Гандангийн тохижилтын ажлын хүрээнд нийт 160 нэгж талбарыг чөлөөлнө

Гандангийн тохижилтын ажлыг эрчимжүүлж, бусад газар чөлөөлөлтийг шуурхай зохион байгуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын 41 удаагийн захирамжаар 130 нэгж талбарын 16.89 га талбайг чөлөөлөөд байна. Мөн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 32-ын тойрог орчимд байгаа том оврын тээврийн хэрэгслийг байршуулах газрыг шийдвэрлэж, нүүлгэх ажлыг эрчимжүүлж байна. Газар чөлөөлөлтийн талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх гуравдугаар хэлтсийн дарга Т.Тува “Гандангийн газар чөлөөлөлтийг 2025 оны зургаадугаар сард эхлүүлсэн. Тус ажлын хүрээнд 55 нэгж талбарт газар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 40 нэгж талбарыг чөлөөлсөн байна. Үлдсэн 15 нэгж талбарын 13 нэгж талбарын үнэлгээний тайлан хийгдсэн бөгөөд зөвшилцлийн шатанд үргэлжилж байна. 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 105 нэгж газрыг нөхөх олговортой чөлөөлөхөөр тусгагдсан. Нийт 83 нэгж талбарт нөхөх олговрын тайлангийн үнэлгээ хийсэн байна. Мөн таван айлын нөхөх олговрыг олгож, гэрээ байгуулсан. Нийт 160 нэгж талбар буюу 5 га талбайд газар чөлөөлөлт үргэлжилж байна” гэлээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хоёрдугаар хэлтсийн дарга Б.Мягмарсүрэн “2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 32-ын тойрог орчимд том оврын тээврийн хэрэгслийн зогсоолын газар чөлөөлөлтийн ажил 2025 онд эхэлсэн. Тус ажлын нөлөөлөлд 47 нэгж талбарын 1.5 га газар өртсөн. Өнөөдрийн байдлаар 23 нэгж талбарын 7 мянга орчим ам метр газрыг нөхөх олговортойгоор чөлөөлсөн. Үлдсэн нэгж талбарт эд хөрөнгийн үнэлгээ хийгдэх, зөвшилцөх ажил үргэлжилж байна” гэлээ.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
