Хуулийн төслүүдийг эцэслэн баталж, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.05.22) нэгдсэн хуралдаан 10.00 цагт Улсын Их Хурлын 69 гишүүн хүрэлцэн ирснээр 54.8 хувийн ирцтэйгээр эхэлж, 17 асуудал хэлэлцэхээр танилцууллаа.
Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив
Пүрэв гарагийн (2026.05.21) чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүнээс энэ сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр нэгбүрчлэн санал хураалт явуулсан юм. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 88 гишүүний 55 нь буюу 62.5 хувь нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн бөгөөд санал хураалтад оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулсан. Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүнээс энэ сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн эдгээр төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн. Тус хуралдаанаар төсөл санаачлагчийн илтгэл, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч, төслийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. Өнөөдөр санал хураалтыг явуулахаар товлосон бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулав. Гишүүдийн 59.1 хувь нь дэмжихэд хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар эхлүүлсэн бөгөөд санал хураалтыг өнөөдөр явуулахаар шийдвэрлээд байсан юм. Энэ дагуу санал хураалт явуулахад 63 гишүүн буюу 71.6 хувийн саналаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын долоон төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Төслүүдийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүллээ
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Төслийн анхны хэлэлцүүлгийг Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар эхлүүлсэн бөгөөд өнөөдөр санал хураалт явууллаа. Харьяалах Байнгын хорооноос хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг нэгдсэн хуралдаанд гаргасныг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Улсын Их Хурлын 88 гишүүний 69.3 хувь нь дэмжсэн тул эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Эрүүгийн хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан эл төслийн анхны хэлэлцүүлгийг Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар эхлүүлсэн. Холбогдох санал хураалтыг өнөөдөр явуулахаар шийдвэрлэсний дагуу хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг дэмжих эсэх санал хураалтыг явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 75 хувь нь горимын саналыг дэмжсэн. Байнгын хорооноос гаргасан горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Эрүүгийн хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Эрүүгийн хууль дахь гүтгэхтэй холбоотой эдгээр зохицуулалтын талаар гишүүд нухацтай ярьсан. Нийтийн албан тушаалтны үйл ажиллагааг шүүмжлэх, олон нийтэд алдаа дутагдлыг нь ил тод мэдээлэх, нийтлэхэд нь Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх нь буруу гэдгийг гишүүд ярилцаад, зарчмын хувьд ойлголцсон. Нөгөө талдаа худал мэдээлэл тараах, гэмт хэрэгт гүтгэх, нэр хүндэд нь халдаж гутаан доромжлох асуудлууд гарах юм бол хариуцлага хүлээлгэх нь зүй ёсных гэж ажлын хэсгийнхэн, Х.Тэмүүжин гишүүн, Улсын Их Хурлын гишүүд нэгдсэн ойлголцолд хүрсэн. Гэхдээ Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг Улсын Их Хурлын гишүүд санаачлах нь зохимжгүй тул энэ ээлжит чуулганы хугацаанд Засгийн газраас өргөн мэдүүлэх чиглэлийг өгөх нь зүйтэй хэмээн үзсэн” гэлээ. Энэ дагуу Хууль зүйн байнгын хороо Засгийн газарт чиглэл өгөх арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нарын зургаан гишүүнээс 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. Гишүүд Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авч дууссан. Иймд Байнгын хорооноос бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулан шийдвэрлээд, төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Төслүүдийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв
Баасан гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн удаах асуудал нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг байв. Өмнөх нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд ийн үргэлжлүүлэв. Улсын Их Хурлын гишүүд Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч дууссан тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, шийдвэрлэв. Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлж, гишүүд холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсан юм. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар зарчмын зөрүүтэй дөрвөн саналаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа
Нэгдсэн хуралдаанаар дараа нь хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Эхлээд Цусны донорын тухай хуулийн хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 77 гишүүн дэмжиж, баталлаа. Дараа нь Улсын Их Хурлын 79 гишүүн дэмжсэнээр Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг Улсын Их Хурлын нийт гишүүний олонх буюу 67 нь дэмжив.
Хөгжлийн төлөвлөгөөний төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэв
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат Эдийн засгийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг танилцуулсан юм.
Засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн дээрх тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг 2026 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороо болон бусад Байнгын хороодод шилжүүлсэн юм.
Улсын Их Хурлын даргын 2026 оны 194 дүгээр захирамжаар тус төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, дэд ахлагч Н.Наранбаатар нараар ахлуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, М.Бадамсүрэн, Д.Батбаяр, П.Ганзориг, Т.Мөнхсайхан, Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа-Нара, Г.Очирбат, Д.Пүрэвдаваа, Р.Сэддорж, Ч.Ундрам, Г.Уянгахишиг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.
Эдийн засгийн байнгын хороо 2026 оны 5 дугаар сарын 20, 21-ний өдрүүдийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 66 дугаар зүйлд заасныг баримтлан дээрх тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан болохыг Г.Очирбат гишүүн танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төрийн байгуулалтын байнгын хороо болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаануудаараа тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж, холбогдох санал, дүгнэлт ирүүлснийг өнөөдрийн нэгдсэн хуралдаанд танилцуулж буйг тэрбээр дурдав.
Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 13-ны өдрийн хуралдаанаараа төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй байна. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо энэ оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 66 дугаар зүйлийг баримтлан явуулжээ. Төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах үед Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй байна.
Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн зүгээс холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүдэд нийцүүлэн зарчмын зөрүүтэй 62 санал, Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарчмын зөрүүтэй 145 санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Г.Очирбат гишүүний танилцуулсан дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Бум-Очир, Л.Мөнхбаясгалан, Ө.Шижир, М.Нарантуяа-Нара, Д.Ганмаа, Р.Эрдэнэбүрэн, Г.Очирбат, С.Эрдэнэбат, Ж.Батжаргал, Ч.Ундрам нар асуулт асууж, Засгийн газрын гишүүд, ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авав.
Төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбоотой байр сууриа А.Ариунзаяа, М.Нарантуяа-Нара, Р.Эрдэнэбүрэн, С.Эрдэнэбат, Ж.Батжаргал, Ч.Ундрам нарын гишүүд илэрхийлсэн бол Д.Бум-Очир гишүүн соёлын биет бус өв тээгчдийг дэмжих, хамгаалах, улмаар соёлын биет бус өвийг уламжлуулахтай холбоотой арга хэмжээ авах шаардлагын талаар санал хэлж, энэ чиглэлээр ирэх оны улсын хөгжлийн төлөвлөгөөний төсөлд тусгагдсан арга хэмжээнүүдийн талаар тодруулж, хариулт авсан. Л.Мөнхбаясгалан гишүүн, говийн усны нөөцийн асуудал нэн хүнд байгааг дурдаад улсын хөгжлийн төлөвлөгөө болон төсөв, холбогдох дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд усны нөөц, хүртээмж, хангамжийг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээг тэргүүн ээлжид эрэмбэлэн тусгаж өгөх боломжийн талаар лавлаж, Ерөнхий сайдаас хариулт, мэдээлэл авсан. Д.Ганмаа гишүүн эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, дундаж наслалтыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар төрөөс баримтлах бодлого, стратеги болон төсөлд тусгагдсан эрүүл мэндийн чиглэлээрх арга хэмжээнүүдийн талаар лавлаж, нийгмийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр Засгийн газраас цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх эсэхийг тодруулан Э.Батшугар сайд, ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан юм.
Ерөнхий сайд Н.Учрал улсын хөгжлийн таван жилийн төлөвлөгөөг бодитой, хэрэгжихүйц, хэмжигдэхүйцээр төлөвлөн батлуулснаа тэмдэглээд, үүнд суурилж өнөөдрийн хэлэлцэж буй төслийг боловсруулсан болохоо тайлбарлав. Засгийн газар нэн тэргүүнд тэтгэврийн реформ хийхээр зорьж байгаа учир төсөв, төлөвлөлтийн орон зай шаардлагатай байгаа хэмээгээд гишүүд үүнд анхаарч, дэмжин ажиллахыг хүслээ.
Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг 6 дугаар сарын 01-ний дотор батлах хуулийн хугацаатай хэдий ч төсөл санаачлагч болон төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хүсэлтийг үндэслэн гүйцээн боловсруулах шаардлагатай хэмээн үзэж буйгаа хэлэв. Иймд улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, гүйцээн боловсруулах чиглэлийг ажлын хэсэг болон Эдийн засгийн байнгын хороонд өгөв.
Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
Иймд нэгдсэн хуралдаан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав.
Сангийн яам, татвар, гаалийн байгууллага, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар хотын худалдааны танхим болон Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран улс орон даяар, давхардсан тоогоор 13,000 гаруй татвар төлөгчийг хамруулсан 150 удаагийн уулзалт, олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, 176 мянга гаруй саналыг хүлээн авсан болохыг дурдав.
Иргэд, аж ахуйн нэгжүүдээс татварын ачааллыг бууруулах, хөнгөлөлт, чөлөөлөлтийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэхэд татварыг энгийн ойлгомжтой илүү уян хатан болгох зэрэг саналуудыг голчлон ирүүлжээ.
Түүнчлэн Ойрх Дорнодод үүссэн геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн газрын тосны үнийн тогтворгүй байдлаас үүдэн инфляцын түвшин нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөх нөхцөл бүрдээд байгааг төсөл санаачлагчийн илтгэлд тэмдэглэсэн. Энэ нь макро эдийн засгийн болон бизнесийн үйл ажиллагааны тогтвортой байдал, иргэдийн бодит орлого, худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм байна. Иймд гадаад орчноос үүдэлтэй эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, инфляцын гэнэтийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, аж ахуй нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагааг дэмжих шаардлага тулгараад байгаа гэв.
Сангийн яам дээрх уулзалт, хэлэлцүүлгээс гарсан саналуудыг судлан үзэхээс гадна олон улсын байгууллагуудаас өгч буй санал, зөвлөмжийг харгалзан үзсэний үндсэнд татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийг боловсруулжээ.
Энэ удаагийн татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хариуцлагатай татвар төлөгчдийг дэмждэг, урамшуулдаг татварын тогтолцоог бүрдүүлэхээр зорьсон бөгөөд иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг 2.2 орчим их наяд төгрөгөөр үе шаттай бууруулахаар тооцож байгаа гэлээ.
Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь татвар, гаалийн байгууллага татвар төлөгчийг татварын эрсдэлд орохоос өмнө анхааруулах, зөрчлөө засах боломжийг олгодог болох, хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, татварын өр барагдуулах үйл ажиллагааг уян хатан болгоход чиглэж байгаа аж. Тухайлбал, хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, урамшуулах, татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор гааль, татварын алба татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнийг тодорхойлон, мэдэгдэж, татварын тайлан, ногдлоо өөрөө засах, зөрчлөө арилган, эрсдэлээс сэргийлэх боломжийг бүрдүүлнэ хэмээн тооцжээ.
Татварын өр барагдуулах ажиллагаанд татвар төлөгчийн санхүүгийн чадамж, бизнесийн үйл ажиллагаанд учирч болзошгүй хүндрэл, эрсдэлийг харгалзан дансыг бүхэлд нь битүүмжлэх бус, орлогын тодорхой хувийг суутгах, дансыг хэсэгчлэн битүүмжлэх замаар татварын өрийг төлүүлэх боломж бүхий зохистой, үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна.
Татвар төлөгчийг алдаа, зөрчлөө арилгах боломжийг бүрдүүлэх зорилгоор татварын тайланг залруулах хугацааг 2 жил болгон нэмэгдүүлэхээр төсөлд тусгасан болохыг Сангийн сайд танилцууллаа.
Татвар төлөгчид их хэмжээний алданги тооцуулах эрсдэлээс хамгаалах зорилгоор алдангийн дээд хэмжээг 50 хувиар тогтоох нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ. Түүнчлэн, татварын актад гомдол гаргасан тохиолдолд алданги, торгууль нэхэмжлэхгүй, маргаан эцэслэн шийдвэрлэсний дараа хураах юм байна.
Татварын алба хооронд татварын зорилгоор автоматаар харилцан мэдээлэл солилцох стандартыг хэрэгжүүлэхтэй холбоотой тухайн үүргийг хэрэгжүүлэх этгээдийг тодорхойлох, шаардлагатай мэдээллийг бүрдүүлж, уг мэдээллийг тогтоосон хугацаанд, олон улсын жишигт нийцсэн хэлбэрээр бусад гишүүн оронд хүргүүлэх нарийвчилсан зохицуулалтыг батлах эрхийг холбогдох байгууллага, эрх бүхий этгээдэд олгох зэрэг өөрчлөлтүүдийг тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар татвар төлөгчийг алдаа гаргасны дараа хяналт шалгалт хийж акт, торгууль тавих бус, татварын тайланг залруулах хугацааг сунгаж, татварын алба эрсдэлээс урьдчилан сэргийлж, татвар хураалт, татварын хяналт шалгалтын үйл ажиллагааг илүү үр дүнтэй, чирэгдэл багатай, эрсдэлд суурилсан байдлаар хийж гүйцэтгэх нөхцөл бүрдэж аж. Мөн Глобал форумын гишүүн орны хувьд Автоматаар мэдээлэл харилцан солилцох стандартыг хэрэгжүүлэх нэмэлт зохицуулалтуудыг тусгаснаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх боломж бүрдэж, татвараас зайлсхийх болон хууль бус санхүүгийн гүйлгээг бууруулах, дотоодын орлогыг хамгаалах, татварын бааз суурийг нэмэгдүүлэх, татварын ил тод байдлыг нэмэгдүүлэх эерэг үр дүн гарна хэмээн З.Мэндсайхан сайд танилцуулав.
Төсвийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын Г.Ганбаатар танилцуулсан юм. Байнгын хороо энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаараа Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулжээ. Хуулийн төслийг d.parliament.mn сайтад байршуулж, иргэд, олон нийтийн саналыг авч байгаа талаар дурдав. Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 62.5 хувийн саналаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Энхтүвшин, Б.Батбаатар, О.Номинчимэг, О.Цогтгэрэл, Ө.Шижир, Р.Эрдэнэбүрэн, М.Ганхүлэг, Г.Тэмүүлэн, Б.Заяабал нар асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав.
Хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжиж буй байр сууриа Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин илэрхийлж, индрээс үг хэлсэн. Ингээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулах дэгтэй ч нэгдсэн хуралдааныг завсарлагагүй үргэлжлүүлж байгаа учир санал хураалтыг 17.00 цагт явуулахаар Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж мэдэгдлээ.
Улсын Их Хурлын өнөөдрийн нэгдсэн хуралдаан хэлэлцэхээр товлосон 17 асуудлынхаа 12 дахь асуудал буюу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
