“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Сэлбэ ухаалаг хот” орон сууцжуулах төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 15 дугаар хороодын нутаг дэвсгэрт нийт 158 га талбайд хэрэгжиж буй энэхүү төслийн хүрээнд 113 блок бүхий 8575 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Мөн 5780 хүүхдийн суудалтай таван сургууль, 1520 хүүхдийн суудалтай найман цэцэрлэг, дөрвөн өрхийн эмнэлэг, соёл болон спорт цогцолбор, гал унтраах анги зэргийг байгуулна.
Уулзалтаар төслийн хэрэгжилтийн явц, гүйцэтгэгч байгууллагуудад тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албаныханд чиглэл өглөө.
Сэлбэ ухаалаг хот төслийн гүйцэтгэгчдэд бараа материалын татан авалт, үнийн өсөлт, ажиллах хүчний хүрэлцээтэй холбоотой хүндрэлүүд тулгамдаж байгааг хэллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Сэлбэ ухаалаг хот төслийн зорилго маш зөв бөгөөд хүлээлт өндөртэй байгаа төсөл. Гэр хорооллыг орон сууцжуулахын тулд газар чөлөөлж, дахин төлөвлөлт явуулах шаардлагатай. Ингэж байж Улаанбаатар хотод тулгамддаг агаарын бохирдлын асуудлыг шийднэ. Гэхдээ бид үр ашгийг тооцох хэрэгтэй. Төслийн санхүүгийн модель дээр асуудал бий. Үүнийг бид баг хамт олноороо шийднэ. 2027 оны дөрөвдүгээр сард төслийн эхний блокууд ашиглалтад орох бөгөөд нийгмийн байгууламжууд 2028 онд орсноор цогц болно. Нийслэлийн зүгээс Сэлбэ ухаалаг хотод их багтаамжийн тээврийн хэрэгслийг төлөвлөж байна. Сэлбэ төслийг амжилттай болгоход туслан гүйцэтгэгчдийн үүрэг их. Гүйцэтгэгчид хариуцсан ажлаа төлөвлөгөөт хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг хүсье. Нийслэлээс мөн бүх түвшинд нээлттэй хамтран ажиллана” гэлээ.






Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
