...
...
Logo
Улс төр
•Sainjargal
•9-р сар 28

Ерөнхий хяналтын сонсгол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа урамшууллын төрөл, хүртээмж, үр дүн сэдвээр үргэлжлэв

Ерөнхий хяналтын сонсгол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа урамшууллын төрөл, хүртээмж, үр дүн сэдвээр үргэлжлэв

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй Ерөнхий хяналтын сонсголын өнөөдрийн /2026.09.28/ үдээс хойших хэсэг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа урамшууллын төрөл, хүртээмж, үр дүн сэдвийн хүрээнд үргэлжилсэн.

photo_2026-09-28_12-18-00.jpg

Сонсголд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Болорсүх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа урамшууллын төрөл (cүү, мах, ноос, ноолуур, хүнсний ногоо, арьс шир, улаанбуудай) хүртээмж, үр дүнгийн талаар танилцуулав.

photo_2026-09-28_17-37-34 (3).jpg

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс долоон төрлийн урамшуулал олгосон гэдгийг тэрбээр онцлоод нийт 931.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 1.6 сая иргэн, аж ахуйн нэгжид олгосон гэв.

Энэ талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.

01.png

Дараа нь Монгол Улсын Үндэсний аудитын газрын Ерөнхий аудиторын орлогч З.Цэдэнжав Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний талаарх аудитын үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

photo_2026-09-28_17-37-34 (4).jpg

Энэ талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Screenshot 2026-09-28 at 14.35.15.png

Улсын төсвийн 2023-2025 оны хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүнгийн тухайд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг нэн тэргүүний хэрэгцээ шаардлага, тэргүүлэх ач холбогдол, эдийн засгийн үр өгөөжөөр нь эрэмбэлж төлөвлөөгүй, санхүүжилтийн эх үүсвэрийг оновчтой ашиглаагүй байна хэмээн аудитын дүгнэлтэд дурджээ.

Иймд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үр дүнд бий болсон үйлдвэр, агуулах, зоорь, хүлэмж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, үржлийн мал зэргийн ашиглагчийг нээлттэй, ил тод, өрсөлдөөнт зарчмаар сонгон шалгаруулах, оновчтой, үр ашигтай ашиглахад чиглэсэн журам, заавар боловсруулан баталж, нэгдсэн арга зүйгээр хангах, хэрэгжилт үр дүнг бүртгэх, тайлагнах, хянах, хариуцлага тооцох тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай хэмээн зөвлөмж өгсөн байна.

photo_2026-09-28_12-17-58.jpg

Аудитаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 174,127.1 тэрбум төгрөгийн таван албан шаардлага өгч, 18.0 сая төгрөгийн нэг акт тогтоон, хууль хяналтын байгууллагад хоёр асуудлыг шилжүүлж, ХХААХҮС-д зөвлөмж өгч, Улсын Их Хуралд аудитын тайлангаар холбогдох асуудлыг толилуулсан гэдгийг Ерөнхий аудиторын орлогч онцлон тэмдэглэв.

Үргэлжлүүлэн Төрөөс сүү, мах, ноос, ноолуур, хүнсний ногоо, арьс шир, улаанбуудайн чиглэлээр зарцуулсан урамшууллын хэмжээ, үр дүнгийн хэрэгжилтэд хийсэн хөндлөнгийн шинжээчийн дүгнэлттэй танилцлаа.

Шинжээч ирүүлсэн материалын хүрээнд авч үзэхэд, 2008-2025 онд төрөөс долоон төрлийн бүтээгдэхүүнд урамшуулал олгосон бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ирүүлсэн тушаал, шийдвэр, санхүүгийн бусад баримтуудад дүн шинжилгээ хийхэд үнийн дүн 349 тэрбум төгрөгөөр зөрүүтэй байгаа нь салбарын яамнаас мэдээллээ бүрэн ирүүлээгүйтэй холбоотой гэв.

02.png

Мөн шинжээч төрийн урамшууллыг асуудал шийдвэрлэгдсэн эсэхээр бус олгосон дээр төвлөрч хэрэгжүүлсэн, урамшууллын шалгуур үзүүлэлтийг боловсруулж, ил тод мэдээлээгүй, урамшууллын олголт, үйлдвэрлэлийн бодит үр дүн, төсвийн зарцуулалтын мэдээлэл хоорондоо уялдаагүй байна хэмээн дүгнэжээ. Иймд урамшууллын талаар холбогдох журам, тогтоолд үр дүн буюу хэмжих шалгуур үзүүлэлт, чиг үүрэг, хариуцлага байхгүй, урамшууллыг үр дүнтэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна хэмээн дүгнэлтдээ дурдсан байлаа.

photo_2026-09-28_17-37-34 (7).jpgphoto_2026-09-28_17-37-34 (8).jpgphoto_2026-09-28_17-37-34 (9).jpg

Сонсголоор хөндсөн сэдэвтэй холбогдуулан 12 оролцогч санал хэлсэн. Оролцогчдын олонх чухал асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж буйд талархлаа илэрхийлээд, өнөөдрийг хүртэл төрөөс олгож буй урамшууллын төрлүүд, түүнд хэрхэн хамрагдах талаар иргэд бүрэн дүүрэн мэдээлэлгүйгээс малчид, тариаланчид урамшуулалд тэр бүр хамрагдаж чадахгүй, хүртээмж тааруу байгааг онцолж байлаа.

Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрөөс олгож буй урамшуулал, дэмжлэгийн талаарх дата мэдээллийг олж авахад нэн бэрхшээлтэй байдаг талаар судлаачид тодотгоод, цаашид салбарын яам энэ асуудалд нээлттэй байх, улмаар дэвшүүлсэн зорилго, зорилтдоо хүрээгүй урамшууллын төрлийг зогсоож, үр дүн гаргаж буй төрлүүдэд шилжүүлэх, ялангуяа хөнгөн үйлдвэрийн салбарыг бодлогоор дэмжих нь зүйтэй гэх асуудлыг тус тус хөндөж байлаа.

photo_2026-09-28_17-37-34 (10).jpg

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Ганхүлэг, О.Амгаланбаатар, Х.Баасанжаргал нар асуулт асууж, үг хэлж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ шинжээчийн дүгнэлтэд дурдсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам тушаал, шийдвэр, санхүүгийн бусад баримтуудын талаар мэдээллээ бүрэн ирүүлээгүй шалтгаан, үнийн дүн зөрүүтэй байгаад салбарын яамнаас тайлбар хүссэн бол, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг 2008 оноос хойш хөдөө аж ахуйн салбарт долоон төрлийн урамшуулалд 979.9 тэрбум төгрөгийг зарцуулсныг дурдаад, эл сонсголын үеэр хөндөгдсөн 300 гаруй тэрбум төгрөгийн зөрүүтэй тоон мэдээллээ шинжээчид, салбарын яам цэгцэлж, нэгдсэн ойлголтод хүрэх нь зүйтэй гэсэн саналтай байлаа.

photo_2026-09-28_17-37-34.jpg

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хариултдаа, шинжээчид салбарын тоон мэдээллийг бүхэлд нь бус зөвхөн хүнс, хөдөө аж ахуйгаар нь хязгаарлан танилцуулга хийснийг тодотгоод, 2026 оны наймдугаар сарын 14-ний өдрийн сайдын гарын үсэгтэйгээр 2008-2025 оныг хүртэл салбарт олгосон татаас, урамшуулал, хүүгийн хөнгөлөлт гээд 18 төрлийн урамшууллын бүх мэдээллийг хүргэсэн, урамшуулал бүгд шалгуур үзүүлттэй гэж байлаа.

Харин шинжээч хариултдаа, холбогдох журам, тогтоолд дүн буюу шалгуур үзүүлэлт байхгүй тул үр дүнтэй хэрэгжсэн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байсныг онцлоод, нэгдсэн дүн мэдээлэл зөрүүтэй байгаа нь салбарын яамнаас ирүүлсэн тушаалуудад л дүн шинжилгээ хийсэнтэй холбоотой гэж байлаа. Түүнчлэн шинжээч ирүүлсэн материалын хүрээнд тушаалуудыг нь шүүж үзэхэд, зарим нь дүн шинжилгээ хийхэд харагдах боломжгүй, хүндрэлтэй нөхцөл байдалд ажилласан гээд иймд 14 мянган хуудас материалыг нэг бүрчлэн шаардлага хангасан, хангаагүй гэж хэлэх боломжгүй хэмээв.

photo_2026-09-28_17-37-34 (5).jpg

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат шинжээчдэд хариуцлагатай байхыг анхааруулаад, сонсголын төгсгөлд 14 мянган хуудас ирсэн, шалгаж амжаагүй гэдэг тайлбар хийгээд сууж болохгүй гэв. Тэрбээр сонсгол цагаа олсон хэдий ч асуудлыг он цагийн дарааллаар нь зөв талаас нийгэмд ойлгуулах нь зүйтэй гээд, шинжээчдэд хүргүүлсэн материалуудыг ч ил болгохыг хүсэв.

Төгсгөлд нь сонсгол даргалагч М.Мандхай уг асуудалтай холбогдуулан үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ “Салбарын сайдын танилцуулгыг нэгтгэн дүгнэхэд мах махан бүтээгдэхүүний дотоодын хангамж 2021 онд 97 байсан бол 2025 онд 93 хувь, сүүн бүтээгдэхүүний дотоодын хангамж 2021 онд 61 байснаа 2025 онд 59 хувь, гурилын дотоодын хангамж 2021 онд 98 байснаа 2025 онд 81 хувь болон буурч, харин өндөгний дотоодын хангамж 2021 онд 51 байснаа 2025 онд 66 хувь болж өссөн гэдэг нь харагдлаа. Эдгээр үзүүлэлт өсөж, буурч байгаа нь зөвхөн тоо төдий бус үүний цаана иргэдийн амьдралд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилготой хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн харагдаж байгаа гэдгийг бодох ёстой” гэж байлаа.

photo_2026-09-28_12-18-02.jpg

Мөн тэрбээр өнөөдөр хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрөөс үзүүлсэн эдгээр дэмжлэг, урамшууллын үр дүнг хэлэлцэж байгаа нь тун сайшаалтай хэрэг бөгөөд шинжээчийн болон яамны танилцуулгад дурдагдсан тооны зөрүүг эргэн харж, засаж нэгдсэн мэдээлэлтэй болох нь зүйтэйг онцлов. Түүнчлэн сүүлийн 18 жилийн хугацаанд олгосон урамшууллын талаар нэгдсэн тоон мэдээлэлтэй болсноор цаашид хэрэгжүүлэх урамшуулал, дэмжлэгийг бодитой өсгөх, үр дүн гаргахын төлөө хамтдаа сайжруулж ажиллах бололцоо бүрдэнэ гээд, гишүүдийн хөндсөн хэмжих үзүүлэлт, хүрэх үр дүн, бүтээмжийг бий болгох асуудалтай санал нэг байгаагаа илэрхийллээ.

photo_2026-09-28_17-37-34 (6).jpgphoto_2026-09-28_17-37-34 (11).jpg

Үргэлжлүүлэн сонсгол даргалагч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу урьдчилан бичгээр ирүүлсэн санал, хүсэлт, мэдээллийн агуулгыг уншиж танилцууллаа. Сонсгол маргааш үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!