Н.Мандуулыг чөлөөлж, З.Төмөртөмөөг Чингэлтэй дүүргийн засаг даргаар томиллоо

Өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн ИТХ хуралдаж, Засаг дарга нараа чөлөөлсөн байна. Өнгөрсөн сард Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж, уг улс төрийн шийдвэрийг гаргасан бөгөөд дүүргийн ИТХ хуралдаж албажуулснаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуул, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр нар албанаасаа чөлөөлөгдсөн байна. Тэдний оронд буюу Чингэлтэй дүүргийн Засаг даргаар НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ундармаа томилогдсон байна.
Эл шийдвэрийн талаар мөн Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуул сошиал хуудсаараа дамжуулан "Миний бие өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тулгамдсан асуудлуудын үр дагавар бус суурь шалтгааныг шийдвэрлэх, богино хугацааны арга хэмжээнээс илүү урт хугацаанд үр өгөөжөө өгөх бодлого хэрэгжүүлэхийг зорьж ажиллалаа. Энэ хугацаанд дүүргийн удирдлага, баг хамт олонтойгоо эхлүүлсэн, хэрэгжүүлсэн, үр дүнд хүрсэн олон ажил бий. Онцлон дурдах нь өнөөдөр Чингэлтэй дүүрэг ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүчний бодит шийдлүүдийг хэрэгжүүлдэг дүүрэг болохоо батлан харуулж ахиц дэвшил гаргалаа. Утааг бууруулах ажлыг өрхийн дулаан алдагдлыг багасгахаас эхлүүлж, нүүрсний хэрэглээг орлох технологи, шийдлүүдийг нэвтрүүлэв. Боловсролын салбарт хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, хөгжлийг цогцоор нь авч үзсэн шинэ жишгийг хэрэгжүүлж эхэллээ. Мөн дэд бүтэц, нийтийн эзэмшлийн талбай, хог хаягдлын менежментийг сайжруулах замаар иргэдийн амьдрах орчинд бодит өөрчлөлт бий болгохын төлөө ажиллалаа. Эдгээр ажил нэг хүний бус, нэг зорилгын төлөө хамтран ажилласан баг, хамт олны хөдөлмөр, иргэдийн оролцоо, түнш байгууллагуудын дэмжлэгийн үр дүн юм. Хамтран зүтгэсэн хүн бүрд талархал илэрхийлье. Төрийн алба ээлж халаатай. Харин төрийн бодлого, түүний үр дүн залгамж үргэлжлэх учиртай. Эхлүүлсэн төсөл хөтөлбөрүүд маань цаашид үргэлжилж, илүү өргөн хүрээнд хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн мэдэгдлээ.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
