Тогтвортой хөгжлийн төлөөх орон нутгийн засаг захиргаа ICLEI-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Тогтвортой хөгжлийн төлөөх орон нутгийн засаг захиргаа /ICLEI/-ны Зүүн Азийн Нарийн бичгийн дарга нарын газрын Бүсийн захирал бөгөөд БНХАУ дахь төлөөлөгч Шу Жу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд дэлхийн улс орон, хотуудын өмнө нийтлэг тулгамдаж буй газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлаар санал солилцож, эдгээр сорилтыг бууруулах, даван туулахад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотыг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, ногоон, тогтвортой хот болгон хөгжүүлэх нь нийслэлийн тэргүүлэх зорилтуудын нэг. Тиймээс ICLEI-ийн сүлжээгээр дамжуулан Зүүн Азийн хотуудтай ногоон хөгжил, уур амьсгалын тэсвэржилт, хотын усны менежмент, байгальд түшиглэсэн шийдэл, нүүрстөрөгч багатай хөгжлийн чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхолтой байна” гэв.
Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулсан Хотын дарга нарын чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад ICLEI-ийн зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажилласанд талархал илэрхийллээ. Харин /ICLEI/-ны Зүүн Азийн Нарийн бичгийн дарга нарын газрын Бүсийн захирал бөгөөд БНХАУ дахь төлөөлөгч Шу Жу цаашид урт хугацаанд хамтран ажиллаж, олон төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломжтойг илэрхийллээ.



Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
