“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо

Улсын Их Хурлын даргын ивээл дор хэрэгжүүлэх тус хөтөлбөрийг зохион байгуулагч, хамтран ажиллагч талуудын уулзалтыг өнөөдөр (2026.11.11) Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан удирдан хийлээ. Өнгөрөгч 10 дугаар сард болсон Олон Улсын Парламентын Холбооны 153 дугаар Ассамблейн Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн ээлжит хуралдааны үеэр Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимаас хэрэгжүүлсэн “Үндэсний залуучуудын парламент” хөтөлбөрийн туршлагыг судалсан талаар тэрбээр танилцуулж, бидний хэрэгжүүлэх хөтөлбөр дараагийн шинэ жишиг болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлж буй Парламентын боловсрол хөтөлбөртэй уялдуулж, оролцоонд суурилан, төлөөллийн зарчмыг хангаж, үр дүнд чиглүүлэн явуулахаар төлөвлөж буй юм. Хөтөлбөрт оролцогчид хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, мэтгэлцэх, санал хураах зэрэг үйл явцыг өөрсдөө бие даан хэрэгжүүлж, туршиж үзэх юм.

Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын холбогдох нэгжүүдийн төлөөлөл, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож, хөтөлбөрийн төлөвлөгөө, хэрэгжүүлэх арга, үе шат, агуулга, зорилго, хүрэх үр дүнгийн талаар санал солилцлоо. Хөтөлбөрийн сэдэв, агуулгыг оролцогчдын саналд тулгуурлан төлөвлөх, сонгон шалгаруулалтыг хийхдээ олон нийт, үе тэнгийн залуучуудын төлөөллийг хангах, мөн жендэрийн тэгш байдал, улс төрийн намын харьяаллыг оновчтой бүрдүүлэх, ахмад болон залуу үеийнхны залгамж холбоог бэхжүүлэх, онцлог, шинэлэг байдлаар зохион байгуулах зэрэг бүтээлч саналыг Улсын Их Хурлын даргын зөвлөх Я.Энхбаатар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Амарбал, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн менежер Э.Эрдэнэчимэг, “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагын тэргүүн Т.Амарзаяа, судлаач Т.Баярмаа нар дэвшүүлсэн юм. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны мэргэжилтэн Э.Хулан хөтөлбөрийг үр дүнд чиглүүлэх үүднээс шинээр боловсруулж буй Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих тухай хуулийн төслийг залуу парламентчдаар хэлэлцүүлж, шинэ концепц гаргаж болох юм гэсэн санал хэлж байлаа.

Залуучуудад парламентат ёс, ардчилал, хууль тогтоох үйл ажиллагааны мөн чанар, зарчим, ёс журмыг таниулж, тэдний иргэний ухамсар, улс төрийн соёл, шийдвэр гаргах ур чадварыг хөгжүүлэх зорилготой тус хөтөлбөр нь богино хугацааны төсөл бус, улс орны хөгжлийг дэмжих тогтвортой оролцооны механизм, институцийн өв болж төлөвших учиртайг Ерөнхий нарийн бичгийн дарга онцгойлон тэмдэглэж, үр дүнтэй, нягт хамтран ажиллахыг зөвлөлөө гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
