...
...
Logo
Улаанбаатар
Sainjargal
7-р сар 22

Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно

Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно

Нийслэлийн Хархорин зах орчмыг Яармагтай холбох Дүүжин замын тээврийн барилгын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 85 хувьтай байна. Арцат–Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй уг төслийн хүрээнд 19 тулгуур баганыг суурилуулсан бөгөөд хоёр буудлын барилга угсралт үргэлжилж байна.

Төслийг Францын "Пома" группийн мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ  болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажиллаж буй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр дүүжин тээврийн G1 буудалд ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Дүүжин замын тээврийг есдүгээр сарын 19-өөс эхлэн туршиж эхэлнэ. Ингээд 10 дугаар сарын 20-оос арваннэгдүгээр сарын 20 хүртэл улсын комисс ажиллах юм. Төслийн нийт гүйцэтгэл 85 хувьтай үргэлжилж байна. Харин G1, G2 буудлын барилга угсралтын ажил 80 орчим хувьтай буюу төлөвлөгөөт хугацааны дагуу явж байгаа. Наадмын өдрүүдэд нэг кабинтай туршилтыг амжилттай хийсэн. Нэг кабинд 10 хүн суух боломжтой бөгөөд 800 кг-ын даацтай. Яармаг-Хархорин чиглэлийн 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой болно. Ийм 98 кабин иргэдэд үйлчилнэ. Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нийтийн тээврийн хамгийн орчин үеийн шинэ соёл иргэдэд хүрнэ” гэв.  

Дүүжин замын тээвэр цахилгаан тасарсан тохиолдолд автоматаар залгагдах нөөц генератортай, эрсдэлт нөхцөлд бүх кабиныг зогсоолд хүргэж, зорчигчдыг аюулгүй буулгах горимтой.

Дүүжин замын тээвэр төслийн Талбайн менежер Жуан Муниер “Төслийг хэрэгжүүлэх хугацаанд оролцогч талууд болох НТУГ, “Моннис инженеринг” ХХК, “Максимал” ХХК, “Пома”-гийн инженер техникийн ажилчид нэг зүгт харж ажилласан. Бид маш сайн үр дүнтэй ажиллаж байгаа. Монгол инженерүүдтэй ажиллахад их таатай байна. Гэрээнд заасны дагуу төсөл ашиглалтад орсны дараа гурван жилийн турш сургалт, засвар үйлчилгээг үзүүлнэ. Энэ долоо хоногоос Францын мэргэжилтнүүд аврах ажиллагааны сургалтыг мэргэжлийн байгууллагуудад явуулж байна” гэв.

НОБГ-ын Аврах ангийн Штабын дарга М.Цогтбаяр “Дүүжин замын тээвэр нь манай улсад анх удаа нэвтэрч буй шинэ төрөл учир аврагч бүрэлдэхүүнийг чадавхжуулах өндрийн дадлага сургуулилалтуудыг зохион байгуулж байна. Хэдийгээр дүүжин замын тээвэрт осол аваар гарах эрсдэл бага боловч бид бэлэн байдлыг хангаж энэ цэгт хүрч ажиллах аврагч бүрэлдэхүүнийг сургаж байгаа юм” гэв.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!