Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн худалдан авах үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг боллоо

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал (2006-2026) сэдэвт ерөнхий хяналтын сонсгол ирэх сарын 15-16-ны өдрүүдэд болно. Энэхүү сонсголын бэлтгэл ажлын хүрээнд “Төрийн худалдан авах ажиллагаа (2006-2026 он)” сэдэвт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна.
Өнөөдрийн (2026.11.18) хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар ажиллалаа. Тэрбээр, өнгөрсөн 20 жилийн хугацаанд хэрэгжсэн төрийн худалдан авах ажиллагааны баримт мэдээлэлд дүн шинжилгээ хийж, хууль тогтоомжийн хэрэгжилт, гарсан алдаа дутагдал, хариуцлагын асуудлыг бодитойгоор үнэлэхээр ажиллаж байгааг дурдаад, олон нийтийг мэдээллээр хангах зорилготой энэхүү хэлэлцүүлгийн дүгнэлтийг Ерөнхий хяналтын сонсголд танилцуулна гэв.
Монгол Улсад бүртгэлтэй 261 мянга гаруй аж ахуйн нэгжээс 1000 гаруй нь төрийн тендерт идэвхтэй оролцдог талаарх баримтыг Б.Баярбаатар гишүүн тодотгоод “Зах зээлийн багтаамжийн хувьд 2025 оны байдлаар төрийн тендерийн зах зээлд эргэлдэж буй хөрөнгө нь олон их наядаар хэмжигдэхүйц дүнтэй байгаа. Тендерийн тооны хувьд 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй 20 мянга орчим тендер, 20 сая төгрөгөөс доош үнийн дүнтэй 16 мянга орчим худалдан авалт байна. Нийт тендерийн 80 хувийг 500 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй тендер эзэлж байгаа бөгөөд жилдээ 10 орчим тендерт оролцдог 6800 орчим компани байна. Харин жилд 10-аас дээш удаа тогтмол оролцдог 1100 орчим аж ахуйн нэгж байна” хэмээн мэдээлэл танилцуулсан.

Монгол Улсын Их Хурал хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүргийнхээ хүрээнд тодорхой сэдвийн хүрээнд Түр хороо, Хянан шалгах түр хороодыг байгуулан ажилладаг болохыг хэлэлцүүлэгт оролцогчдод мэдээлсэн. Энэ хүрээнд Улсын Их Хурлын 37 гишүүний санаачилгаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал (2006-2026) сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг ирэх сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байгааг, түүнчлэн П.Сайнзориг нарын Улсын Их Хурлын 27 гишүүний боловсруулж, өргөн мэдүүлсэн Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа талаар мэдээлэл өгөв.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт нийт 19 төрийн байгууллага, 7 төрийн бус байгууллага, төрийн өмчийн оролцоотой 34 аж ахуйн нэгжийн төлөөлөл, 11 иргэн оролцсон юм.

Үндсэн дөрвөн мэдээллийг танилцуулсан бөгөөд эхлээд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2006-2026 оны төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд хийсэн дүгнэлт, цаашид авах арга хэмжээний талаарх саналаа танилцуулав. Худалдан авах ажиллагаанд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын оролцооны талаар танилцуулахдаа 2016 онд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байгуулагдахдаа худалдан авах ажиллагааны хариуцсан нэгжтэй байхаар зохион байгуулжээ. Улмаар 2019 онд Төрийн худалдан авах ажиллагааны газрыг байгуулснаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар худалдан авах ажиллагаатай холбоотой чиг үүргээ тус агентлагт шилжүүлсэн гэв. Тэрбээр энэхүү танилцуулж буй мэдээллийг 2017 оноос хойших буюу цахим сангийн өгөгдөлд тулгуурлан нэгтгэсэн гэдгээ онцоллоо. 2017 оноос өмнөх баримтууд цахим санд ороогүй байгааг тайлбарласан. 2017-2026 оны хооронд нийтдээ 49236 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлжээ. Эдгээрийн нийт төсөвт өртөг нь 73.8 их наяд төгрөг, тухайн жилдээ санхүүжүүлсэн өртөг нь 41.1 их наяд төгрөг, гэрээ байгуулсан дүн нь 30.5 их наяд төгрөг аж. Хамрагдаж буй 10 жилийн гүйцэтгэлийн дундаж нь хангалтгүй буюу 41.38 хувьтай гарсныг Б.Цэнгэл дарга танилцууллаа. Үргэлжлүүлэн тэрбээр тухайн хугацааны төрийн худалдан авах ажиллагаанд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын оролцооны талаарх мэдээлэл, баримтыг танилцуулсан юм. Түүнчлэн худалдан авах ажиллагааны өндөр гүйцэтгэлийн дүнтэй аж ахуйн нэгжүүдийн талаар мэдээлэл өгөв. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголросцветмет” ХХК, Дулааны IV цахилгаан станц болон бусад станц хамгийн том худалдан авалт хийдэг гэлээ.

Төрийн өмчит 83 компанийн 2026 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний талаар мэдээлэл танилцуулсан. Энэ хүрээнд нийтдээ 11.3 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 5734 арга хэмжээний тухай жилд санхүүжих дүн нь 6.5 их наяд төгрөг юм байна. Төсвийн ерөнхийлөн захирагчид тухайн төрийн өмчит компанийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэгч этгээдээр хөрөнгө оруулалтын төлөвлөгөө буюу худалдан авалтын төлөвлөгөөгөө батлуулдаг байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хувьд ихэнх нь улсын үйлдвэрийн газар статустай, харьяа 20 гаруй байгууллагынхаа батлагдсан төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулж, зохих хяналт, шалгалтыг хэрэгжүүлдэг байна. Сүүлийн 10 жилийн хугацааны хяналт, шалгалтын явцад батлагдсан төлөвлөгөөнд тусгагдаагүй арга хэмжээг санхүүжүүлсэн, эсхүл худалдан авсан зөрчил зонхилж байгаа гэлээ. Иймд тухай бүр нь холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаагийн үр дүнд жил ирэх тутам зөрчлийн тоо, мөнгөн дүн буурч байгааг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга танилцуулж байв.
Мэдээллийнхээ төгсгөлд Б.Цэнгэл дарга ирэх оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийн талаар болон хэрэгжилтийг хангах хүрээний бэлтгэл ажлын талаар танилцуулсан.

Дараа нь “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай тус компани болон харьяа хуулийн этгээдүүдийн худалдан авах ажиллааны талаар мэдээлэл танилцууллаа. “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК 2007 онд байгуулагдсан бөгөөд түүнээс хойш холбогдох шийдвэрийн дагуу хуулийн этгээдүүд харьяалалд шилжжээ. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниудыг нэгдлийн зарчмаар ажиллуулах, нэгдлийн бүрэлдэхүүн компаниудыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүргийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” компани гүйцэтгэдэг байна. Нэгдлийн бүрэлдэхүүнд алт, мөнгө, зэс, нүүрс, хүдэр зэрэг ашигт малтмалыг хайх, олборлох, баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 31 компани харьяалагддаг аж.
Тус нэгдэл нь иргэдэд байгалийн баялгийн үр өгөөжийг хүртээх хүрээнд төсөвт татвар, хураамжийг төвлөрүүлэх, Орон нутгийн хөгжлийн санд зохих хувийг хуваарилах ажлыг зохион байгуулдаг байна. Долоо хоногийн өмнө энэ жилийн 1 их наяд төгрөгийг төсөв рүү шилжүүлсэн болохыг Б.Даваадалай захирал мэдээллээ. Тус нэгдэл нь Үндэсний баялгийн санд 1.5 их наяд төгрөг төвлөрүүлсэн бол ногдол ашигт 1 их наяд төгрөгийг хуваарилжээ. Ирэх 2027 онд 3.5 их наяд төгрөгт хүргэх зорилт тавиад байгаа гэв.

Худалдан авах ажиллагааны тухайд толгой компани, харьяа компани ялгаатай байдаг байна. Толгой компани ерөнхий стратеги, бизнес төлөвлөгөөг баталж, аудит оруулж, үр дүнг хянадаг байна. Захиалагч өөрөө худалдан авалтыг хийх, эсвэл Төрийн худалдан авах газарт шилжүүлж болдог гэлээ. Уул уурхайн салбарын худалдан авалт нь олон жил үргэлжилдэг, өндөр дүнтэй гэрээ байгуулдагаараа онцлогтой. Хайгуул, техникийн бүтээмжийн эрсдэл ихтэй, баяжуулалтаас эхлээд нэмүү өртөг бүтээхтэй холбоотой олон төрлийн худалдан авалт, улмаар сэлбэг, түлш, дэд бүтэцтэй холбоотой шийдвэр, шийдлүүд багтдаг салбарын худалдан авалтын онцлогийг тооцох шаардлагатайг Б.Даваадалай дарга мэдээллийнхээ эхэнд танилцууллаа. Өнөөдрийн хэлэлцүүлэгт танилцуулахад зориулан мэдээлэл, баримтыг цуглуулсан талаарх тайлбараа хэлээд, тус нэгдэл өнгөрсөн хугацаанд 37.5 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн гэдэг дүнг танилцууллаа. Дийлэнх худалдан авалт 2018 оноос хийгдсэн болохыг тодотгоод, тэр дундаа Тавантолгой компанийн үйлдвэрлэлийн өргөтгөлтэй холбоотой худалдан авалтуудын дүнд өртөгт огцом өөрчлөлт орсон болохыг тайлбарлаж байлаа. Давхардсан тоогоор 29418 аж ахуйн нэгжээс худалдан авалт хийсний 73 хувь нь нээлттэй тендерээр авсан байна. Нийт худалдан авалтын 91 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хийжээ. Тодруулбал, нийт худалдан авалтын 56 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, 36 хувийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, 2 хувийг “Монголросцветмет” ТӨҮГ, мөн хувийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр, 1 хувийг “Багануур” ХК, үлдсэн 3 хувийг бусад 9 компани хийжээ. Гэрээт олборлолт, хөрс хуулалт, тэсэлгээ зэрэг үйлчилгээний худалдан авалт дийлэнх буюу 49 хувийн худалдан авалтыг эзэлж байгаа бол барилга, угсралт, засварын үйлчилгээ, бараа, ажил 9 хувь, түлш, тосолгооны чиглэлийн худалдан авалт 8 хувь, сэлбэг, эд ангийн худалдан авалт 6 хувь, машин, тоног төхөөрөмжийн худалдан авалт 5.5 хувь, химийн урвалж, бодисын худалдан авалт 3.4 хувийг эзэлж байгаа гэх дүнг танилцуулсан. Холбогдох хууль тогтоомж, баримт бичгийн дагуу эдгээр худалдан авалтын 73 хувь нь нээлттэй тендер шалгаруулалтаар явагдсан бөгөөд үлдсэн хувийн задаргаа, тайлбар, холбогдох эрх зүйн орчны талаар Б.Даваадалай захирал танилцууллаа. Үргэлжлүүлэн тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, бусад компанийн худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн задаргаа, баримтыг дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн толгой компанийн худалдан авалтын талаар мэдээлэл өгөв. Байгуулагдсанаас хойш 19 жилийн хугацаанд 229 гэрээний хүрээнд 152 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Гол худалдан авалт нь хайгуулын зардал болохыг тайлбарласан.
Үргэлжлүүлэн тэрбээр тус нэгдлийн тендертэй холбоотой гомдлын талаар танилцууллаа. 2018-2026 онд 1500 орчим гомдол Сангийн яаманд бүртгэгдсэн бөгөөд 50 хувь нь үндэслэлтэй хэмээн дүгнэгджээ.Үүний учир шалтгаан, бусад улсын жишиг, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа дэлгэрэнгүй танилцуулсан.

Хэлэлцүүлгийн гурав дахь мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөл танилцуулав. Тус Зөвлөлийн гишүүн Ч.Баянжаргал худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл танилцууллаа.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 89 шүүхэд 542 шүүгч ажиллаж байгаа юм байна. Үүнээс анхан шатны 61 шүүхэд 392, давж заалдах шатны 27 шүүхэд 127, Улсын дээд шүүхэд 23 шүүгч ажиллаж байгаа аж. Сүүлийн 20 жилд бүх шатны шүүх нийт 1.9 сая орчим хэрэг хүлээн авч, 1.38 сая гаруй хэргийг шийдвэрлэсэн бөгөөд үүнээс худалдан авах ажиллагаатай холбоотой 1841 хэрэг шийдвэрлэгдсэн нь нийт хэргийн 0.1 хувь аж. Хэргийг төрлөөр нь авч үзвэл эрүүгийн 253170 хэргийн 87 нь худалдан авах ажиллагаатай холбоотой, иргэний 1.07 сая орчим хэргийн 100 нь худалдан авах ажиллагаатай холбоотой, захиргааны 49662 хэргийн 1654 нь худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэг байжээ.

Худалдан авах ажиллагаатай маргааны зонхилох хэсэг нь захиргааны хэргийн шүүхэд төвлөрч, нийт холбогдох маргааны 90 орчим хувийг эзэлдэг байна. Ялангуяа 2016 оноос хойш захиргааны хэргийн тоо эрчимтэй өссөн бөгөөд тендертэй холбоотой шийдвэрүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэл давамгайлж байгаа хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ч.Баянжаргал танилцуулсан. Нийт хэргийн 60 орчим хувь нь Улаанбаатар хотод, 40 хувь нь орон нутагт шийдвэрлэгдсэн байна. Орон нутгаас Орхон аймаг хамгийн олон буюу 124 хэрэг шийдвэрлэсэн нь томоохон төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай холбоотой гэж дүгнэжээ.

Худалдан авах ажиллагаатай холбоотой 1260 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэснээс 38 хувь нь давж заалдах шатанд, үүнээс 114 хэрэг хяналтын шатанд шилжсэн байна. Шүүхэд гаргасан нийт нэхэмжлэлийн үнийн дүн 88.6 тэрбум төгрөг байснаас шүүхүүд 46.6 тэрбум төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. Захиргааны хэргийн хүрээнд гаргасан нэхэмжлэлийн ихэнх нь тендерээс татгалзсан үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох; тендерийг дахин үнэлүүлэх, дахин зарлуулах; худалдан авах ажиллагааны гэрээг хууль бус болохыг тогтоохтой холбоотой байжээ.
Эрүүгийн хэргийн хувьд хамгийн түгээмэл зөрчил нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах зэрэг гэмт хэрэг байсан бөгөөд нийт хэргийн 70 орчим хувийг эзэлсэн байна.
Ерөнхий дүнгээр худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэг нийт шүүн таслах ажиллагаанд бага хувийг эзэлж байгаа боловч захиргааны шүүхийн маргаанд өндөр жин дарж, тендерийн шийдвэрийн хууль ёсны байдлыг хянан шалгах ажиллагаа тогтмол нэмэгдэх хандлага ажиглагдаж байгааг мэдээлийн төгсгөлд онцолсон юм.

Өнөөдрийн хэлэлцүүлгийн дөрөв дэх танилцуулга “Зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн худалдан авах үйл ажиллагаа, дүгнэлт, санал” гэсэн сэдвийн хүрээнд байлаа. Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын Хөгжлийн санхүүжилтийн хэлтсийн дарга Б.Ганзориг мэдээлэл өгсөн. Монгол Улс 1990 оноос хойш нийт 10.4 тэрбум ам.долларын гадаад зээл авч, өнөөдрийн байдлаар 6.6 тэрбум ам.долларыг ашигласан бөгөөд үлдсэн 3.8 тэрбум ам.долларын санхүүжилттэй төслүүд хэрэгжиж байгаа гэлээ. Өнгөрсөн хугацаанд гадаад зээлийг шилжилтийн үеийн эдийн засгийг дэмжих, дэд бүтэц байгуулах, өсөлтийг хангах чиглэлээр ашиглаж ирсэн бол сүүлийн жилүүдэд Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд төвлөрч байгаа гэв.
2006-2026 онд нийт 221 төсөл хэрэгжсэнээс 147 нь дуусаж, 74 төсөл үргэлжлэн хэрэгжиж байгаа юм байна. Энэ хугацаанд гадаад зээлийн хөрөнгөөр 19.2 их наяд төгрөгийн санхүүжилт ашигласан бөгөөд 2017-2019 оноос эхлэн ашиглалтын хэмжээ эрс нэмэгдсэн нь томоохон төслүүд хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой болохыг Б.Ганзориг дарга тайлбарлаж байлаа.
Гадаад зээлийн төслүүдийн худалдан авах ажиллагаа нь хөгжлийн түнш байгууллагуудын дүрэм, журмын дагуу явагддаг бөгөөд гэрээ байгуулахын өмнө тухайн байгууллагаас заавал зөвшөөрөл авдаг онцлогтой. Гэсэн ч төслийн бэлтгэл хангалтгүй, газар чөлөөлөлт, зураг төсөв, зөвшөөрлийн асуудал бүрэн шийдэгдээгүйгээс худалдан авах ажиллагаа удааширч, төслийн хэрэгжилт саатах нөхцөл үүсдэг байна.

Нэгтгэсэн мэдээллээс харахад, гадаад зээлийн төслүүдийн хэрэгжих дундаж хугацаа 5 жил, зарим тохиолдолд гүйцэтгэгч шалгаруулахад 8 хүртэл жил зарцуулсан байдаг байна. Азийн хөгжлийн банкны үнэлгээгээр Монгол Улс төслийн бэлэн байдлын үзүүлэлтээр бүс нутгийн хэмжээнд хамгийн сул үнэлэгдсэн нь бэлтгэл ажлыг хангалтгүй гүйцэтгэн, төслийг эхлүүлж байгаатай холбоотой гэв. Эдгээр хүндрэлүүдийг бууруулах зорилгоор Сангийн яам урьдчилсан худалдан авах ажиллагааны журам баталж, төслийн бэлтгэлийг эрт шатанд хангах, төсөл хэрэгжүүлэх нэгжүүдийг нэгтгэж бүтэц, урсгал зардлыг оновчлох, хөрөнгө оруулалтын удирдлагын цахим системийг нэвтрүүлэх зэрэг шинэчлэлийг хэрэгжүүлж байгаа аж.

2026 оноос эхлэн гадаад зээл, тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн санхүүжилт, худалдан авах ажиллагаа, үнэлгээний хорооны үйл ажиллагаа, гэрээ хэлцлийн мэдээллийг цахим системээр дамжуулан олон нийтэд нээлттэй болгоод байгаа юм байна.
Гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслүүд Монгол Улсын дэд бүтэц, эрчим хүч, зам тээвэр, эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжлийг дэмжиж байгаа ч төслийн бэлтгэл болон худалдан авах ажиллагааны шатанд үүсдэг саатал нь хэрэгжилтийн үр ашигт сөрөг нөлөө үзүүлж байгаа хэлэв. Үүнийг шийдвэрлэхийн тулд төслийн төлөвлөлт, бэлтгэлийг сайжруулах, худалдан авах ажиллагааг түргэвчлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр цогц шинэчлэл хэрэгжүүлж байгаа талаар танилцууллаа.
Ийнхүү үндсэн мэдээллүүдийг танилцуулсны дараа хэлэлцүүлэгт оролцож буй 70 гаруй байгууллага, иргэний төлөөлөл “Төрийн худалдан авах ажиллагаа (2006-2026 он)” сэдвийн хүрээнд асуулт асууж, төрийн байгууллагын төлөөлөл, холбогдох албан тушаалтнуудаас хариулт, мэдээлэл авсан юм. Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцож буй Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Б.Баярбаатар, П.Ганзориг, М.Ганхүлэг нар асуулт асууж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт, мэдээлэл авав.


Ийнхүү 2026 оны 12 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд болох ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдсан ээлжит хэлэлцүүлэг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн худалдан авах ажиллагаа болон төрийн өмчит зарим компанийн худалдан авах үйл ажиллагаа, гомдол, маргаан, түүний шийдвэрлэлтийн талаар өрнөлөө. Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажилласан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар төгсгөлд нь үг хэлэв.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилт, ил тод байдал, шударга өрсөлдөөнийг хангах, худалдан авах ажиллагаанд гарч буй хууль зөрчсөн ашиг сонирхлын зөрчил бүхий үйл ажиллагааны тогтолцооны доголдлыг үнэлэхэд ач холбогдол бүхий мэдээлэл, баримт бичгийг цуглуулж, шинжээч нар дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа аж. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийг 2023 онд шинэчлэн найруулан баталсан боловч төрийн худалдан авах ажиллагааны журмаар зохион байгуулсан нийт тендер шалгаруулалтын 50-иас дээш хувь нь амжилтгүй болжээ. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хяналт, шалгалтын үр дүнд илэрсэн зөрчил, тэдгээрийн шалтгааныг харахад, тендертэй холбоотой гомдол маргаан, түүний шийдвэрлэлтийн тоон мэдээллээс харвал төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгаагийн илрэл хэмээн Б.Баярбаатар гишүүн хэлсэн. Цаашид хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд тендер шалгаруулалтыг богино хугацаанд хөнгөлөлттэй явуулах, гомдол шийдвэрлэх ажиллагааг үр дүнтэй, оновчтой байхаар зохицуулах, төрийн худалдан авах ажиллагааг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, худалдан авалтын цахим платформуудыг хөгжүүлэх, төрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх шаардлагатай байгааг хэлсэн. “Төрийн худалдан авах ажиллагаа (2006-2026 он)” сэдэвт хоёр удаагийн хэлэлцүүлгийн дүгнэлтийг 12 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд болох Ерөнхий хяналтын сонсголд танилцуулж, тус сонсголын тайланд тусгахад анхаарч ажиллана гэдгээ Б.Баярбаатар гишүүн хэлэв.

Ийнхүү “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал (2006-2026 он)” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах, бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгээс зохион байгуулсан хэлэлцүүлэг өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
