...
...
Logo
Улс төр
•Sainjargal
•10-р сар 12

Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа

Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж өнөөдөр (2026.10.12) Хорват Улсын парламентын дэд дарга Сабина Гласовач тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга, Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг зорин ирсэн хүндэт зочдыг Монгол Улсад тавтай морилохыг уриад, салбар хуралдаанууд энэ цаг мөчид амжилттай үргэлжилж буйг онцоллоо. Тэрбээр, манай хоёр улс тэртээ 1990 оны эхэнд ардчиллын замналыг сонгосноос хойш өөр өөрсдийн хөгжлийн хэмнэлээр урагшлахдаа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарсаар ирснийг тэмдэглэв. Үе үеийн парламентад эмэгтэйчүүдийн дуу хоолой хүчтэй, манлайлал нь бодитой байсныг онцлоод өдгөө 126 гишүүнтэй парламентад 32 эмэгтэй гишүүн сонгогдсон нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсныг хэллээ.

 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж үргэлжлүүлэн, хууль тогтоох байгууллагад эмэгтэйчүүдийн төлөөлөл их байх тусам нийгмийн бүлгүүдийн дуу хоолойг тэнцвэртэй хүргэж, илүү бодитой, уян хатан шийдвэр гардаг гэдгийг тодотголоо. Монгол, Хорват хоёр улсын олон талт хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимжсэнийг дурдаад, тэр дундаа парламентын бүлэг хоорондын харилцаа шинэ шатанд гарсныг талууд онцолж байв. Хорват Улсын парламентын дэд дарга Сабина Гласовач ярианыхаа эхэнд, Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг халуун дулаан уур амьсгал дунд амжилттай зохион байгуулж буйд талархал илэрхийлсэн юм.

2026-10-12 17.49.22.jpg

Сүүлийн гурван жилийн хугацаанд манай хоёр улсын харилцаа идэвхжиж байгааг тэмдэглээд, ялангуяа хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, эдийн засаг зэрэг салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэх арвин нөөц боломжтойг тодотголоо. Тухайлбал, харилцан туршлагад суурилан төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ салбарын менежмент, боловсон хүчний асуудлыг цогцоор нь харах шаардлагатайг ч хэллээ. Түүнчлэн Хорват Улс боловсролын салбартаа амжилттай хэрэгжүүлсэн томоохон төслүүдээс онцолж, төрийн үйлчилгээнд цахим шилжилтийг нэвтрүүлсэн туршлагаас дурдлаа.

2026-10-12 17.49.42.jpg2026-10-12 17.49.29.jpg

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын орчныг бодлогоор дэмжих, ноос ноолуур болон бусад төрлийн бүтээгдэхүүнүүдийн экспортыг нэмэгдүүлэх санаачилгаас дэвшүүллээ. Тэрбээр ярианыхаа төгсгөлд Монгол Улс олон талт боломжоор дүүрэн орон гэдгийг тодотгов. УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Хорватын парламентын бүлгийн дарга М.Мандхай хэлэхдээ, эдгээр санал санаачилгуудыг цаашид ажил хэрэг болгож, бодит үр дүн гаргахад анхаарч ажиллахаа илэрхийлэв. Нөөц боломжоо бүрэн дүүрэн дайчлан, харилцаагаа шинэ шатанд гаргахад парламентын бүлгүүд илүү нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа уламжиллаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

2026-10-12 17.49.50.jpg

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!