...
...
Улс төр
Sainjargal
7-р сар 17

Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАР V цахилгаан станцын "мөрөөдлийн насжилт"-ыг шалгуулахаа зарлалаа

Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАР V цахилгаан станцын "мөрөөдлийн насжилт"-ыг шалгуулахаа зарлалаа

      Ерөнхий сайд Г.Занданшатар гүйцэтгэх засаглалын тамга атгаснаасаа хойш үндсэндээ хоёр сэдвээр Тагнуулын ерөнхий газарт үүрэг даалгавар өглөө. Нэгдэх нь вакцины тухай буруу зөрүү мэдээллийг олон нийтэд тараах замаар төөрөгдөлд оруулсан иргэд, бүлэг ашиг сонирхлыг олж тогтоож хариуцлага хүлээлгэх тухай. Олон нийтийн дунд улаанбурхан өвчний халдвар эрчимжиж, өнөөдрийн байдлаар 800 гаруй хүүхэд өвдөж, арав орчим хүүхэд нас барсан нь Ерөнхий сайдыг энэ асуудлыг эцэслэн шалгах үүрэг даалгавар хүргэхэд нөлөөлсөн нь лавтай. Цагдаагийн ерөнхий газраас уг үүрэг даалгаврын хүрээнд яаралтай шалгалтын ажлыг эхлүүлж, нэр бүхий иргэдийг дуудаж, мэдүүлэг авч эхэлсэн. Хэдийгээр энэ асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй ч амь нас эрүүл мэндээ вакцины тусламжтай хамгаална гэж үздэг олонх иргэдийн хувьд зүй ёсны хүлээлтэд нийцсэн хүсэлт болсон.

Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАР: V цахилгаан станцын бүтээн байгуулалт 20 жил гацлаа. Арван аймгийн дулааны цахилгаан станц 10 жил яригдаад мөн адил гацлаа. Өөрсдөө хөрөнгөө гаргаад барих байсан “Багануур”, “Шивээ овоо”-гийн дулааны цахилгаан адил ч гацсан. Иймд энэ бүхний учир шалтгааныг харанхуйгаар ашиглагдаад, улс орноо эрчим хүчний харьяалалтай байлгах сонирхол байна гэж үзэхээс өөр аргагүй

     Харин хоёр дахь нь, өнгөрсөн 20 жилийн хугацаанд V цахилгаан станцын асуудал юуны учир гацсан, Монгол Улсын эрчим хүчний тусгаар тогтнолыг үл ойшоосон, улс орны эрх ашгийг нухчин гуйвуулсан ашиг сонирхол хэнийх болох, хаанаас үүрэгдсэн, ямар хүчин зүйлээр хөтлөгдсөн зэргийг нягтлан шалгах нь мөн л олон нийтийн хүсэл байсан. Иймд Ерөнхий сайд Г.Занданшатарын Тагнуулын Ерөнхий газарт өгсөн дээрх хоёр үүрэг даалгавар хувь улстөрчийн улс төрийн нүүдэл гэхээс илүүтэй улсаараа, нийтээрээ олж мэдэхийг хүсэж буй эрх ашгийн хамгаалалт хэмээн дүгнэж болно. Тиймээс ч тэрбээр III цахилгаан станцад ажиллах үеэрээ “Концессийн тухай хуульд оруулах замаар эрчим хүчний салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах бүрэн боломжтой. Үүн дээр хэсэг бүлэг болж хуваагдсан салбарын зөрчил, хэсэг бүлэг болж хуваагдсан ашиг сонирхол, цаанаас нь удирддаг үл үзэгдэх хүчний улмаас анх 1987 оны таван жилийн төлөвлөгөөнд орж, батлагдаж байсан V цахилгаан станцын асуудал бүрэн гацсан. Үүний дараа 2008-2012 оны Засгийн газрын үед өөрийн хөрөнгөөр барьж өгөх санал ирүүлсэн хөрөнгө оруулагчдын саналыг хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй, хөрөнгө оруулалтын хэмжээг эцэслэнэ, тендерт оролцогчид шүүхэд гомдол гаргасан гэдгээр удаа дараа зогсооосон. Ерөөсөө эрчим хүчний хараат байдалд байх гэсэн далд сонирхолд санамсаргүйгээр удирдагдсан мэт байдал цаашид үргэлжилж болохгүй. Манай улсад сэргээгдэх эрчим хүчний асар их боломж байхад ашигласангүй. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан ч дотооддоо цахилгаан станц байгуулж, нүүрсээ хар алт болгон хувиргах замаар эрчим хүчний тусгаар тогтнолоо хамгаалах боломж байхад бас л хийгээгүй. Үндсэндээ манай улс 400 орчим сая ам.долларын эрчим хүчийг гаднаас авч байна. Энэ мөнгөөр V цахилгаан станцаа босгочих боломж байхад ажил хэрэг болгоогүй. Иймд Тагнуулын ерөнхий газрыг эдийн засгийн аюулгүй байдлын асуудалд анхаарал тавьж ажилла гэж байгаа юм. Цаашид эрчим хүчний чиглэлийн хөрөнгө оруулагчдаа дэмжиж, нэгэнт шийдвэр гаргасан бол түүнийгээ хамгаалахын төлөө ажилладаг байх хэрэгтэй байна. Дэмжиж, хамтарч, нэг ашиг сонирхлоор ажиллахгүй бол V цахилгаан станцын бүтээн байгуулалт 20 жил гацлаа. Арван аймгийн дулааны цахилгаан станц 10 жил яригдаад мөн адил гацлаа. Өөрсдөө хөрөнгөө гаргаад барих байсан “Багануур”, “Шивээ овоо”-гийн дулааны цахилгаан адил ч гацсан. Иймд энэ бүхний учир шалтгааныг харанхуйгаар ашиглагдаад, улс орноо эрчим хүчний харьяалалтай байлгах сонирхол байна гэж үзэхээс өөр аргагүй. Энэ олон тохиолдлыг санамсаргүй тохиолдол гэж үзэхэд дэндүү эргэлзээтэй байна. Өнөөдрийн III цахилгаан станцад болсон осол аваар ч тэр адилхан” хэмээн мэдэгдсэн.

Мөн тэрбээр Ерөнхий сайд болсноосоо хойш хоёр дахь удаагаа III цахилгаан станцад ажиллаж байгаа бөгөөд өмнө нь буюу зургадугаар сарын 19-нд уг станцад гарсан осол гэмтэл, албан хаагчийн амь насаа алдсан асуудлыг нягтлан шалгах ажлын хэсэг томилж, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Тавинбэхийг томилсон. Одоогоор уг шалгалтын ажлын хэсгийн дүгнэлт эцэслэн гараагүй ч ерөнхий агуулгаараа техник, технологийн насжилттай холбоотой гэдэг тойм утга олон нийтэд зарлагдсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл буюу мөн л сүүлийн 20 жилийн хугацаанд дулааны цахилгаан станцуудын засвар шинэчлэл гэхээс илүү иж бүрэн шинэчлэлийн асуудал жил бүр, бараг улирал, сар бүр яригддаг ч тэрхүү санаачилга нь ажил хэрэг болоогүй ирснийг дурдахгүй орхиж болохгүй.

Цаасан дээрх нүүдлийн станц гэгдэх болсон V цахилгаан станцын тендерийн ялагчийг есдүгээр сард зарлана

     Харин Ерөнхий сайдын онцгойлон үүрэг даалгавар өгсөн V цахилгаан станцын тухайд үлгэрийн гэмээр түүх хүүрнэхэд хүрнэ. Учир нь, анх 2011 онд Монгол Улсын Засгийн газар концессийн тендер зарласнаас хойш дөрвөн удаа тендер зарлагдаж, хоёр нь тодорхойгүйгээр хойшлогдож, хоёр нь эрх хүлээн авах үйл явц нь шүүхийн маргаанаас болж хойшлогдсон. Тэр бүрт Засгийн газар ч, салбар хариуцсан сайд, яам нь ч учрыг нуусан тодорхойгүй тайлбар хийж аргацаагаад зогсоохгүй энэ онуудад V цахилгаан станцыг барьж байгуулах байршил 10 гаруй удаа өөрчлөгдөж, цаасан дээрх нүүдлийн станц болсон гэж болно. Энэ удаад Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тавдугаар сарын 26-ны өдөр зарласан бол наадмын өмнө буюу долдугаар сарын 7-ны өдөр урьдчилсан шалгаруулалтад “Шунхлай Холдинг” ХХК, “Митайм Интернэшнл” ХХК, “Чайна Уэстэрн Повер Индастриал” ХХК гэсэн гурван оролцогч шалгарсныг зарласан. Энэ гурван компанийн тухайд “Шунхлай холдинг” ХХК анх удаа эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтад оролцох хүсэлтээ илэрхийлсэн бол “Митайм Интернэшнл” ХХК-ийн хувьд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутагт баригдсан “Тосон” цахилгаан станцыг барьж, ашиглалтад оруулсан. Өдгөө баруун бүсийн эрчим хүчний сүлжээнд холбогдож, хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Харин “Чайна Уэстэрн Повер Индастриал” ХХК-ийн хувьд “Тавантолгой” цахилгаан станцын тендерт оролцсон ч хамтран оролцогчдын зүгээс гомдол мэдүүлснээр уг тендер цуцлагдсан түүхтэй. Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтайгаар V цахилгаан станцыг барина” хэмээн мэдэгдсэн бөгөөд төсөвт өртөг нь 600 сая ам.доллар байх юм.

   Төгсгөлд нь тайлбар хийхэд V цахилгаан станцын одоогийн зарлагдсан тендерийг бус харин 20 жилийн тодорхойгүй гацалтын учир шалтгааныг Ерөнхий сайд Г.Занданшатар Тагнуулын ерөнхий газраар шалгуулахаа зарласныг тодруулья. Учир нь, “өлгийндөө өтөлсөн хүүхэд” гэдэгчлэн V цахилгаан станцын “мөрөөдлийн насжилт” өдгөө нэгэнт 20 хүрчээ. Өсдөггүй эр, сунадаггүй эсгий гэж бас байдгаа гэмээр...

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!