УИХ-ын дарга С.Бямбацогт БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Коринн Пэрераг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.05.12) Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрераг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Элчин сайдтай хууль тогтоох байгууллагын тэргүүний хувьд уулзаж байгаадаа баяртай буйгаа илэрхийлж, Монгол Улсын “Гуравдагч хөрш” Европ дахь итгэлт түнш Бүгд Найрамдах Франц Улстай харилцан ашигтай, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын чухал зорилт гэдгийг тэмдэглэв.
Мөн тэрбээр өргөн цар хүрээнд идэвхтэй өрнөж байгаа хоёр улсын харилцаанд Монгол Улсын Их Хурал өндөр ач холбогдол өгдөгийг дурдаад, үүнд хоёр улсын парламентын бүлэг хоорондын харилцаа, хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлов.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас “Монголд цөлжилтийн эсрэг тэмцэх нь” төсөлд 1 сая орчим еврогийн санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэнд талархал илэрхийлж, энэ нь цөлжилттэй тэмцэх, хөрсний доройтлыг бууруулах чиглэлээр ихээхэн анхаарч ажиллаж байгаа Монгол Улсад үнэтэй хувь нэмэр болохыг цохон тэмдэглэв.
Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 8 дугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар болсонд баяр хүргэж, байгаль орчин, дипломат харилцааны чухал арга хэмжээ болохыг онцлов. Мөн энэ үеэр Францын хөгжлийн агентлагийг Улаанбаатарт байгуулах, үйл ажиллагааг нь зохицуулахаар холбогдох байгууллагуудтай ажиллаж байгааг дурдлаа.
Уулзалтаар талууд Монгол Улсын Засгийн газар, “Орано Майнинг” компани хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, стратегийн ач холбогдол бүхий төслийг харилцан ашигтай, байгаль орчинд ээлтэй, ард иргэдэд өгөөжтэй байдлаар хамтран хэрэгжүүлэхэд талууд хяналт тавьж, анхаарч ажиллах шаардлагатай хэмээн санал нэгдэв.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт сансар судлал, иргэний нисэх, цөмийн эрчим хүч гээд шинжлэх ухааны олон салбарт дэлхийд тэргүүлэгч Бүгд Найрамдах Франц Улстай оюутан, залуусыг сургах асуудлаар анхаарч ажиллахыг Элчин сайдаас хүслээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн дэд дарга О.Номинчимэг, тус бүлгийн гишүүн Ж.Баясгалан нар байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
