Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхбат Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн гишүүн Б.Жаргалан нар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Парламентын Сенатын Залуучууд, эмэгтэйчүүд, соёл, спортын байнгын хорооны дарга Орзигуль Козихонова тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2026.10.12/ хүлээн авч уулзав.
Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхбат уулзалтын эхэнд Монгол Улсад болж буй Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцохоор ирсэн тус улсын парламентын төлөөлөгчдөд ажлын амжилт хүслээ. Мөн Монгол Улсын хувьд Бүгд Найрамдах Узбекистан Улсыг Төв Азийн бүс нутаг дахь чухал түнш хэмээн үзэж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө бэлэн байгаагаа илэрхийллээ.

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Парламентын Сенатын Залуучууд, эмэгтэйчүүд, соёл, спортын байнгын хорооны дарга Орзигуль Козихонова, цаг зав гарган хүлээн авсанд Монгол, Узбекистаны парламентын бүлгийн гишүүдэд талархал илэрхийлээд, уламжлалт найрсаг харилцаатай, өнө эртний баялаг түүхтэй Монгол Улсад зочилж байгаадаа баяртай байна гэв.
Тэрбээр хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд хэрэгжүүлсэн харилцан айлчлалын үр дүнд уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэлээ.

2024 онд Монгол-Узбекистаны парламентын бүлгэм, 2025 онд Узбекистан-Монголын парламентын бүлгэм байгуулагдсаныг хатагтай Орзигуль Козихонова энэ үеэр дурдаад, тус улсын парламентын бүлгүүд дотор хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь Узбекистан-Монголын парламентын бүлэг болоод байгааг дуулгалаа. Түүнчлэн тэрбээр хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа худалдаа, эдийн засаг, нийгэм, соёл, боловсролын салбарт эрчимтэй хөгжиж байгааг тодотгоод, цаашлаад парламент, тэр дундаа эмэгтэйчүүд, залуучууд соёл, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байнгын хороо, парламентын бүлэг хооронд харилцан туршлага солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүслээ.

Монгол Улсын Их Хурал дахь Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхбат хоёр улсын төрийн тэргүүн нар худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэхээр тохиролцсоныг онцлоод, 2025 оны эцсийн байдлаар худалдааны эргэлт өмнөх түвшнээс гурав дахин нэмэгдсэнийг дуулгав. Мөн тэрбээр дээд түвшний айлчлалын үеэр тохирсон Боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбар дахь харилцааг гүнзгийрүүлэн өргөжүүлэх оюутан залуусыг Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт харилцан хамруулах чиглэлээр тохирсон ажлууд амжилттай хэрэгжиж, энэ жил 2 дугаар ээлжийн 10 оюутан суралцахаар болсонд баяртай байна гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат хоёр орны парламентын бүлгүүдийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, энэ хүрээнд харилцан туршлага солилцох уулзалтуудыг тогтмолжуулахад санал нэгтэй байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
