...
...
Logo
Эдийн засаг
Sainjargal
4-р сар 01

Улстөрчид өө, МОНГОЛЫН сөрөг хүчин нь ШАТАХУУН БОЛЧИХЛОО

Улстөрчид өө, МОНГОЛЫН сөрөг хүчин нь ШАТАХУУН БОЛЧИХЛОО

Монгол Улсын нэг өдөр өнөөдөртөө буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн биед халдсан дүрс бичлэг, улстөржсөн дүгнэлтэд бүтэн зориулагдах нь. Энэ өдөр мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийг бүлгийн даргаас огцруулах санаачлага гаргалаа. Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бүрэлдэхүүн болон УИХ-ын даргын асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, нэгдсэн шийдэлд хүрнэ хэмээн мэдээллэв. Мөн тэрбээр хаалттай хаалганы ард олон нэр, олон хүсэл онхолдож буй энэ агшинд тэрбээр нэгэн ноцтой мэдээллийг нээлттэй хийсэн нь шатахууны үнийн тухай. Харамсалтай нь, УИХ дахь Төсвийн байнгын хорооны гишүүд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлэх Туулын хурдны замын төсөл тойрч хэрэлдэж, дуугаа өндөргөсөн гишүүд нударга руугаа бяраа шилжүүлсний дараахан тавьсан түүний мэдээлэл олон нийтэд төдийлөн хүрсэнгүй. Иймд агуулгыг лавшруулахад Ерөнхий сайд Н.Учрал Төсвийн байнгын хорооны хуралдаанд Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай Монгол Улсын Их Хурлын 1999 оны 27-р тогтоолд өөрчлөлт оруулах Засгийн газрын тогтоолын төслийг танилцуулав.

             Утгыг сийрүүлбэл, манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр нэмэгдэж, 2025 онд 2.9 сая тонн байсан бол ирэх 2027  онд 3.1 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа. Мөн шатахууны гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн дөрөвдүгээр сарын хил үнэ өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш 648 ам.доллароор нэмэгдэж 1,385 ам.доллар, евро-5 дизель түлш 483 ам.доллароор нэмэгдэж 1,410 ам.доллар, евро-5 Аи-92 автобензин 441 ам.доллароор нэмэгдэж 1,206 ам.доллар, Аи-95 автобензин 441 ам.доллараар нэмэгдэж 1,176 ам.доллар, Аи-98 автобензин 441 ам.доллароор нэмэгдэж 1,226 ам.доллар болж, төрлөөс хамаарч 441-648 ам.доллароор өссөн. Гол нь эдгээр өсөлттэй холбоотойгоор дотоодын зах зээл дээр энгийн Аи-92 автобензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш 2,200 төгрөгөөр нэмэгдэж 5,200 төгрөг, евро-5 дизель түлш 1,300 төгрөгөөр нэмэгдэж 5,300 төгрөг, Евро-5 Аи-92 автобензин 1,100 төгрөгөөр нэмэгдэж 4,200 төгрөг, Аи-95 автобензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4,100 төгрөг болж тус тус нэмэгдэх нөхцөл байдал үүсчихээд байгаа. Хэрэв цаашид Ойрхи Дорнодын мөргөлдөөн энэ хэвээр үргэлжилж, улам хурцдаж гэмээнэ “Брент” төрлийн газрын тосны үнэ баррель нь 130 ам.долларт хүрлээ гэхэд  манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 1,750   ам.доллараар, жижиглэнгийн үнэ литр тутамд 3,296 төгрөгөөр нэмэгдэнэ. Мөн газрын тосны үнэ 150 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,019 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 4,235 төгрөгөөр, газрын тосны үнэ 200 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,693 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 6,587 төгрөгөөр нэмэгдэж нэг литр дизель түлшний үнэ 9700 төгрөг болох эрсдэлтэй.

Энэ бол Ерөнхий сайд Н.Учралын Төсвийн байнгын хорооны гишүүдэд хийсэн мэдээлэл бөгөөд тэрбээр УИХ-ын 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Ерөнхий сайдаар томилогдохдоо шатахууны үнийн асуудлаар

“Газрын тосны дэлхийн зах зээлийн үнийг Монгол тогтоохгүй боловч онцгой нөхцөлд өөрсдийн бололцооны хэрээр тохируулгын арга хэмжээ авна. Түлш шатахууны үнийн таюан хувь болдог татварыг цуцаллаа ч хоёрдугаар сард баррель нь 67 ам.доллар байснаа өдгөө хоёр дахин өсөж, цаашид улам нэмэгдэх төлөвтэй үнийн шуургыг сөрж өөрчилж чадахгүй. Дэлхийн хөгжингүй том гүрнүүд онц байдал зарлаж, хэмнэлтийн горимд ороод байхад үнэ тогтоон барих ямар ч боломжгүйг шууд хэлье. Үнийг тогтоон барих зорилгоор захиргааны хэв шинжтэй оролдлого хийх нь тухайн цагтаа хэрэгжээд өнгөрөх хэдий ч үр дагавар нь хатуу ирдэг гэдгийг бид олон салбарт хангалттай харлаа” хэмээн мэдэгдэж байсан.

Тэгэхээр энэ удаагийн өргөн барьж байгаа гаалийн татварын өөрчлөлтөд найдах бүрэн боломжгүйн дээр, дэлхийгээс хамааралтай зах зээлийг Монголын төр удирдана гэдэг бараг боломжгүй болж буй хэрэг.

Гэтэл өнөөдрийн сэдэв нь Ерөнхий сайд Н.Учралын мэдээллэсэн шатахууны үнийн эрсдэл бус улстөрчдийн нударга болоод үлдэж буй нь харамсалтай. Иймд эрх ашгаа тайлаад хардаг хүн бол Монголын сөрөг хүчин нь Ардчилсан нам, МАН дахь ялагдлын шархаа эдгээхээр чармайж байгаа цөөнхийн бүлэглэл, бүр аагаа багтааж ядсан УИХ дахь МАН-ын бүлгийн 38-ын бүлгийн зөрчил биш гэдгийг бэлээхэн харагдана. Товчхондоо, бүх Монголын сөрөг хүчин нь улстөрчид бус шатахуун болчихоод байна. Эрх ашгаа тайлаад асуудлаа шийд, улстөрчид өө.  

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!