...
...
Logo
Улс төр
Sainjargal
3-р сар 13

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс "Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын талаарх таамаглалын тайлан"-гаа танилцууллаа

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс "Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын талаарх таамаглалын тайлан"-гаа танилцууллаа

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өнөөдөр /2026.03.13/ Монгол Улсын 2027–2029 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулахад ашиглах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалын тайлан"-гийн үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан, тус зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар, Н.Энхбаяр, Л.Гангэрэл, Л.Отгонтуяа, А.Энхбат нар оролцсон юм.

Мэдээллийн эхэнд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар Монгол Улсын эдийн засгийн гадаад болон дотоод орчны нөхцөл байдал, макро эдийн засгийн дунд хугацааны төлөв, түүнд нөлөөлж болзошгүй эрсдэл, бодлогын анхаарах асуудлуудын талаар танилцуулсан. Тэрбээр уг тайланг боловсруулахдаа гадаад эдийн засаг, геополитикийн нөхцөл байдал, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, эрэлтийн хандлага, Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдлын шинжилгээ, макро эдийн засгийн загварын таамаглалд үндэслэсэн гэлээ.

Мөн гадаад орчны тодорхойгүй байдал, геополитикийн хурцадмал байдал, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн сааралт, түүхий эдийн үнийн хэлбэлзэл нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт, гадаад худалдаа, төсвийн орлогын төлөвт тодорхой эрсдэл үүсгэж болзошгүй төдийгүй нүүрсний зах зээлийн нөхцөл байдал, экспортын орлогын тогтворгүй байдал нь дунд хугацаанд анхаарах гол асуудал гэдгийг онцолж байлаа.

Төсвийн дунд хугацаанд төсвийн байдалд нөлөөлж буй эрх зүйн орчны өөрчлөлт, зарлагын өндөр өсөлтөд ихээхэн анхаарах шаардлагатай байна гэлээ. Монгол Улсын 2025 оны  эдийн засгийн дотоод өсөлт ахисан боловч энэ нь дунд хугацаанд тогтвортой үргэлжлэх боломж хязгаарлагдмал. Иймд төсвийн бодлогыг хэрэгжүүлэхдээ гадаад, дотоод орчны эрсдэлийг харгалзан үзэж, төсвийн зарлагын өсөлтийг хэт нэмэгдүүлэхгүй байх, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг бодитой тооцох, төсвийн төлөвлөлтийг хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулах шаардлагатай гэдгийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс мэдэгдлээ.

Мөн дунд хугацаанд төсвийн бодлогыг хэрэгжүүлэхдээ төсвийн зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх хувь, төсвийн алдагдлыг бууруулах бодлогыг үргэлжлүүлэх, хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх, үр ашгийг дээшлүүлэх, дэс дараалал бүхий бодлогын чиглэлтэй уялдуулах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхтөсвийн мөчлөг сөрсөн бодлогыг бодитой хэрэгжүүлэх, татварын болон ашигт малтмалын зэрэг томоохон эрх зүйн орчны өөрчлөлтийн нөлөөллийг бодитой харгалзан үзэх шаардлагатай хэмээн зөвлөж байлаа. 

Түүнчлэн Монгол Улсын макро эдийн засгийн бодлого, төсвийн тогтвортой байдлыг хангах хүрээнд боловсруулсан дунд хугацааны макро эдийн засгийн таамаглал, бодлогын зөвлөмжийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасан хугацаанд хүргүүлэн ажиллажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!