Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн тодотголын хоёр дахь, Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.07.01/ хуралдаанаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Тогтоолын төслийн талаар Шадар сайд С.Амарсайхан танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2024 онд 29 их наяд 670.8 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 30 их наяд 591.1 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2 их наяд 451.0 тэрбум төгрөгөөр сайжирч, 920.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан ба сүүлийн 3 жил дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж ажиллалаа.
Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харьяалагдах Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга, Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, 20 минут хот үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний үндэсний хорооны даргын багцын 196 төсөвт байгуулллага, 4 төсөл, сан, төрийн өмчийн 10 аж ахуй нэгж нийт 210 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан гэлээ.
Улсын төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 1 их наяд 327.8 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарч, үүнээс урсгал зардалд 937.7 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 390.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд тус байнгын хороонд харьяалагдах 5 төсвийн ерөнхийлөн захирагчийн 66 төсөл, арга хэмжээнд 300.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, гүйцэтгэл 66.5 хувийн биелэлттэй гарсан гэсэн мэдээллийг өглөө.
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын Их Хурлын даргын болон Монгол Улсын Ерөнхий сайдын, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөлийн дарга, Монгол Улсын сайд, 20 минутын хот үндэсний хорооны даргын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд дүгнэлт гаргасан талаар танилцуулав.
Үндэсний аудитын газраас төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн, чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулах зөвлөмжийг өгсөн байна. Мөн төсвийг зохистой удирдаагүйгээс авлага, өр төлбөр үүсгэсэн, тооцоо нийлж, актаар баталгаажуулаагүй, эзэн холбогдогч тодорхойгүй, хугацаа хэтэрсэн, найдваргүй болох эрсдэлтэй авлагыг барагдуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөмждөө тусгасан байна.
Түүнчлэн төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн зарцуулалт, худалдан авах, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа дахь эрсдэлийг бууруулж, дотоод аудитыг гүйцэтгэх, төсвийн ерөнхийлөн захирагчид худалдан авах ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах зөвлөмж өгчээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо.
Мөн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж, эдийн засгийн сорилт, хүндрэлийг даван туулахад төсвийн сахилга бат, үр ашигтай зарцуулалт онцгой чухал үүрэгтэй гээд тиймээс “Хэмнэлтийн тодотгол”-д бүх шатны төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хэмнэх зарчмыг баримталсныг онцолсон. Энэ хүрээнд бүх шатны төрийн байгууллагуудын тэвчиж болох зардал, бүх хөтөлбөр, арга хэмжээг зогсоох аж.
Цомхон, бүтээмжтэй төртэй байхын тулд төрийн албаны орон тоог 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд нийцүүлэн 9 хувиар бууруулахаар тооцжээ.
Мөн төсвийн байгууллагын тээвэр, шатахуун, дотоод албан томилолт, хичээл үйлдвэрлэлийн зардал, төрийн өндөр, дээд айлчлал болон өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах зардал, тавилга, эд хогшил худалдан авах, урсгал засвар хийх болон багаж техникийн зардал, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад олгодог татаасын зардал, байгууллагаас олгох нэг удаагийн болон бусад төрлийн тэтгэмж, урамшуулал, хөтөлбөр, арга хэмжээний зардал зэргийг хэмнэхээр тооцож холбогдох өөрчлөлтийг тодотголын төсөлд тусгасан хэмээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын багцын урсгал зардлыг 4.2 тэрбум төгрөг, хөрөнгийн зардлыг 305.9 сая төгрөг, нийт зардлыг 4.5 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын багцын хэмжээнд төрийн албан хаагчийн тоог 9 хувиар буюу 19 орон тоогоор бууруулж, 380 орон тоотой байхаар тооцсон байна.
Монгол Улсын Их Хурлын даргын төсвөөс урсгал зардлыг 8.2 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөж, багцын хэмжээнд 126 орон тоо буурч, 934 орон тоотой байхаар тооцсон байна. Улсын Их Хурлын Тамгын газрын даргын багц дахь УИХ гишүүдийн төсөв, Байнгын хороодын үйл ажиллагааны зардал, УИХ дахь намын бүлгийн үйл ажиллагааны зардлыг тус тус бууруулахгүй байхаар тооцжээ.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2025 оны батлагдсан төсвөөс нийт зардлыг 40.8 тэрбум төгрөг, хөрөнгийн зардлыг 1.1 сая төгрөг, нийт зардлыг 41.9 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөж, сайдын багцын хэмжээнд төрийн албан хаагчийн тоог 50 орон тоогоор бууруулан 537 орон тоотой байхаар тооцсон гэв.
Монгол Улсын Ерөнхий сайд төрийн чиг үүргийг оновчтой зохион байгуулж, цомхон, чадварлаг бүтцээр ажиллах зорилт тавьж зарим сайдын чиг үүргийг ойролцоо чиг үүрэг эрхэлдэг, харилцан уялдаа бүхий үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа бусад сайдын эрхлэх асуудалд шилжүүлэх болсонтой холбогдуулан төсвийн тодотголын төсөлд зарим өөрчлөлтийг тусгажээ. Тухайлбал, хилийн бүс дэх тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, хилийн боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг Сангийн сайдын чиг үүрэгт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын чиг үүрэгт, 20 минутын хотын хөгжлийн асуудлыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын чиг үүрэгт тус тус шилжүүлж холбогдох төсвийн өөрчлөлтийг хийсэн байна.
Чиг үүргийн өөрчлөлттэй холбогдуулан Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын ажлын алба, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргын ажлын алба, Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргын ажлын албыг тус тус татан буулгахаар тооцон зардлыг бууруулжээ.
Мөн Үндсэн хуулийн Цэц, Шадар сайд, Төрийн албаны зөвлөл, Сонгуулийн ерөнхий хорооны даргын багцын төсвийг хэрхэн бууруулахаар тусгасан талаар мэдээлсэн.
Ийнхүү 2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3 их наяд 260 тэрбум төгрөгөөр бууруулж, 30 их наяд 209.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг 1 их наяд 856.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 31 их наяд 575.1 тэрбум төгрөгт хүргэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их наяд 365.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувийн алдагдалтай болж байна гэж Сангийн сайд тодотгосон юм.
Үндэсний аудитын газраас уул уурхайн салбарын орлого гадаад зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч тодорхой бус эрсдэлтэй байгаа учир уул уурхайн бус орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах, татварын хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах, хураалт, үйлчилгээг сайжруулахад анхаарч ажиллах зөвлөмжийг өгсөн хэмээн Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулсан.
Тэрбээр, төрийн албан хаагчдын тоог чиг үүргийн давхардал, ажлын байрны ачаалалд бүрэн шинжилгээ хийлгүйгээр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарын орон тоог жигд 9 хувиар бууруулахаар тооцсон нь төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг бууруулж болзошгүй. Иймд төсвийн ерөнхийлөн захирагчид өөрийн хариуцсан салбартаа чиг үүргийн шинжилгээ, ажлын байрны ба бүтээмжийн үнэлгээг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг оновчтой хуваарилах зорилгоор харьяа байгууллагуудын орон тоонд зохицуулалт хийх боломжийг олгох асуудлыг судлаж үзэхийг зөвлөмждөө тусгасан хэмээлээ.
Үндэсний аудитын газар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн байна.
Төсвийн тодотголын танилцуулга болон аудитын дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, энэ жил зуншлага муу, ихэнх аймгийн нутаг хуурайшил ихтэй байна. Олон газар түймэр гарлаа. Төсвийн тодотголоор онцгой байдлын албаны үйл ажиллагааны зардлыг хассан уу. Алба хаагчдын хэвийн ажиллах нөхцөл хангагдсан уу хэмээн лавласан.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Өнөөдөр улсын хэмжээнд нэг түймэртэй байна. 2025 он гарсаар нийт 144 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн. Энэ түймрийн 30 гаруй хувь нь Сэлэнгэ аймгийн нутагт гарчээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал ойн түймэр 75 хувиар, хээрийн түймэр 17 орчим хувиар өссөн байна. Ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар 68.300 орчим га ойн талбай, хээрийн 570 орчим мянган га талбай өртсөн. Урьдчилсан байдлаар зургаа орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Түймэр унтраах ажиллагаанд онцгой байдлын байгууллагаас давхардсан тоогоор 2900 гаруй албан хаагч, хилийн цэрэг, цагдаа, зэвсэгт хүчин, орон нутгийн мэргэжлийн анги, иргэд нийлээд 7700 гаруй хүн, 1200 гаруй автомашин, 3 нисдэг тэрэгтэйгээр ажиллалаа. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд нэг түймрийг унтраахаар ажиллаж байна. Тус аймгийн Мандал, Хүдэр, Алтанбулаг суманд гарсан түймрийг цурманд оруулсан. Онцгой байдлын байгууллагын төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар УИХ, Засгийн газар онцгойлон анхаарсаар ирсэн. Тэгэхдээ бидэнд хэрэгцээ шаардлага байсаар байна. Цаг агаарын хуурайшилтай үед нийслэл, бусад говийн аймаг, зүүн бүсийн аймгуудын хүч хэрэгслийг бүгдийг нь татаж оролцуулж байгаа. Цаашдаа үе шаттайгаар хүн хүчний тоо, техник, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх асуудал чухал байгаа. Төрийн хэмнэлтийн горим мөрдөгдөж байгаа учраас орон тоогоо 9 хувиар бууруулах, тэгэхдээ аль болохоор гал унтраах анги салбараас бус дунд түвшний мэргэжилтнүүдийн хүрээнд дотооддоо зохицуулалт хийхээр ярилцаж байна гэсэн хариулт өгсөн.
Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж, Онцгой байдлын байгууллагын төсөв тодотголоор 26.8 тэрбум төгрөгөөр буурсан. Энэ нь төрийн албан хаагчдын орон тоог 9 хувь бууруулахтай холбоотой зардал байна. Онцгой байдлын байгууллагын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын хэрэгжүүлэх стратеги, бусад асуудлыг маш сайн ойлгож байгаа гэлээ.
Төсвийн тодотголтой холбогдуулан УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд төслийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 3 гишүүн санаачлан боловсруулж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн санаачлан боловсруулж, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 26 гишүүн санаачлан боловсруулж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-эрдэнэ нарын 10 гишүүн санаачлан боловсруулж, 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын 9 гишүүн санаачлан боловсруулж, 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нарын 20 гишүүн санаачлан боловсруулж, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг 2025 оны 6 дугаар сарын 23, 25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.26-т “Нэг асуудлаар 2 ба түүнээс дээш хуулийн төсөл өргөн мэдүүлсэн бөгөөд хууль санаачлагчид нь нэгтгэн хэлэлцэхийг зөвшөөрсөн бол Байнгын хороо тэдгээрийг анхны хэлэлцүүлгийн шатанд нэгтгэн 1 төсөл болгож Байнгын хорооны санал, дүгнэлтийн хамтаар ... нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг үндэслэн дээр дурдсан гишүүдээс санаачлан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн Байнгын хороо болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 288 дугаар захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Н.Алтаншагай, П.Сайнзориг, Г.Уянгахишиг, Ө.Шижир нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
Тус ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар Байнгын хороонд танилцуулга хийлээ. Ажлын хэсэг 2025 оны 06 дугаар сарын 29, 30, 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд хуралдсан бөгөөд хуралдаанд хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, О.Цогтгэрэл, Б.Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, Х.Булгантуяа нарын хуулийн төслийн талаарх танилцуулгыг сонсож, Ажлын хэсгийн гишүүд хууль санаачлагчдаас асуулт асууж, хариулт авсан гэлээ.
Хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, О.Цогтгэрэл, Б.Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, Х.Булгантуяа нараас Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд ажлын хэсгийн хуралдаанаар хуулийн төслүүдийг нэгтгэн Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлэгт бэлтгэхийг дэмжих асуудлаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн хэмээсэн.
Ажлын хэсэг нэгтгэсэн төсөлд Агаар, орчны бохирдлын дэд хорооны эрхлэх асуудлыг хоёр төсөлд буюу Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн төслүүдэд агуулга нь адилхан ч томьёолол зөрүүтэй байсныг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын гишүүдийн төслөөр нэгтгэсэн аж. Мөн хууль санаачлагчид хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг ялгаатайгаар өргөн мэдүүлсэн асуудлыг хэлэлцээд нэгтгэсэн төсөлд батлагдсан өдрөөс дагаж мөрдөхөөр тусгасан байна.
Ажлын хэсгийн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэж, зарчмын зөрүүтэй 17 саналын томьёолол боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр танилцуулсан юм.
Мөн хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Болормаа, Ёс зүй, дэгийн байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг УИХ-ын гишүүн Г.Очирбат танилцуулсан.
Нэгтгэсэн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцэн ажлын хэсгээс болон УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Байнгын хороо мөн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.
Хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэх горимын саналыг УИХ-ын гишүүн Э.Одбаяр гаргасан. Энэхүү саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!