...
...
Logo
ЦАГ ҮЕ
•Sainjargal
•11-р сар 11

Оюутолгойн ногдол ашгийг Монголын талд хуваарилах яриаг “Рио Тинто” үнэн болохыг баталлаа

Оюутолгойн ногдол ашгийг Монголын талд хуваарилах яриаг “Рио Тинто” үнэн болохыг баталлаа

Өнгөрсөн гурван сарын хугацаанд “Оюутолгой” ХХК-аас Монголын талд ногдол ашиг олгох тухай яриа улс төрийн хүрээнд албан бусаар түгж, Засгийн газар ирэх оны төсвийн төсөлдөө тусган эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахаа зарласан. Гэсэн ч d parlament-аар саналаа өгсөн 100 мянга гаруй ногдол ашгийг хувьдаа авахыг хүссэн нь Засгийн газрын дээрх төлөвлөлтдөө өөрчлөлт оруулж, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахаар зэхэж байсан хоёр их наяд төгрөгийнхөө зориулалтыг өөрчлөхөө зарласан. Харин их удалгүй буюу нэг өдрийн дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нарыг дуудаж уулзан “Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрт нь Монгол Улсын иргэн нэг бүрийн дансанд шилжүүлэх хэрэгтэй” гэдэг чиглэл өгсөн. Улмаар Сангийн сайд З.Мэндсайхан “Ерөнхийлөгчийн чиглэлийн дагуу хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлнэ” гэсэн бол дахин нэг өдрийн дараа “Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тарааж болохгүй” хэмээн мэдэгдсэн. Харин долоо хоногийн дараа Ерөнхий сайд Н.Учрал Дорноговь аймагт ажиллах үеэрээ “Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд олгох эсэхийг УИХ шийднэ” хэмээн мэдэгдсэн. Энэ нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал бөгөөд уг хуулийн өнөөдрийн зохицуулалтаар иргэдэд бэлэн болон дансаар олгох боломжгүй гагцхүү Хуримтлалын дансаар дамжуулан орон сууц, эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулах боломжтой. Ингэж олон хоногийн турш тодорхойгүй мэдээлэл, тодорхойгүй тайлбар, улстөржсөн тоглолт дунд өрнөсөн Оюутолгойн ногдол ашигтай холбоотойгоор өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх, “Рио тинто” зэсийн группын Монгол дахь ерөнхий захирал Б.Дуламсүрэн нар Сангийн сайд З.Мэндсайханд хандан захидал илгээсэн байна. Уг захидалд “Монгол Улсын Ерөнхий сайд болон Рио Тинто компанийн гүйцэтгэх захирлын уулзалтын үеэр талууд “Оюутолгой” ХХК-аас 2027 онд хувьцаа эзэмшигчиддээ хувь эзэмшлийн хувь хэмжээнд тэнцүүлэн ногдол ашиг олгох асуудлаар санал солилцсон. Үүний дагуу Засгийн газраас “2027 онд “Оюутолгой” ХХК-аас гурван их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан бид төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ нь “Оюутолгой” ХХК-ийн 2027 онд улсын төсөвт төвлөрүүлэх татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад хураамжийн төлбөрөөс гадна төлөх дүн байх юм. Энэ хүрээнд бидэн хэрхэн одоогийн төслийн санхүүжилтийг дахин санхүүжүүлэх, өрийн удирдлагыг оновчтой болгох ирээдүйд хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах санхүүгийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх болон бусад агрга хэмжээг Хөрөнгө оруулалтын гэрээгээр “Оюутолгой” ХХК-д олгосон эрхийн хүрээнд хэрэгжүүлэх, гурван шаттайгаар төвлөрүүлэх талаар ажиллаж байгаа бөгөөд хэрэгжүүлэх цар хүрээ, дарааллыг тусгасан дэлгэрэнгүй саналыг боловсруулж удахгүй Та бүхэнд албан ёсоор танилцуулах болно” гэжээ. Уг нь “Оюутолгой” ХХК-ийн хувь эзэмшигч “Рио тинто” группын албан ёсны байр суурь бөгөөд удтал мэтгэлцсэн Монголын талд ногдол ашиг олгогдох нь ийн тодорхой болов. Гэхдээ уг ногдол ашгийг хэрхэн хуваарилах тухай асуудал ийн албан ёсоор эхэлж буй хэрэг бөгөөд УИХ-аар улсын төсөв хэлэлцэж дуустал, цаашлаад Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг УИХ-ын гишүүдийн олонхын саналаар дэмжих эсэхээс уншигч таны гарт ногдол ашиг очих эсэх нь шийдэгдэх учиртай. Ямартай ч улстөрчид болон олон нийтийн эргэлзэж байсан тодорхойгүй ногдол ашиг Монголын талд шилжих нь бол тодорхой ажээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!