УИХ-ын гишүүн П.Наранбаяр: Иргэдээс гаргаж буй санал, хүсэлт бүр хууль тогтоох үйл ажиллагаанд үнэ цэнтэй

“Улсын Их Хурлын гишүүнтэй биечлэн уулзаж, санал, хүсэлтээ илэрхийлэх боломжтой болсныг мэдээд Архангай аймгаас зорьж ирлээ. 10 цагаас уулзалт эхэлнэ гэсэн ч гэрээсээ эрт гараад 09 цаг 20 минутад ирээд сууж байна. Өмнө нь гишүүдтэй уулзаж, ярих цаг авах амаргүй байсан шүү. Ард, иргэдийнхээ үгийг сонсож, амьдралд ойр хуулийг баталж, төрийн бодлогоо зөв хэрэгжүүлэхэд энэ танхимд хийж байгаа уулзалтууд чухал. Биднийг үг, үзэл бодол илэрхийлэх боломжийг бүрдүүлсэнд баяртай байна” гэсээр өнөөдрийн уулзалтыг иргэн Д.Өлзийсайхан эхлүүлэв.
Тэрбээр монголчуудын уламжлалт ахуй, соёлын өвийг хүүхэд, залууст таниулах зорилгоор цаг үеийн өөрчлөлт, нийгмийн хөгжлийн явцад монгол гэрийн хийц, бүтэц, хэрэглээнд гарсан онцлогийг харуулсан гэрүүдийг өөрийн гараар урлан бүтээж, хүүхдүүдэд үнэ төлбөргүй танилцуулах санаачилгаа хэрэгжүүлэхээр зорьж буйгаа танилцууллаа. Энэхүү биет соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх ажилд дэмжлэг үзүүлж, холбогдох байгууллагуудад уламжилж өгөхийг хүссэн юм.
Уулзалтын үеэр иргэд мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, хангамжийг тогтвортой байлгах, нийлүүлэлтийн хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэхэд парламентын зүгээс анхаарч ажиллах шаардлагатайг онцлов.
Иргэн П.Батбэх “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа, түүнд хуваарилагдах ногдол ашгийг өвлүүлэх асуудлаар саналаа хэлсэн бол Сэлэнгэ, Ховд аймгаас ирсэн иргэд нийгмийн даатгал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмж, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдлын талаар хөндөж, санал солилцлоо.
Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр иргэдээс гаргаж буй санал, хүсэлт бүр хууль тогтоох үйл ажиллагаанд үнэ цэнтэй болохыг онцлоод үүссэн асуудлыг зөвхөн тухайн тохиолдлын хүрээнд бус, хүндрэл үүсгэж буй тогтолцооны шалтгааныг тодорхойлж, шийдвэрлэх чиглэлээр ажиллана гэдгээ илэрхийлэв.
Мөн уулзалтын үеэр парламентын үйл ажиллагаа, баталсан хууль тогтоомж болон цаг үеийн бусад асуудлаар иргэдэд мэдээлэл өглөө. Түүнчлэн Улсын Их Хурлын нэр бүхий найман гишүүний хамт санаачлан боловсруулж буй Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийн талаар танилцуулж, иргэдийг D.parliament.mn болон E-Mongolia систем дэх “Нээлттэй парламент” цэсээр дамжуулан хууль, тогтоомжийн төсөлд саналаа өгөхийг уриалав.
Эдгээр цахим системээр дамжуулан хуулийн төсөлд санал өгөхөөс гадна нийгмийн тулгамдсан асуудлаар нийтийн өргөдөл санаачлах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой санал, хүсэлтээ шуурхай илгээж, төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломжтойг тэрбээр онцлон тэмдэглэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
