...
...
Logo
COP17
Sainjargal
8-р сар 19

COP17-гоор хөндөгдөж буй ГАШУУН ЯРИАНУУД...

COP17-гоор хөндөгдөж буй ГАШУУН ЯРИАНУУД...

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын нэгээхэн хэсэг буланд баригдсан гүн ногоон өнгийн түр байгууламж, өндөрт мандсан дэлхийн 197 орны туг далбаа, улс үндэстнийхээ хувцас өмсгөлөөр гоёсон олны хөдөлгөөн намрыг урьтсан зуны өдрүүдэд өнгө нэмж, холын гийчний үгийг сонсох түмний сонирхлыг өдөж, өдөөж буй нь зүй. Хөгжил дэвшил, сайн сайханд хүрэх зорилго зорилт хүн төрөлхтөнд ташуур өгөх ч экологийн сүйрэл рүү чиглэж буй байгаль цаг уурын хатуурхал өөрийн “хэл, хууль”-иараа хязгаарлалт тавих болсон нь бодит үнэн. Энэ нөхцөл байдал дэлхийн аль нэг улс, хэн нэг иргэний асуудал биш бөгөөд бултаараа, бөмбөрцөг бүхэлдээ санаа тавих, анхаарах, сэрэмжлэх, хамтдаа мод тарьж, хамтдаа байгалиа хайрлан хамгаалж, хамтдаа ус эрж хайх учир шалтгаан болсон. Яг л “Дайны нөхцөл байдлын улмаас Монголд, дэлхийд хүндрэл үүслээ” гэдэгтэй адилхан. Хэн буу барьж, хэн хоорондоо дайтаж буй нь бус дам хамаарал, дам нөлөөллөөрөө дэлхий бүхлээрээ уйлж буй хэрэг.  

НҮБ Талуудын бага хурал буюу COP-ыг 1994 оноос эхлэн хоёр жилд нэг зохион байгуулж ирсэн. Дор бүрнээ ус, газрын хөрс, ган гачиг зэрэг экологийн сүйрэлтэй холбоотой сэдвийг дэлхийн улс орнууд хамтдаа ярилцаж, асуудлаа танилцуулж, өөрчлөн шинэчлэх төслүүддээ хөрөнгө оруулалт татдаг. Монгол Улсад зохион байгуулагдаж буй COP17-ын тухайд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дахь бага хурал. Дэлхийн газрын хөрсний 40 хувь нь доройтсон бол манай улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртсөний 23 хувь буюу 30 сая га нь хүчтэй доройтолд орсон. Ган гачгийн улмаас  дэлхий даяар 1.8 тэрбум хүн эмзэг, ядуу амьдарч байгаа бол ерөнхий хамаарлаараа 3.2 тэрбум хүний амьдралд бэрхшээл учруулж буй тоо бий. Харин энэ тоо манай улсын хувьд зөвхөн малчдын ахуй амьдралаар бодоод үзэхэд шууд утгаараа 300 мянга буюу хүн амын 10 орчим хувийн амьдралын чанар, оршин байхуйд сөрөг нөлөө учруулах болсон. Дам бус нөлөөллийн хувьд Монгол Улсын иргэн нэг бүр холдож, зугтах боломжгүй нь бодит үнэн. Иймд Монгол Улсын Засгийн газар 2021 онд COP17-г зохион байгуулах эрхийг авсан нь санаандгүй, эсвэл амбицад хөтлөгдсөн хэрэг биш. Монголын асуудал дэлхийнх, дэлхийн асуудал Монголынх болчихоод байгаад тайлбар нь оршино.  

 

Чуулга уулзалтын үеэр Сент-Китс ба Невис улсын төлөөлөгч НҮБ-ын байгууллагаас ямар нэгэн өөр эрх ашиггүйгээр маш тодорхой ундны ус гуйсан. Карибын тэнгисийн Салхитын бүлэг арлын дунд оршдог Америк тивийн хамгийн жижиг улс. Чихрийн нишингэ, хөвөн, хүнсний ногоо, наргил мод тариалж амьдардаг тус улсын төлөөлөгч “Манай улсын иргэдийн ус уух найдвар нь борооны улс болсон ч сүүлийн жилүүдэд бороо орохгүй, энэ жилийн хувьд гэхэд бороо орох магадлал 44 хувиар буурсан нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Иймд далайн усыг цэвэршүүлэх техник, мөнгө, ус импортлох боломж олгооч хэмээсэн. Гэхдээ энэ бол COP17-гийн үеэр хөндөгдсөн ганц гашуун яриа биш. Чуулга уулзалтын эхний өдөр уламжлал ёсоор тууз хайчилж, танилцах хөтөлбөр үргэлжилсэн бол хоёр дахь өдрөөс бууюу наймдугаар сарын 18-ны өдрөөс төлөөлөгчид асуудлаа ярьж эхэлсэн. Перу улсын төлөөлөгчийн яриаг сонсох нь ээ тус улсын бэлчээрийн 40 гаруй хувь нь доройтсноор үндэсний өв уламжлалынх нь капитал болсон нэхмэлийн бизнес, махны үйлдвэрлэл 40 хувиар буурсан байна. Энэ хувь ирээдүйд 90 хувьд хүрэх эрсдэлтэй бөгөөд бэлчээрийн даацыг сэргээх гарц гаргалгааг эрж хайхаар энд буюу Монгол Улсад ирж.  

БНСУ-ын тухайд ган гачгаас үүдэлтэй аадар борооны улмаас хөрсний эвдрэл ихээр үүссэх болсон нь хөрсний гулгалт, ой хээрийн түймрийн шалтгаант нөхцөл болсон. Иймд Засгийн газраас нь хөрсний бүтцийг сэргээн хамгаалах чиглэлд тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Харин БНХАУ-ын тухайд 1978 оноос буюу хагас зуун жилийн хугацаанд цөлжилтийн эсрэг найман үе шатаар тууштай тэмцэж буйгаа мэдээллэсэн. Үр дүнд нь элсэрхэг газар нутгийнх нь 53 хувийг сэргэж, ногоо байгууламжаа нэмэгдүүлсэн. Цаашлаад дэлхийн бусад улс оронд өөрсдийн туршлагаа нэвтрүүлэх чиглэлд анхаарал хандуулж эхэлсэн байна.  

Харин манай улс цөлжилттэй холбоотой тоон үзүүлэлт нийт газар нутгийн 76.9 хувьд хүрсэн нь COP17-г анхааралтай ажиглах учир шалтгаан. “Тоглож өссөн гол маань ширгэсэн байна. Хайрга л үлдэж” гэдэг үг зуны аяллын дараах хайр харууслыг өдөөх болсон нь дээрх тоон үзүүлэлтийн нэг хэсэг нь л гэсэн үг. Иймд COP17-гоос үр дүн, үр нөлөө хүлээж анхааралтай ажиглаж, гашуунашуун яриа олныг сонсож, түгээж, үнэнтэйгээ нуур тулцгаая... Дэлхий цөлжилтийн эсрэг чуулж байна, Монголд.  

Г.ОТГОНЖАРГАЛ  

 

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!