...
...
Logo
Улс төр
•Sainjargal
•9-р сар 29

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 30 гишүүн боловсруулсныг өнөөдөр (2026.09.29) С.Цэнгүүн, Ч.Анар, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, Г.Хосбаяр нарын гишүүд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өргөн мэдүүллээ.

Үндсэн хуулиар Улсын Их Хуралд олгогдсон төрийн санхүү, улсын төсвийг батлах бүрэн эрх, мөн төсвийн ил тод, хариуцлагатай, иргэдийн оролцоог хангах зарчмыг хэрэгжүүлэхээр хуулийн төслийг боловсруулжээ.

photo_2026-09-29_14-31-13.jpg

Хуулийн төслийн хүрээнд дараах зургаан асуудлыг зохицуулах юм байна. Тухайлбал, төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг үндсэн шалгуурт тулгуурласан урьдчилсан үнэлгээ, оноо, түүний дагуу тогтоосон эрэмбэд үндэслэн төсөвт тусгах; улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нь улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх болон уялдаа холбоог хангасан эсэхийг төсвийн төсөлд нэгтгэн боловсруулах; төсвийн хөрөнгө оруулалтын үнэлгээ, эрэмбэ, санхүүжилт, төсөл, арга хэмжээний талаарх мэдээллийг нээлттэй цахим хэлбэрээр нийтлэх зэрэг юм байна. Түүнчлэн төсвийн урсгал зардлын бүтэц, зориулалт, нэгж өртөг, тоо хэмжээ, хүрэх үр дүнгийн талаарх мэдээллийг нарийвчлан төсвийн төсөлд тусгах, нийтэд ил тод болгох; төсвийн төслийг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр танилцуулж, иргэдийн саналын талаар тайлагнах болон төсвийн тусгай шаардлагыг мөрдөөгүй албан тушаалтанд хариуцлага тооцох зэрэг асуудлыг тусгасан байна.

Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг улсын төсвийн төсөлд тусгахдаа нэгдсэн шалгуур үзүүлэлт, жинлэсэн онооны аргачлалд тулгуурлан, улс төрийн нөлөөллөөс ангид, нотолгоонд суурилах нарийвчилсан зохицуулалт нь төслийн зарчмын шинжтэй, цөм агуулга болохыг С.Цэнгүүн гишүүн танилцуулсан.

Энэ хүрээнд урьдчилан үнэлээгүй, эрэмбэлээгүй төсөл, арга хэмжээг улсын төсөвт тусгахыг хязгаарлах зарчим тусгагджээ. Мөн төсвийн урсгал зардлын мэдээллийг төсвийн захирагч бүрээр, зардлын нэр төрөл, зориулалт, нэгж өртөг, тоо хэмжээ, өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулсан байдлаар дэлгэрэнгүй тайлагнах шаардлагыг нэмж тусгасан байна. Түүнчлэн “иргэдийн төсөв” хэлбэрийн хялбаршуулсан, харьцуулалт бүхий танилцуулгыг хуульчлан тогтоож, олон нийтийн хэлэлцүүлгийн үр дүнг тайлагнах хэлбэрийг бий болгох нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна.

Эдгээр харилцааг Төсвийн тухай хуулиар зохицуулсан ч хэрэгжилт хангалтгүй, төсвийн төлөвлөлтийн сахилга сул, урсгал зардлыг дэлгэрэнгүй танилцуулдаггүй, үүний улмаас төрийн байгууллагуудын үр ашиггүй, урсгал зардал тогтмол өсөх хандлагатай байгааг төслийн танилцуулгад дурджээ.

photo_2026-09-29_14-31-13 (2).jpg

Иймд төсвийн төсөл боловсруулах ажиллагааг гадаад орны сайн туршлага, бусад судалгаа, шинжилгээ, дүгнэлтийн хүрээнд олон улсын жишиг аргачлалд нийцүүлэн боловсруулсан байна. Тодруулбал, оноонд суурилсан эрэмбэлэх тогтолцоо болон төсвийн ил тод байдлын үнэлгээнд санхүүгийн тайлан гаргах, төсвийн төлөвлөлт, эрсдэлийн удирдлага, нөөц баялгийн орлогын удирдлагыг нэвтрүүлэхээр хуулийн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Мөн төсвийн төсөл, тодотгол, гүйцэтгэлийн тайлан бүрийг энгийн хэлбэрээр нийтлэх, олон нийтийн саналыг хэрхэн шийдвэрлэсэн тухай эргэн мэдээлэх тогтолцоог бүрдүүлэх зохицуулалтыг тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!