...
...
Logo
Эдийн засаг
•Sainjargal
•11-р сар 18

АНТАЛЬЯГИЙН САНААЧИЛГЫГ МОНГОЛ УЛС БҮРЭН ДЭМЖИНЭ

АНТАЛЬЯГИЙН САНААЧИЛГЫГ МОНГОЛ УЛС БҮРЭН ДЭМЖИНЭ

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал БНТУ-ын Анталья хотноо болж байна. Ой, хээрийн түймрийн нэгдсэн менежмент болон түймэрт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх технологи, инновацын асуудлаарх дэлхийн өндөр түвшний хэлэлцүүлэгт БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир оролцож, Монгол Улсын байр суурь, хэтийн төлөвлөгөө, цаашдын зорилгын талаар байр сууриа илэрхийллээ.

Тус өндөр түвшний хэлэлцүүлгийг COP31 хурлын даргалагч улс болох БНТУ Бразил Улс, БНСУ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын дэргэдэх Дэлхийн түймрийн менежментийн төв (Fire Hub), Ой ба уур амьсгалын манлайлагчдын түншлэл (FCLP)-тэй хамтран 2026 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулсан юм.

Турк Улсад 2021 онд ой, хээрийн түймэр гарсны улмаас их хэмжээний хохирол учирсан тул дэвшилтэт технологид суурилсан түймрийн нэгдсэн менежментийг улсын хэмжээнд цогцоор нь хэрэгжүүлсэн.Ингэснээр 2026 оны байдлаар гал унтраах 27 онгоц, 105 нисдэг тэрэг, нисгэгчгүй нисэх 14 төхөөрөмж, 6,000 орчим газрын тээврийн хэрэгсэл ашиглаж байгаа бол 25,000 гаруй гал сөнөөгч 776 ажиглалтын цамхаг болон хиймэл оюун ухаанд суурилсан эрт илрүүлэх системийн тусламжтайгаар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Энэхүү туршлагыг дэлхийн улс орнууд хэрэгжүүлж, нэвтрүүлснээр ой, хээрийн түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, дахин эрсдэл үүсэхээс хамгаалах, гарсан түймрийг хохирол багатай даван туулах боломжийг бүрдүүлнэ гэдгийг Турк Улсын талаас онцоллоо. 

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир илтгэлдээ "Ой, хээрийн түймрийн эрсдэлийг бууруулах, түймрийг шуурхай таслан зогсооход улс орнуудын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй”-г онцоллоо.

Тэрбээр “2026 оны аравдугаар сарын 8-нд Дорнод аймгийн Нөмрөгийн Дархан цаазат газарт эхэлсэн түймэр тусгай хамгаалалттай газрын нийт талбайн 76 гаруй хувийг хамарсан нь ой, хээрийн түймэр ямар их хохирол учруулдгийг дахин сануулсан юм. Тиймээс энэхүү сургамжид үндэслэн Монгол Улс олон улсын хамтын ажиллагааг дараах гурван чиглэлээр бэхжүүлэх нь чухал гэж үзэж байна.

Нэгдүгээрт, хиймэл дагуулын ажиглалт, зайнаас тандан судалгаа, газар дээрх хяналт, цаг агаарын мэдээллийг уялдуулан түймрийн эрсдэлийг урьдчилан тооцох, эрт илрүүлэх, шуурхай мэдээлэх чадавхыг бэхжүүлэх,

Хоёрдугаарт, ОХУ, БНХАУ зэрэг хөрш орнуудтай түймрийн эрсдэлийн чиглэлээр хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах байнгын механизмыг бүрдүүлэх,

Гуравдугаарт, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, орон нутгийн иргэд, малчдын уламжлалт мэдлэгийг орчин үеийн технологи, олон улсын туршлагатай хослуулах шаардлагатай. Монгол Улс энэ чиглэлээр бусад улс орон, олон улсын байгууллагатай туршлага, технологи солилцож, хамтарсан санаачилгыг бодит ажил хэрэг болгоход бэлэн байна. Тиймдээ ч Ой, хээрийн түймрийн нэгдсэн менежментийн Анатальяагийн санаачилгыг бүрэн дэмжинэ” гэлээ. 

Ой, хээрийн түймэр нь дэлхийн хэмжээнд улирлын чанартай бус, харин жилийн турш үргэлжилдэг, хил дамнасан, системийн шинжтэй ноцтой эрсдэлд тооцогдох болоод байна. Түймэр нь хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлэх, цэвэр ус зэрэг экосистемийн амин чухал үйлчилгээнд сөргөөр нөлөөлөх, газрын доройтлыг бий болгох замаар уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар төдийгүй түүнийг улам эрчимжүүлэгч хүчин зүйл болж байна.

Тиймээс энэхүү сорилтод хариу үзүүлэх төрийн манлайлал, хамтын ажиллагааны эрч хүчийг улам нэмэгдүүлэх шаардлагатайг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын дэргэдэх Дэлхийн түймрийн менежментийн төвөөс онцгойлон уриалсан юм.

Түймэрт тэсвэртэй байдлыг бий болгохын тулд  түймэр унтраах хариу арга хэмжээнээс урьдчилан сэргийлэхэд төвлөрсөн, нэгдсэн менежментийн арга барилд шилжих шаардлагатай. Үүнд зохистой зохицуулалт, технологи, инновац чухал үүрэгтэй гэдэгт дэлхийн улс орнууд санал нэгдэж байлаа.

Ой, хээрийн түймрийн нэгдсэн менежмент болон түймэрт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх технологи, инновацын асуудлаарх дэлхийн өндөр түвшний хэлэлцүүлэг нь COP31 хурлын томоохон арга хэмжээний нэг юм. Ой, хээрийн түймрийн нэгдсэн менежментийн Антальягийн санаачилгыг албан ёсоор эхлүүлнэ. Энэ нь улс орнуудын санаачилга, сайн дурын үндсэн дээр хэрэгжих бөгөөд улс төрийн түвшинд гаргасан амлалтуудыг бодит ажил хэрэг болгох, хамтын ажиллагааг өргөжүүлэн хэрэгжүүлэхэд чиглэх юм.

Уг санаачилгыг COP31 бага хурлыг даргалагч Турк Улсын Засгийн газар манлайлж, Бразил болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хамтран удирдана.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!