...
...
Logo
Улс төр
Sainjargal
5-р сар 06

“Залуучуудын парламент: Оролцоо” хөтөлбөрийг танилцуулах, санал солилцох хэлэлцүүлэг боллоо

“Залуучуудын парламент: Оролцоо” хөтөлбөрийг танилцуулах, санал солилцох хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүн амын сан хамтран залуучуудын парламентын ардчилал, үнэт зүйлс, хууль тогтоох үйл ажиллагааны талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд оролцох ур чадварыг сайжруулах зорилгоор “Залуучуудын парламент: Оролцоо” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өнөөдөр (2026.05.06) хөтөлбөрийг танилцуулах, санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо.


Уулзалтад НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Др. Халид Шарифи, УИХ-ын Тамгын газрын Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үнэлгээний газрын дарга Ж.Сайнхишиг, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Жаргалсайхан, “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагын захирал Т.Амарзаяа болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов.

Уулзалтын эхэнд хөтөлбөрийн үзэл баримтлал, агуулга, сургалтын гарын авлагын талаар зөвлөх Д.Аюуш, М.Ганхөлөг нар танилцуулга хийлээ. Уг хөтөлбөрийг үндэсний хэмжээнд 2-3 сарын хугацаанд хэрэгжүүлж, нийгмийн бүх бүлгийн төлөөллийг тэгш хамруулахаар төлөвлөжээ.

Дэлхийн олон улс оронд хэрэгжүүлж буй адил төстэй хөтөлбөрүүдэд харьцуулсан судалгаа хийсний үндсэн дээр өөрийн улсын онцлогт тохируулан агуулгаа боловсруулсан байна. Тухайлбал, хөтөлбөрийн хүрээнд 18-34 насны залуусаас бүрдэх төлөөллийн бүтэцийг бий болгож, тэдэнд үеийнхээ залуусын өмнө тулгамдаж буй нийгмийн асуудлуудыг дэвшүүлэн тавих, шийдвэр гаргах түвшинд уу хоолойгоо хүргэх, бодитой өөрчлөлтөд чиглэсэн санал санаачилга гаргах  боломжийг бүрдүүлэх юм. Түүнчлэн оролцогчдыг сургалт, чадавхжуулах үйл ажиллагаанд хамруулж, орон нутаг болон үндэсний хэмжээнд нөлөөллийн ажил зохион байгуулахаар тусгасан байна.

Аливаа хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, үзэл баримтлалтай нийцүүлэх нь чухал юм. Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих бодлогын талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого зохицуулалтын газрын ахлах шинжээч Э.Хулан танилцууллаа. Манай улсын хүн амын 28 хувийг залуучууд эзэлдэг буюу 4 хүн тутмын нэг нь залуу үед хамаарч байна. 2035 он гэхэд манай улсын хөдөлмөрийн насны хүн амын 43 хувийг 2000 оноос хойш төрсөн GenZ үеийнхэн эзлэх аж. Гэвч 15-34 насныхны дунд гадаадын улс орныг зорих урсгал нэмэгдэх төлөвтэй байгаа нь бодлогын түвшинд анхаарал хандуулж, салбар дундын уялдааг сайжруулах шаардлагатай асуудал болохыг дурдав.


“Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллага нь 18 гишүүн байгууллагатай бөгөөд залуучуудын иргэний нийгмийн орон зайг тэлэх, хамгаалах, төр - иргэний нийгмийн түншлэлийг бэхжүүлэх, нийгмийн эгэх хариуцлагыг сайжруулах, нийгмийн олонлог бүлгийн залуусын дуу хоолой болох иргэний нийгмийн үүргээ биелүүлж, бүхий л талуудтай хамтран ажилладаг байна. Тухайлбал, 2025 онд салбарын яамтай хамтран “Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл: Салбар дундын уялдаа холбоо үндэсний чуулган”-ыг амжилттай зохион байгуулжээ.


Санал солилцох уулзалтын үеэр тус эвслийн захирал Т.Амарзаяа залуучуудын хөгжлийн бодлого, төр - иргэний нийгмийн түншлэлийн туршлага, сорилт, анхаарах асуудлын талаар санал, байр сууриа илэрхийлэв.


НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Др. Халид Шарифи залуучуудын хөгжлийг дэмжсэн тогтвортой, үр дүнтэй, жишиг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын хамтын ажиллагаа чухлыг тэмдэглээд бүхий л талаар дэмжин ажиллана гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!