Хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх сургалт гурав дахь өдрөө үргэлжилж байна

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх хүрээнд хуулийн төсөл боловсруулах арга зүйн сургалтыг тав дахь удаагаа зохион байгуулав. Хууль зүйн техникийн суурь мэдлэгийг бататгах, хуулийн төсөл боловсруулах арга зүй, ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх зорилготой “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт” өнөөдөр /2026.11.23/ гурав дахь өдрөө үргэлжиллээ.

Энэ өдрийн сургалт Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч М.Мөнхбатын танилцуулсан “Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал” сэдвээр эхэллээ.
Тэрбээр тандан судлах ажиллагааны тухай ойлголт, түүний зорилго, ач холбогдол, асуудалд дүн шинжилгээ хийх аргачлалын талаар илтгэсэн юм. Багш энэхүү лекцээрээ асуудалд дүн шинжилгээ хийхийг "оношилгоо", зорилго томьёолохыг "архитектур", хувилбаруудыг тогтоохыг "шийдлийн эрэл"-тэй адилтгаж, үр нөлөөг тандан судлахын зэрэгцээ харьцуулан дүгнэсний үр дүнд бодлогын зөвлөмжийг боловсруулах арга, техникийг заалаа.

Хууль батлах нь цорын ганц арга зам биш, энэ үе шатын гол зорилго нь нийгмийн нөөцийг хамгаалах, хуулийн инфляц болон захиргааны ачааллаас сэргийлэх шинжлэх ухааны шүүлтүүр тавих гэдгийг Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч М.Мөнхбат дурдаад, хууль тогтоомжийн төсөл бодит амьдралд хэнд, ямар үнээр, ямар үр ашиг авчрахыг сэтгэл хөдлөлөөр бус нарийвчилсан дата нотолгоогоор шинжлэх нь эцсийн шүүлтүүр гэдгийг онцоллоо.

Энэхүү сургалтаар асуудлыг зохицуулах хувилбарыг тогтоох, харьцуулах, зохицуулалтын хувилбаруудын үр нөлөөг тандан судлах, зохицуулалтын хувилбаруудын үр нөлөөг тандан судлахад анхаарах зүйл, зохицуулалтын хувилбаруудын хуульд нийцсэн байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

Дараа нь Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төвийн ахлах судлаач Д.Баяр “Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал” сэдвээр илтгэв. Тэрбээр, энэхүү илтгэлээрээ хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх тухай ойлголт, онцлог, шалгуур үзүүлэлтийг сонгох, үр нөлөөний үнэлгээг хэрхэн хийх аргачлалыг дэлгэрэнгүй танилцуулж, хичээлээ явуулсан юм.

Харин түүний дараа Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор, профессор Л.Өлзийсайхан “Үндсэн эрхийн хязгаарлалтад тавигдах шаардлага: Тохирсон байх болон бусад зарчим” сэдвээр илтгэлээ танилцууллаа. Профессор энэхүү хичээлийнхээ эхэнд, хууль тогтоогчийн үүрэг бол зөвхөн хориглох биш, хязгаарлаж буй –“үндэслэл, шалтгаан”-ыг нотлох явдал гэдгийг онцолсон юм.

Тохирсон байх зарчим гэдэг нь тодорхой бүтэц, шалгуур бүхий “Зөвтгөлийн арга” болохыг тэрбээр тодорхойлоод, төр хүний эрхэд халдахдаа дур зоргоор бус, нарийн бүтэц, дараалал бүхий шалгуураар өөрийн үйлдлийг зөвтгөх ёстой гэсэн шаардлага хэмээсэн.
Хязгаарлалтаас үүдэх үр дагавар их байх тусам хууль тогтоогчийн үндэслэл, нотолгоо илүү хүчтэй байх зарчим хэмээгээд, эрүүгийн ял шийтгэх ногдуулах нь захиргааны арга хэмжээнээс илүү өндөр босго шаардана гэлээ.
Доктор, профессор Л.Өлзийсайхан, Тохирсон байх зарчмын дагуу шалгахын өмнө тухайн хуулийн төсөл үндсэн эрхийг “ямар хэлбэрээр” хязгаарлаж байгааг тодорхойлно гээд үндсэн эрхийг хязгаарлах хэлбэрүүдийг жишээ татан тайлбарласан юм.
Үндсэн эрхийн аливаа хязгаарлалт нь гагцхүү хуулиар тогтоогдсон байх бөгөөд дур зоргын шинжгүй байна гэдгийг илтгэлдээ дурдаад, тохирсон байх зарчмын дөрвөн шалгуурыг практик жишээ татан танилцууллаа.

Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Монголын Хуульчдын Холбоо, МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төв, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүд,залуучуудын оролцоог дээшлүүлэх нь” төсөл хамтран зохион байгуулж буй сургалт үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.





Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
