Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Энэ өдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, П.Сайнзориг, М.Нарантуяа-Нара, Г.Дамдинням, Дам.Цогтбаатар, Л.Соронзонболд, С.Эрдэнэболд, Х.Тэмүүжин, С.Цэнгүүн, Б.Тулга, О.Алтангэрэл, С.Одонтуяа, Л.Мөнхбаатар, Х.Баасанжаргал, Г.Уянгахишиг нар хүрэлцэн ирж, оролцлоо.

Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар хэлэлцэх асуудлын товыг танилцуулж, хэлэлцэх асуудалтай холбогдуулан саналтай гишүүн байгаа эсэхийг тодруулахад, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин санал хэлэв.


Мөн хуралдаан даргалагчийн зүгээс Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалттай холбогдуулан Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг ирэх долоо хоногт хэлэлцүүлэхээр хойшлуулах санал гаргасныг гишүүдийн 76.5 хувь нь дэмжлээ.

Хуралдаанаар төсвийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газраас тайлбар сонсох хүсэлтийг гишүүд гаргасан тул УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ж.Бямбадулам хуралдааны дэгийн талаар мэдээлэл өгөв.

Байнгын хороо үргэлжлүүлэн, Засгийн газраас 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн танилцуулав. Тэрбээр, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 2026 оны хоёрдугаар сарын байдлаар 8,412 нэхэмжлэл шинээр хүлээн авч, 3,376 хэргийг шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан нэг шүүгчид ногдох хэргийн тоо 2.5 дахин өсөж, дунджаар 1,456 хэрэг, нэхэмжлэл оногдох болсон нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тогтоосон зохист ачааллаас 4.3 дахин их байна. Шүүхийн ачаалал хэтэрснээр иргэдийн шударга шүүхээр шүүлгэх, шүүхэд мэдүүлэх эрх ноцтой зөрчигдөх эрсдэлтэй. Иймд тогтмол үнийн дүнг олон улсын жишгээр хуульчилж, тусгайлсан журмаар арван таван сая найман зуун дөчин мянган төгрөгөөс доошгүй мөнгөн дүнтэй хэргийг шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасан гэв. Мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлэх үйл ажиллагаанд жилд 300 сая орчим төгрөг зарцуулдаг ч гардуулалт 85 хувь нь амжилтгүй байгаа. Тиймээс үндэсний цахим шуудангаар мэдэгдэх хуудсыг илгээж, шүүхэд ирээгүй бол олон нийтэд нээлттэй зарлаж, мэдэгдсэнд тооцдог болох зохицуулалтыг тусгасан. Хэрэг, маргааны 80 хувь нь зээлийн гэрээний асуудал байгааг харгалзан зээлдэгчийн баталгаажуулалтыг нэгдсэн байдлаар, зайлшгүй хийх үүргийг зээлдэгчид ногдуулах шаардлагатай гэж хууль санаачлагч үзжээ. Ердийн журмаар шийдвэрлэх хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгохгүй байх зохицуулалт оруулсан гэлээ. Хуулийн төсөл батлагдсанаар тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралаас гарч, маргааныг шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ хэмээв.

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Л.Соронзонболд, С.Эрдэнэболд, Б.Тулга, О.Алтангэрэл, Л.Мөнхбаатар, Х.Баасанжаргал нар асууж, байр суурь илэрхийллээ. Гишүүдийн асуултад Хууль зүй, дотоод хэргийн яам болон Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл хариулсан. Хууль зүйн нэр томьёоны асуудлыг гишүүд хөндөж байлаа. Ялангуяа цахимтай холбоотой нэршлийг орчин цагийн монгол хэлнээ буулгахдаа нягт нямбай хандах учиртайг сануулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.7 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ. Хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг мөн дэмжсэн тул Байнгын хороо санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


Хууль зүйн байнгын хорооны хуралдаан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ. (Төслийг эндээс үзэх)
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаж, энэ тухай УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, С.Эрдэнэболд нар тодруулж, санал хэлэв. Төслийг зүйл бүрээр хэлэлцэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж, шийдвэрлэсэн тул Байнгын хороо санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Илтгэгчээр УИХ-ын гишүүн С.Цэнгүүнийг томиллоо.

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Уг төслийг Засгийн газраас өргөн мэдүүлэхдээ ирэх оны төсөвт иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангаж, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн ачааллыг бууруулах, хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогыг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжих эрхийг хангах, төрийн албан хаагчдын орлогын баталгааг сайжруулах, хүүхэд бүр чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлэхэд анхаарсан онцлогтой.


Хуулийн байгууллагуудын төсвийн асуудлыг тухайлан хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдийн асуултад Засгийн газрын яам, агентлагуудын болон УИХ-аас удирдлагыг нь томилдог байгууллагуудын төлөөллүүд хариулав.

УИХ-ын гишүүн Дам.Цогтбаатар, П.Сайнзориг, Л.Соронзонболд, С.Эрдэнэболд, О.Алтангэрэл, С.Одонтуяа, Ж.Баярмаа, Г.Уянгахишиг, Х.Баасанжаргал нар асууж, байр сууриа илэрхийллээ. Тэд цагдаагийн алба хаагчдын орон тоо, хувцас хангалттай холбоотой, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг хөндлөө. Ази, Номхон далайн хүний эрхийн үндэсний байгууллагуудын сургалтын төвийг Монгол Улсад байгуулах, Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх ажиллагаатай холбоотой гэр бүлийн сэтгэлзүйчийн орон тоог тусгах, мансуурах, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээг таслан зогсоох, шүүх, прокурорын барилгын бүтээн байгуулалтын төсвийн талаар асууж тодруулсан. Гишүүд шүүх эрх мэдлийн төсвийг гүйцэтгэх засаглалынхтай зэрэгцүүлэн хэлэлцэх нь зохисгүйг сануулж байв.


Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн гишүүдийн асуултад хариулахдаа, үр дүнд суурилсан төсөвлөлтөд анхаарч, онцолж буй гишүүдийн шүүмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийллээ. Мөн энэ чиглэлд Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар манлайлж байгааг онцолсон юм.


Нэн шаардлагатай хөрөнгө оруулалтыг юуны түрүүнд эрэмбэлэх шаардлагатайг хуралдаан даргалагч Л.Мөнхбаатар сануулсан. Хүүхэд, гэр бүлийн шүүх байгуулахыг парламент бодлогоороо дэмжиж, хуулиа баталчихаад байхад төсвийн төсөлд уг асуудлыг орхигдуулсан байгааг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал шүүмжиллээ. Ирэх онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн орон тоог 190-ээр нэмэгдүүлэхээр төсөлд тусгасан, гэр бүлийн сэтгэлзүйчийн асуудлыг шийдвэрлэх боломжтой хэмээн Засгийн газрын төлөөлөл хариулав.

Төсвийн талаарх хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж, танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсоноор хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
