...
...
Logo
Улс төр
Sainjargal
3-р сар 16

Нарт тэнгэрийн дор...

Нарт тэнгэрийн дор...

         Цаас чигчийлэн хийсгэх мэт хаврын сүүлчийн цас алхаж буй, амьдарч буй бүхний дээр малгайлан буух дор нэгэн намрын үдэлтийг эргэн санаж, ирж буй цагийн зүүнд үг дайхаар удаан орхисон компьютерийн дэлгэцийг ширтэн сууна. Өдрийн турш олны дунд холхиж, хаврын улс төр, хачин сониныг хуучилсан энэ тархинд нэгэн бие амьд орших нь миний, бидний найзын гэгэлгэн төрх. Түүнийг дурсахад их сургуулийн хоёр давхрын буйдхан булан, унаж боссон ардчиллын алдаа оноо, ажил амьдралаа хээлж ярих хуучирсан түүхүүд, хөөрч мэтгэлцэх хундага дарсны хашгираан, хэт алсын зорилго харчихаад хэний ч юм өмнө хөндөлсөн босож, хэн нэгний өмнө хөөсөрч унах хувь хүнийх нь давчуу аархал... Ажил амьдралын он жилүүдэд зам салаагүй үнэн түүх нүдний өмнө дахин төрнө. Дахин амилна.

Анхандаа түүнтэй ах дүү, аажимдаа чи би болсон нь хориод жилийн өмнөөс эхтэй. Их сургуулийн хоёрдугаар курсын оюутан зуны амралтаар ажил хайж сонингийн зар хараад тухайн үеийн долоо хоног тутмын сонин болох “Шар сонин”-г зүглэв. Ердөө сар хүрэхгүй хугацаанд дадлагын оюутан, дадлагын ажилтнаар сонинд мөр гаргаж үзсэн тэр цаг хугацаанд тэрээр ах байлаа. Нэг их удалгүй ангийн охины найз залуугийн хувиар дахин танилцсанаар “Та, Чи” гэсэн хоёр үгийн дунд төөрч ээрсээр “Чи”-гээр эцэслэгдээд өнөөдөрт хүрчээ. Их сургуулийн буйдхан буланд хөлөө хаялан шалаар нэг хөглөрч суудаг бидний дурсамжинд тэр нэгэн орой ийн хаалга тогшсон түүхтэй. Энэ тухай их ч олон удаа, их ч сайхнаар дурсдаг байлаа, тэр.

Намар хаялж, нимгэн саримгар зуны хувцснуудаа далд хийж, дулаан нөмөр бүхнийг уудлан гаргаж байх агшинд утас дуугарлаа. Авч амжсангүй. Дахин нэг дуудлага...  “Чука маань өнгөрчихлөө” гэдэг үгэнд итгэсэнгүй. Ердөө дөрөв тавхан хоногийн өмнө ардчиллын баярын өдөр тааралдаж, удахгүй тухтай уулзахаар салсны хувьд итгэхэд бэрх. Ер нь би гэлтгүй бүгд л итгэж чадаагүй байх. Өглөөхөн нь сошиалд “Атмандаа цүнхээ дээрэмдүүлсэн” хэмээн аз жаргалаар халгиж, цалгиж явсан юм шүү дээ. Ийн гэрийнх нь хойморт залсан эмгэнэлийн туузтай хөрөг зураг, будаалгад нь зорьж ирсэн олны нам гүм гуниг дунд “Найздаа зориулж нэг сайхан бичнэ дээ” гэсэн бодол төрсөн ч өнөөдөрт хүрчээ. “Ардчилсан нам ардчиллын ГЭРЭГЭ гардуулж эхэллээ”, “Ардчилсан нам хэвлэлийн бага хурал хийж гэнэ” бүр “Ираны нефтийн агуулах руу дрон нисгэжээ” гэхэд тэр сэм сэм дурсагдлаа. Үүнийг уншсан зарим хүн “Найз нь байсан билүү” гэж асууна байх. Тийм ээ, найз нь байжээ би. Найз минь ч байж тэр.

“Анд найз Г.Отгонжаргалдаа дурсгав. Баярлалаа” хэмээн таталсан Английн түүхч, зохиолч, цэргийн сэтгэгч, илтгэгч Марк Галеоттийн “Бүхнийг зэвсэгжүүлэхүй” ном зурагтын тавиур дор “хөшөөд” удлаа. Нэг л өдөр барьж авч дуусганадаа гэсээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-наас өнөөдөрт хүрч. “Шинэ хүйтэн дайн эхэлснээр Монголын аюулгүй байдлын орчин өөрчлөгдөж, цоо шинэ бүрэнхий үе рүү орж байна. Ирээдүйг хэн ч тааварлашгүй... Энэ ном үндэсний аюулгүй байдлын хамрах хүрээ нь чөлөөт нийгэмд тодорхой заагтай оршихыг анхааруулжээ. Бүрэнхийд тэмтэрч явахад бамбар биш ч нэг лаа, шүдэнз болно гэж найднам” хэмээн орчуулагчийн хувиар үлдээсэн түүний сүүлчийн үг дээр цухас өгүүлсэн “Ираны нефтийн агуулах руу дрон нисгэжээ” гэдэг мэдээнд хүртэл сэрдхийж, Оросоогийн Чулуунбилэгийг дурсах шалтгаан байв.

Ираны газар нутаг руу довтолсон Америк, Израилийн хамтрал, Персийн булангийн орнууд руу зөрүүлж шидсэн Ираны бөмбөгдөлт Орос, Хятадын дунд орших тусгаар Монгол Улсаас маань хол мэт. Хөндий мэт. Гэсэн ч тухайн бүс нутагт ажиллаж, амьдарч, аялж явсан иргэдээ татсан манай Засгийн газрын шийдвэр энх цагийн тулааны ялалт мэт олныг догдлуулж, өөрсдөө ч догдолж буйг харахад хол гээд холдчихдоггүй жинхэнэ утгаараа амаргүй нөхцөл байдалд хүн төрөлхтөн бүхэлдээ орооцолдчихсон, хөл гараа хавчуулчихсан явааг бэлхнээ нотолно. Тэнд шатсан нефтийн агуулахаас үүдэлтэй “Шатахуун хүндрэх нь, Засгийн газар бэлэн үү”, “Дайны нөхцөл байдалтай холбоотой ОХУ шатахууны импортдоо бүтэн хориг тавьчихвал хэрхэх вэ”, “Нөгөө Хятадын яриа хэлэлцээ юу болж байна”, “Гараараа ч болсон шатахуун нэрэх үү”, “Хөөе үйлдвэрээ хурдан бариачээ”... Шударгаар өчихөд бүрэн уншиж ойлгоход тархины минь бяд багадаад буй түүний орчуулж үлдээсэн “Бүхнийг зэвсэгжүүлэхүй” ном бол “Дайн аль хэдийн дайны хэлбэрээ алдсан тухай. Дайтаж байна гэдэг нь дан ганц зэвсэг агсах биш болсон тухай. Дрон нисгэх нь дайны шинэчлэл байхаа больсон тухай...Ерөөсөө би ч, чи ч, бүх улс орон, амьдарч буй бүхэн дайны оролцогч болох эрсдэл үүссэн” тухай бүтээл юм. Товчхондоо, түүний сүүлчийн бүтээл бидэнд “НҮДЭЭ НЭЭ” гэж хэлж байна. УИХ-ын танхимд хэлж буй бодлогогүй үг тань, нэг нэгнээ давахын тулд нийт улсаар туг тахихад ойрхон яваа зөрчил бамбардагчид, санаатай санаагүй харь улсын гар хөл бологсод, санамсаргүй бурууг өдөөгчид, ерөөлөөс өөрийг үл мэдэх сайн хүн хүртэл унших хэрэгтэй. “Энэхүү ном дайны шинэ арга, магадгүй дайны нэг шинэ зам эсвэл бүр дайны шинэ ертөнцийн талаарх талбарын хөтөч юм. Энэ нь ирээдүйд туулах боломжит замналын танилцуулга болохоос зөгнөл таамаглал биш” гэсэн төгсгөлийн өгүүлбэрт нь ч болсон найдаад уншаарай. Сүүлийн хуудсаа хаахдаа та гэгээрэхгүй ч сэрэмжилсэн байх болно. Тархинд тань үлдэх тэр сэрэмжлэх мэдрэмж өөрөө зэвсэглэхүй юм билээ.

Хүн болгон шинийг, сайхныг хүсдэг ч тэр бүр сайхан рүү хүрэх замыг засах шинэчлэгч, хамгаалагч болж зүрхэлдэггүй. Ардчилсан нийгэмд олонх нь дуртай ч ардчиллын хамгаалагч байхаас халширдаг. Ардчилал хүн болгоны хүсэлд байдаг ч олноороо ардчиллын үнэн чанарт дүйсэн эрх чөлөөт иргэн байж чаддаггүй. Ардчилал нэрийн дор хувь хүний анархизм, эрх ашиг, ихийг хүртэх шуналыг нэгэн зэрэг оршоохоос цааргалдаггүй. Хамтад нь тэвэрч, хамтад нь таалдаг. Харин түүний хувьд ардчиллын алдаа оноог онож төрсөн ардчилагч байсан. Ардчилсан намыг ардчилалд үнэнч байлгах гэж, ардчилагчдыг мөн чанарын ардчилсан үзэлтэн болгох гэж ихэд зорьж, ихийг туулсан. Ардчилсан нам ялахад ч, Ардчилсан нам ялагдахад ч тэр гудамжинд л байсан. Ардчилсан намын нарийн бичгийн дарга, ардчилсан Ерөнхийлөгчийн байгаль орчны бодлогын зөвлөх, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн... Эдгээр албан тушаалын хаяг түүнийг өндөрт мандаж, өндөрт өргөмжлөгдсөн мэт харагдах ч ачир дээрээ УИХ-д нэр дэвших эрхгүй тойргийн гадна үлддэг нь тэр л байсан. Дархан руу, Сүхбаатар дүүрэг рүү үзээгүй биш үзсэн. Олон ч жил зорьсон, зольсон. Гэсэн ч УИХ 126 гишүүнтэй болоход ч эрхийг олгоогүй. Үндсэн хуулийн шинэчлэл, Улс төрийн намын тухай хууль, Ардчилсан намын дүрмийн өөрчлөлт бүгдийг зурахад, бичихэд хувь нэмрээ оруулсан ч болоогүй. “Ардчилсан нам хүчтэй байх ёстой. Ардчилсан нам шиг нам байж Монголын ардчилал хамгаалагдана. Ардчилсан нам хүчтэй оршихын тулд хүчтэй сөрөг хүчин болох хэрэгтэй”... Энэ бүх үгийг тэр олонхийн нэгэн адил уриа лоозон, сонгуулийн сурталчилгаа, ялаас бултах хүсэлтэй лидерүүдийн аминч үзлээр хэлээгүй. Ардчилал хаана байх ёстой тэнд л тэр байдаг, тэр л дуугардаг, тэр л хамгаалдаг байсан. Бүр ардчилал нэрийн дор алдаа завхарал хийгчдийг хүртэл “Ардчилал ш дээ. Ардчилсан нам ш дээ. Ардчилал дагаад хохирч болохгүй ш дээ. Тэгээд яах юм. Чимээгүй орхиж болохгүй” хэмээн зоригийг бадрааж явдаг байлаа. “Үеэ дэвшүүлнэ. Үеэ өмгөөлнө. Үеэ тулна” хэмээн үүрч дүүрч, өргөж түшиж ч явсан.

-Чи тэгээд яах юм бэ

-Би яах вэ... Энэ үгний араас олон тайлбар бий. Тэр болгоныг нурших нь илүүц. Магадгүй тэр өөрөө өөртөө ардчиллын баатар байсан байх. Ээжийнхээ буузыг идээд хайрлан жиргэдэг шигээ, охиныхоо гарын тосыг зарж борлуулсандаа хөөрч баярладаг шигээ, сургуулийнхаа хөл бөмбөгийн шигшээд орсон хүүгийнхээ хурд хүчээр бахархдаг шигээ... Тэр ардчилалд яг л хайртай бүхэн шигээ, амь шигээ хайртай байсан. Хайрлаж дурлаж явсан дурсамж бүрээ сайнаар, сайхнаар дурсдаг шигээ л хайртай байсан. Яагаад ч юм удаан бодсон юм. Гарчиг олчихвол гэж...

“Нарт тэнгэрийн дор...”... Хүн хүнд дурсагдахдаа олон янз Сайн сайхан үг нь, муу муухай нь, бүр гар нь, хөл нь, ажил нь, амьдрал нь. Бүхэлдээ үнэт зүйлтэй, үнэн байсан гэж санагдах нь харин хэр олон бол. Нарт тэнгэрийн дор ардчиллыг хамгаалж, ардчилалд хайртай байсаар явсан. Монгол Улсын батлан хамгаалах салбарын бодлогыг шинэчлэх, зэвсэглэлийн бодлогыг амьдралд нийцүүлж хөгжүүлэх бараг анхны гэж хэлж болохуйж иргэний сурах бичгийг орчуулж үлдээсэн. Ангасан говийн хөрснөөс ус урсгаж, дэлхийг услах өөдрөг мөрөөдлийнхөө шанг татаж, багийнхаа нөхдөд зориг өгөөд буцсан. Алдаагаа нуудаггүй түүний амьдралын зорилго, үр бүтээлийг эргэн дурсахад тэр улсад, нийгэмд ихийг үлдээгээд буцжээ. Түүвэрлэн өгүүлсэн нь богинохон ч нарт тэнгэрийн дор амьдарсан шиг амьдарсны түүх ийн оршив. Оршлоос нь өгүүлэхэд уудам байлаа.

Г.ОТГОНЖАРГАЛ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!