Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /2026.10.28/ 12 цаг 38 минутад 56 гишүүний 30 буюу 53.6 хувь нь хүрэлцэн ирснээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Гишүүдийн ирцийн мэдээллийг доорх зурагнаас харна уу.


Хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар даргалж, хэлэлцэх асуудлыг танилцуулсан. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2-т заасны дагуу Байнгын хороод хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг санал, дүгнэлтийн хамт Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлснийг гишүүдэд танилцуулсан.

Ингээд Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Их Хурлын даргын 396 дугаар захирамжаар хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Н.Батсүмбэрэл, Х.Болормаа, Б.Бадамсүрэн, Ш.Бямбасүрэн, Ж.Галбадрах, Х.Ганхуяг, Х.Жангабыл, Б.Заяабал, Т.Мөнхсайхан, П.Мөнхтулга, Ц.Мөнхтуяа, П.Наранбаяр, Д.Пүрэвдаваа, П.Сайнзориг, Ц.Туваан, Б.Уянга, Д.Үүрийнтуяа, Г.Хосбаяр, Л.Энхнасан, С.Эрдэнэбат, Р.Эрдэнэбүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
Энэ талаарх Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, тус Ажлын хэсэг 2026 оны 10 дугаар сарын 19-27-ны өдрүүдэд нийт таван удаа хуралдсаныг дурдаад, ингэхдээ нэгдсэн төсвийн төсөлд тооцоолол хийж, тодорхой зарчмуудыг баримтлан асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэсэн гэлээ.


Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн нэгдсэн төсвийн тооцоололд "Оюу толгой" ХХК-иас нийтдээ 3.0 их наяд төгрөгийн хэмжээтэй ногдол ашгийн орлогыг төсөвт төвлөрүүлж, үүнээс Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, мөн нийгмийн өмнө тулгамдсан суурь асуудлууд болон эрчим хүч, бусад салбарын санхүүгийн хүндрэлийг үе шаттай арилгах, хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай хөрөнгийн дутагдлыг шийдвэрлэхэд зарцуулах асуудлыг төслийн үзэл баримтлалд холбогдох тооцооллыг тусгасан байсан. Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг татан авсан тул 2027 оны төсвийн жилд “Оюу толгой” ХХК-ийн ноогдол ашгаас төсөвт төвлөрүүлэхээр тооцсон 2.0 их наяд төгрөгийг тэнцвэржүүлсэн орлогоос бууруулж, Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлэх орлогыг 2.0 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх төсвийн төслийн үзэл баримтлалын дагуу төсөлд тусгасан "ОТ" код бүхий хөрөнгө оруулалтын төслүүдийг төслөөс хасах замаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг сайжруулах нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзсэнийг Ж.Батжаргал гишүүн танилцуулгадаа онцолсон.


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан үг хэлсэн. Тэрбээр, Улсын Их Хурлын мэргэжлийн хоёр Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж буй нь энэ асуудал ямар чухал болохыг харуулж байгаа ч, хэлэлцүүлэг багатай болж байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд, үнийн өсөлт, инфляц буурахгүй, шатахууны хомсдол иргэдийн тулгамдсан асуудал болсоор байгаа энэ цаг үед 17 жилийн дараа “Оюутолгой” ХХК-иас орж ирэх ногдол ашгийг Засгийн газар төсөвт төвлөрүүлээд зарцуулах гээд төлөвлөсөн нь оновчгүй байсныг онцлон тэмдэглэв.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиуд төсвөө энэ хүрээнд боловсруулж, батлуулахыг зохицуулахаар хуульчилж байгаа асуудал. Гэтэл бид сүүлийн үед төсвөө баталчихаад, үүнийгээ дагуулаад төсвийн хүрээний мэдэгдлийнхээ хүрээ, хязгаарыг өөрчилдөг зарчимгүй хандлагатай болоод байна. Цаашид ингэж хууль баталж, хэлэлцэх нь цаг барсан ажил болж байна гэсэн саналыг хэлсэн.


Ингээд Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураав.
Тодруулбал, төслийн 1 дүгээр зүйлийн Эдийн засгийн үндсэн үзүүлэлт дэх Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ /тэрбум төгрөг/ 2027 онд “41,280.0” гэснийг “39,280.0” гэж, ДНБ-нд эзлэх хувь “35.8” гэснийг “34.1” гэж, Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/ 2027 онд “43,586.0” гэснийг “41,586.0” гэж, ДНБ-нд эзлэх хувь “37.8” гэснийг "36.1” гэж, Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ /тэрбум төгрөг/ 2027 онд “9,608.0” гэснийг “7,608.0” гэж, ДНБ-нд эзлэх хувь “8.3” гэснийг “6.6” гэж, Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ /тэрбум төгрөг/ 2027 онд “10,333.3” гэснийг “8,333.3” гэж, ДНБ-нд эзлэх хувь “9.0” гэснийг “7.2” гэж тус тус өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 65.8 хувь нь дэмжлээ.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг явуулсан талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
