Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна. Махны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор нөөцийн махны эрэлт ихэсжээ. Нөөцийн үхрийн мах 15 мянга, хонины мах 13 мянган төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд нөөцийн мах худалдаалж буй цэгт өнөөдөр холбогдох албаныхан ажиллалаа.

Энэ үеэр УБЗАА-ны Хүнсний хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Үүрийнтуяа “Нийслэлийн хэмжээнд 2026 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 386 дэлгүүрээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна. Есөн аж ахуйн нэгж есөн дүүрэгт түгээлтээ өдөр бүр хийж, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Нөөцийн махны эрэлт ихэсжээ. Зах зээлд махны үнэ өндөр байгаа боловч нөөцийн хонины мах 13 мянга, үхрийн мах 15 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Томоохон зах, худалдааны төвүүдээс зайтай найман нэрийн хүнсний дэлгүүр, гэр хорооллын дэлгүүрүүд, орон сууцны дундах дэлгүүрт нөөцийн махыг зардаг. Тиймээс иргэд гэртээ ойр нөөцийн мах борлуулж буй цэгүүдээс мах худалдан авах боломжтой” гэлээ.

Нийслэл, дүүргээс нөөцийн махны чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж ажилладаг байна. Энэ талаар Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Номин “Чингэлтэй дүүрэгт 20 хороонд 38 дэлгүүрээр нөөцийн махны жижиглэн худалдааг нэгдүгээр сараас эхлэн зохион байгуулж байна. Иргэдийн махны хэрэглээг тасалдуулахгүй, хямд үнийн бодлогоор захиалгаа тогтмол хийж, нийлүүлэлтийг хэвийн хангаж байна. Нөөцийн махны чанар, аюулгүй байдалд дүүргээс болон нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтарсан хяналтыг тогтмол хийдэг” гэв.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан гаргасан нөөцийг махыг тавдугаар сарын 31-нийг дуустал худалдаалахаар төлөвлөж байна.





Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
