...
...
Logo
Улс төр
•Sainjargal
•11-р сар 11

Шинжлэх ухааны академид ОДОН бус МӨНГӨ ХЭРЭГТЭЙ!

Шинжлэх ухааны академид ОДОН бус МӨНГӨ ХЭРЭГТЭЙ!

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр хэмээн тодотгож, улс даяараа тэмдэглэн өнгөрүүлэхийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж санаачилж, 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн дөрвөн тоот зарлиг гаргасан. Энэ жилээс хойш монголчууд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг ёслон тэмдэглэхийн зэрэгцээ Ерөнхийлөгчийн зарлигаар улс орныхоо хөгжилд өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнд төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардуулдаг уламжлалтай болсон билээ. Харин энэ дунд хувь иргэнд бус байгууллагад өгсөн гурван удаагийн тохиолдол нь 2019 онд Монгол Улсын урлаг соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулж, хүннү урсгалыг хөгжүүлсэн “THE KHU” хамтлаг, 2021 онд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөж ирсэн Монгол Улсын зэвсэгт хүчин болон энэ онд Шинжлэх ухааны акамемид олгосон явдал байлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл Чингисийн одонг гардуулах үеэрээ “Шинжлэх ухааны академи нь 35 улсын 150 гаруй Шинжлэх ухааны академи, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллаж, үндэсний судалгааг олон улсын эрдэм шинжилгээний орон зайтай холбож, хамтарсан судалгаа, эрдэмтдийн солилцоо, олон улсын хэвлэлд нийтэлсэн бүтээлүүд нь Монгол орны талаарх мэдэгдлийг баяжуулахын зэрэгцээ үндэсний судлаачдын чадавхыг бэхжүүлэх, Монголын шинжлэх ухааны салбарын нэр хүндийг өргөхөд бодит хувь нэмэр оруулсаар байна. “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Шинжлэх ухааны академийн 16 эрдэм шинжилгээний хүрээлэнд 50 гаруй шинжлэх ухааны доктор, 280 гаруй докторын зэрэгтэй эрдэмтэн судлаачид ажиллан, олон улсын өндөр зэрэглэлийн сэтгүүлүүдэд 3800 гаруй өгүүлэл хэвлүүлсэн бөгөөд тэдгээрээс 90 мянга гаруй эшлэл хийгдээд байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна” хэмээсэн юм. Энэ нь хэдий Шинжлэх ухааны академи, энэ салбарт хүчин зүтгэж буй эрдэмтэн судлаачдын оюуныг хүндэтгэсэн үйл хэрэг ч энд зүй ёсоор хөндөх ёстой сэдэв бол тус салбарын санхүүжилт юм. Учир нь, 1990 онд Монголын төр “Шинжлэх ухааны академид 1990 онд ДНБ-ны нэг хувийг зарцуулж, ирээдүйд энэ санхүүжилтийг гурван хувьд хүргэнэ” хэмээн төлөвлөж байж. Мөн 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Үндэсний баялгийн сан”-гийн нэгээс доошгүй хувийг шинжлэх ухаанд зарцуулна” гэж баталсан. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд шинжлэх ухааны технологийн нэгдсэн бодлогыг тэргүүлэх чиглэлд авч үзэж “ДНБ-ий хоёр хувьд хүргэнэ” гэж тунхагласан. Гэсэн ч энэ салбарын санхүүжилт бодит байдал дээр жилээс жилд унасан бөгөөд УИХ-ын гишүүн Ч.Анар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр “Шинжлэх ухааны салбарын санхүүжилт 2013 оноос хойш ямагт доошоо унаж ирсэн байна. Өнгөрсөн хугацаанд ДНБ-ий нэг хувьд ч хүрэхгүй 0.11-0.19 хувьтай явж ирээд сүүлдээ 0.7 хувь руу унаж байна. Бодит байдал дээр ийм байж Монгол Улс яаж цаашдаа шинжлэх ухаан, технологийн хөгжил ярих юм. Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхгүйгээр эдийн засгаа хөгжүүлж, бие даасан улс болж хөгжих юм” хэмээн шүүмжилж байсан. Иймд Шинжлэх ухааны академийн удирдлага болон ажилтан, судлаач, эрдэмтдэд Чингисийн одон сайхан санагдаж болох ч бодит байдлаар санхүүжилтээ нэмүүлэх хэрэгцээ зүй ёсны нэхэх ёстой шаардлага гэдгийг нь сануулья. Одон яах вэ. Мөнгө чухал шүү, Монголын шинжлэх ухаанд!

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!