...
...
Logo
нийтлэл
Sainjargal
8-р сар 22

Эзэн Богд Чингис хааны сүр хүч, суу билгийн авшигтай Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Эзэн Богд Чингис хааны сүр хүч, суу билгийн авшигтай Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо.

Тахилгын өмнөх орой лам, хуврагууд Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрд тахилгын ном хурааж, туульчид Аргил Цагаан өвгөн тууль хайллаа.

Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, Хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.

Дараа нь Хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Дорнын элч сүлд, Хэнтий аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа.

Туульч, Соёлын гавьяат зүтгэлтэн Э.Баатаржав “Эзэн Чингисийн магтаал” хайлсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Хар Зүрх уулын тэнгэрт хандсан айлтгалыг уншиж сонордуулан, айлтгалын эх бичгийг аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Д.Аюурбуньд гардууллаа.

Энэ үеэр Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж тэргүүтэй лам, хуврагууд Буман цагаан судар, Дэвжид сэржим, Жанлав цогзол ном уншлаа.

Хар Зүрх хайрхан бол монголчуудын төрт ёсны ариун гал голомт, Эзэн Богдыг Чингис хаан хэмээн өргөмжилсөн түүхт нутаг. Энэ хайрхан уулын цадиг түүх бол төрт ёс, түүхэн уламжлал, түмэн олны сүсэг бишрэл, төр, шашны эрхэм ёс, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ардын ухаан, өв соёл, зан заншлын цогц илэрхийлэл гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэллээ.

Монголчуудын мянга мянган жилийн түүхтэй уул, овооны төрийн тахилга бол эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах үзэл санаа, үүрэг, хариуцлага бөгөөд улсын үндэс болсон газар нутгаа тамгалан тогтоож, өв соёл, үүх түүх, зан заншлаа ирээдүй хойчдоо өвлүүлэн уламжлуулах өргөн агуулга, өндөр ач холбогдолтой төрийн их ёслол гэдгийг тэмдэглэлээ.

Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчууд бидний эрхэм дээд үүрэг мөн гэдгийг онцоллоо.

Тэрбээр тэнгэрт хүргэх дуут сумыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, үндэсний сурын Сумын мэргэн Ж.Эрхэмбаярт хүлээлгэн өгч, мөн аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Онц тээвэрчин, мянгат малчин Г.Дэмчигсүрэнгийн цагаан /бор/ азаргыг сэтэрлэлээ.

Хүндэт харуулын цэргүүд Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Дорнын элч сүлд, Хэнтий аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хайрханд гурвантаа мэхийн ёсолж, дахин хүндэтгэл үзүүлснээр Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн ёслол өндөрлөлөө.

Эзэн Богд Чингис хаан монгол овог аймгуудыг нэгтгэн, Их Монгол Улсаа байгуулсны 820 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хар зүрх уулыг төрийн тахилгатай болгох зарлигийг 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргасан.

Монгол Улсын хааны ордонд бичсэн төрийн албан түүхэнд өгүүлснээр Хар зүрх уул орчмын газар нутаг нь Хамаг Монгол Улсын төрийг 1189 онд сэргээн байгуулж, Тэмүжинг Чингис хаан хэмээн өргөмжилсөн, монгол төрийн өлгий нутаг.

Эзэн богд Чингис хаан дайн тулаанд огт ялагдаагүй, эсгий туургатныг шулуутган, нэгэн төрийн дор хурааж, бүс нутаг, дэлхий дахинд монгол үндэстний манлайллыг бий болгож, Монголын амар амгаланг дэлхий дахинд тогтоох үндэс сууриа тавьсан нутаг гэж үздэг юм.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!