Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төслийн Удирдах хороо хуралдлаа

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрыг түшиглэн хэрэгжүүлэх “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог дээшлүүлэх нь” төслийн Удирдах хорооны анхдугаар хурал өнөөдөр (2026.09.28) Төрийн ордонд боллоо.

Удирдах хороог Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Лионел Лорон, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар хамтран даргалах бөгөөд бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга А.Ундраа, Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКA)-ын Монгол дахь Суурин төлөөлөгч, хатагтай Жу Хэйн Нан болон Хүний эрхийн үндэсний Комисс, Сонгуулийн ерөнхий хороо, Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны удирдлагууд, мөн холбогдох төрийн бус байгууллагын төлөөлөл ажиллах юм.

Хурлыг нээж НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Лионел Лорон, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ж.Бямбадулам, КОЙКA-ын Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нар үг хэлж, 2021-2024 онд хамтран хэрэгжүүлсэн энэхүү төслийн эхний үе шатны төслийн хүрээнд чухал үр дүнд хүрснийг тэмдэглэж, хоёр дахь шатанд үр дүнгээ бататгаж, амжилтаа ахиулна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв.


Төрийн шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог хангахад тулгарч буй тогтолцоо, институц, нийгэм, соёлын саадыг бууруулж, тэдний тэгш оролцоо, дуу хоолой, төлөөллийг дэмжих зорилготой уг төсөл 2026–2029 онд хэрэгжинэ.
Төслийн хүрээнд эмэгтэйчүүд, залуучуудын улс төрийн манлайллыг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгох замаар холбогдох институцийн чадавхыг бэхжүүлж, олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэхээр төлөвлөжээ. Энэ талаар төслийн менежер Э.Эрдэнэчимэг дэлгэрэнгүй танилцуулж, 2026 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцүүлэв.

Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга А.Ундраа төслийн үйл ажиллагаанд амжилт хүсээд, өргөн хүрээтэй зорилтыг хэрэгжүүлэхийн тулд нөлөөллийн арга хэмжээ, сургалт, манлайллын хөтөлбөрт зөвхөн эмэгтэйчүүд, тэр дундаа Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийг дайчлахаас гадна эрэгтэйчүүд болон зорилго, мөрөөдөлтэй залуучуудыг өргөнөөр оролцуулах нь үр дүнтэй болохыг онцлов.

Мөн Удирдах хорооны гишүүд сургалтын модулийг сайжруулах, тэтгэлэгт хөтөлбөрийн удирдамж болон оролцогчдын үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, үр дүнгийн үзүүлэлтийг нарийвчлах, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг санал гаргаж, хэлэлцүүлэг өрнүүллээ гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
