Францын хөгжлийн агентлагийн бүсийн захирал А.Оберийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж өнөөдөр /2026.03.02/ Францын хөгжлийн агентлагийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын бүсийн захирал А.Оберийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера болон албаны бусад хүмүүс байлцав.
Монгол Улсын Их Хурлын дэд дарга уулзалтын эхэнд хэлэхдээ, эрчимтэй өргөжин тэлж байгаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг стратегийн түншлэлд хүргэх эрмэлзэл байдгийг онцлоод, шинээр байгуулагдсан 126 гишүүнтэй Монголын парламент өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Франц Улстай холбоотой хоёр хууль, нэг гэрээний төслийг баталсан нь манай хүчин чармайлтыг илтгэнэ гэв.
Бүсийн захирал А.Обер Францын хөгжлийн агентлаг нь эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол, эко аялал жуулчлал, хөдөөгийн хөгжлийг дэмжих зэрэг чиглэлээр арвин мэдлэг, туршлагатайг танилцуулав. Ялангуяа алслагдсан бүс нутагт оршин суугаа иргэдийн амьжиргааг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлдэг тухайгаа онцоллоо.
Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера, хоёр улсын дипломат харилцааг хөгжүүлэхэд анхаарал тавин ажиллаж ирсэн Монгол Улсын Их Хурлын дэд даргад талархал илэрхийлээд, хоёр улсын харилцааны 61 дэх жил буюу дараачийн шинэ жарны босгон дээр түншлэлийг улам өргөжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна гэв.
Уулзалтаар талууд хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бодлого, эрх зүйн орчин чухал байгааг харилцан тэмдэглэж, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
