтгэх асуудал үүсгэж болохгүй

АТГ-ын ахлах комиссар Н.ДАМДИНСҮРЭН: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үнэтэй машин, өндөр байшин зэрэгтэй нь тогтоогдоогүй тул үндэслэлгүйгээр гүтгэх асуудал үүсгэж болохгүй

Сүүлийн сар гаруйн хугацаанд хэвлэл мэдээлэл болон сошиал хуудаснаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хувийн үнэтэй хаустай, өндөр үнэтэй машины цуглуулгатай, оффис барилгатай зэрэг олон мэдээлэл түгэх болсон. Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар ч энэ талаар Канад улсаас удаа дараа лайв мэдээлэл хийх болсон бөгөөд тэрбээр “У.Хүрэлсүх ОГЦОР” гэсэн facebook сошиал хуудсыг ч нээн ажилллуулж байна. Мөн уг асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг хэвлэлийн бага хурал хийж, “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 1.2 тэрбум төгрөгөөр Бага тэнгэрт хаус захиалсан, авсан. “Илд хаан” гэдэг аялал жуулчлалын компанийн 58 хувийг эзэмшдэг. Бусад мэдээллийн тухайд үнэтэй машины цуглуулгагүй, хотын төвд оффис бариулаагүй” хэмээн мэдээллэсэн. Тэгвэл уг асуудлаар өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр АТГ-аас албан ёсоор мэдээлэл хийж, ахлах комиссар Н.Дамдинням “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгт нэр бүхий иргэдээс ирсэн мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулсан. Хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт шалгалт явуулахдаа Авлигатай тэмцэх газар зөвхөн өөрийнх нь ирүүлсэн тайлбар, мэдээллийг түшиглэж явуулдаггүй. Төрийн байгууллагын мэдээллийн сан, орлого зарлагын дансны хуулга, мэдүүлэг гаргагчийн өөрийн болон хамаарал бүхий иргэдийн дансны мэдээллийг таван жилээр нь авч шалгаж, нягталдаг. Тэрүүгээр бол нэр бүхий иргэдийн мэдээлээд байгаа шиг хувийн хаус хороолол, нисдэг тэрэг, олон тооны үнэтэй машины цуглуулга, оффисын өндөр барилга зэрэг нь тогтоогдоогүй. Тийм зүйл байхгүй ээ. Хэрвээ гэмт хэргийн шинжтэй, их хэмжээний орлого зарлага байсан бол тэр нь тухайн хүний санхүүгийн гүйлгээгээр тогтоогдоно. Тийм учраас Хөрөнгө орлогын мэдүүлгээр дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй учраас 2025 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтыг дуусгаж, тухайн гомдол гаргасан иргэнд хүргүүлж, шийдвэрлэсэн. Тийм учраас үүнд эргэлзэх, бусад байдлаар үндэслэлгүйгээр гүтгэх асуудал үүсгэж болохгүй” хэмээн мэдээллэв. Гэхдээ Хотын Засаг дарга бөгөөд Нийслэлийн МАН-ын дарга асан Х.Нямбаатарын хувьд тоочин өгүүлсэн хөрөнгө, хоббигоороо цуглуулсан гэх машин тэрэгний тухайд өрөөл бусдын нэр дээр байдаг гэдэг мэдээллийг удаа дараа хийж буйг мартаж болохгүй.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!