...
...
Logo
Улс төр
•Sainjargal
•11-р сар 21

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 43 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 43 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Гэрээ соёрхон батлах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд болон “Хуулийн төсөл буцаах тухай”, ““Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2023 оны 117 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, “Чиглэл өгөх тухай”, “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолууд болон Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг нийтэлсэнтэй тус тус дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, Гэрээ соёрхон батлах тухай хуулиар Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-г Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан. Харин Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, шинээр орд газруудыг нээн илрүүлэх, улс үндэснийхээ эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, орд газруудыг эргэлтэд оруулах, хөрөнгө оруулалт татах эрх зүйн таатай орчин бүрдэх бөгөөд Монгол Улс “Чухал ашигт малтмал”-ын бодлогоо тодорхойлж, олон улсад танилцуулан, энэ төрлийн ашигт малтмалын судалгааг гүнзгийрүүлж, гадаадын хөрөнгө оруулалт татах, технологийн дэвшлийг нутагшуулах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бусад орнуудын зорилтод хувь нэмрээ оруулах, хүний нөөцийн чадавхаа бэхжүүлэх боломж нээгдэх юм. Мөн баяжуулах үйлдвэрийн тусгай зөвшөөрөл олгох, баяжуулалтын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой харилцааг хуульчилж, геологи, уул уурхайн үйл ажиллагааны төлөвлөлт, хяналтад шаардлагатай хэмжилт, зураглалын ажлыг гүйцэтгэх маркшейдерийн үйл ажиллагаа эрхлэгчийн эрх зүйн орчныг тодорхой болгоно. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал баяжуулах үйл ажиллагаа эрхэлж байгаа бичил уурхай эрхлэгчдийг салбарын эрх зүйн зохицуулалтад хамруулж, хууль бус олборлолтыг таслан зогсоох, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нөхцөл бүрдэх юм. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тус хуулийн 6 дугаар зүйлд “6.4.Гомдлыг хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээд өөрөө, эсхүл түүний гэр бүлийн аль нэг гишүүн, эсхүл хууль ёсны төлөөлөгч гаргасан тохиолдолд энэ тухайгаа нотлох баримт сэлт гаргаж өгөх үүрэг хүлээхгүй.” гэсэн хэсэг нэмсэн байна.

“Хуулийн төсөл буцаах тухай” тогтоолоор Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр УИХ-д Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлах саналыг УИХ-ын нийт гишүүний олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаажээ. Мөн “Чиглэл өгөх тухай” тогтоолоор “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт /2008 оноос хойших хугацаанд/ төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. Үүнд: 1/хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008-2025 онд олгосон дэмжлэг, урамшууллын мэдээлэлтэй холбогдуулан ирүүлсэн анхан шатны баримтын хүрээнд тооцоолсон дүн болон салбарын яамны танилцуулсан дүнгийн зөрүүг тулган нягталж, үр дүнг танилцуулах; 2/хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгосон нийт дэмжлэг, урамшууллын мэдээллийг иргэн, хуулийн этгээд, санхүүжилтийн эх үүсвэр, хөтөлбөр, он, хэмжээ, үр дүнгээр бүртгэсэн нэгдсэн цахим бүртгэлийн санг холбогдох бусад байгууллагын мэдээллийн сантай уялдуулан, хууль тогтоомжийн хүрээнд тухай бүр олон нийтэд нээлттэй байршуулах; 3/хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал тус бүрээр суурь болон зорилтот түвшин, хүрэх үр дүн, хэмжих шалгуур үзүүлэлт, хэрэгжүүлэх хугацааг тогтоож, хэрэгжилтийг үе шаттайгаар зохион байгуулах зэрэг юм.

Харин “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолоор Засгийн газарт дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгажээ. Үүнд: 1/Их Монгол Улсын түүхэнд хамаарах үйл явдал, холбогдох түүх, соёлын дурсгалт газрыг шинээр олж тогтоох, хамгаалах, нөхөн сэргээх, энэ чиглэлээр хийгдэж байгаа эрдэм шинжилгээний бүтээлүүдийг дэмжих, хэвлэн нийтлэх, сурталчлах ажлыг эрчимжүүлэх; 2/Их Эзэн Чингис хааны үйл хэрэг, Их Монгол Улсын үүсэл, хөгжлийн бичмэл эх сурвалж, түүх, археологи, угсаатны зүйн судалгааны бүтээлүүдийг хэвлэн нийтлэх, урлаг, соёлын бүтээлийг дэмжих, гадаадын зарим улс орнуудад хадгалагдаж байгаа бичмэл эх сурвалжийг олж тогтоох, тэдгээрийн эх хувь, хуулбарыг эх орондоо татаж авах, Монгол Улсын түүхийн сан хөмрөгт бүртгэж, шинжлэх ухаан, судалгааны эргэлтэд оруулах арга хэмжээ авах; 3/Их Эзэн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн бараа бүтээгдэхүүний онцгой албан татварын тодорхой хувиар санхүүжих тусгай сан байгуулах, түүний хөрөнгөөр Их Эзэн Чингис хааны нэр төр, үйл хэрэг, Их Монгол Улсын түүхийг хамгаалан, сурталчлах үйл ажиллагааг санхүүжүүлэх тухай санал боловсруулж, Улсын Их Хуралд танилцуулах; 4/Их Эзэн Чингис хааны түүх, Монгол Улсын төрт ёсны өв, Монгол төрийн үүсэл, хөгжил болон тэдгээртэй холбоотой ном, түүх, археологи, угсаатны зүйн судалгааны бүтээл, кино, урлаг, соёлын арга хэмжээ, үйл ажиллагаанаас олох орлогыг татвараас чөлөөлөх тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 5/Их Эзэн Чингис хааны нэр төр, эш хөрөг, гэрэгэ, Монголын нууц товчоо, Их Монгол Улсын бэлгэдэлд хамаарах зүйлсийг ашиглах асуудлыг журамлах, Их Эзэн Чингис хааны эш хөргийг согтууруулах ундааны болон тамхины сав, баглаа, боодолд аливаа төрлөөр ашиглахыг хориглох тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ажээ хэмээн УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!