Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа

Шударга ёсны тогтолцоог хүүхэд төвтэй болгоход байгууллагуудын хамтын ажиллагаа чухал гэдгийг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал онцолсон. Тэрбээр, Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдаж байгаатай холбогдуулан парламентаас Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль баталсан. Энэхүү хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах зарчмыг баталгаажуулсан нь ач холбогдолтойг тэмдэглэв. Түүнчлэн Улсын Их Хурлын зүгээс хууль батлаад орхих бус хуулийн хэрэгжилтийг хангуулахад анхаарч, бүх шатны байгууллагуудын хамтын ажиллагаа нэн шаардлагатай хэмээв. Хэлэлцүүлгийн үеэр Хүний эрхийн дэд хорооны хяналт шинжилгээний матрицыг танилцууллаа.
Мөн анх удаа хуулийн хэрэгжилтийг хянах байнгын Ажлын хэсгийг Улсын дээд шүүхийн дэргэд байгуулсан. Тус Ажлын хэсэг нь хараат бус, тогтвортойгоор төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын уялдаа холбоог хангаж ажиллах учиртайг сануулсан.
Түүнчлэн өсвөр насны хүний хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн шинэчлэл, шинэ зохицуулалт, салбар хоорондын уялдаа, зохицуулалт, бодлогын асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн яамны нийтийн эрх зүйн хэлтсийн дарга Д.Энхтөр, хүүхдийн бодит нөхцөл, нийгэмшлийн талаар Кристина Ноблийн Хүүхдийн сангийн захирал Б.Амаржаргал мэдээлэл өгөв.

Хүүхэд хамгаалал, гэр бүлийн дэмжлэгийн тухай Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас, хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцооны хяналт ба хариуцлага, хууль зүйн туслалцаа, хараат бус хяналт, тулгамдаж буй асуудлаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан илтгэл тавилаа.


Хэлэлцүүлгийн үр дүнд "Хуулиас хэрэгжилт рүү: 2026-2027 оны нэн тэргүүний арга хэмжээ"-г тодорхойлж, байгууллага тус бүрийн хийх ажил, хамтын ажиллагааг хэлэлцэн тохиролцлоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
