“Улаанбаатар Трамвай төсөл”-ийн удирдагч Б.АНУ-ҮЖИНгийн нөхөр Хөгжлийн банкны ТУЗ-ын гишүүнээр томилогджээ

Засгийн газрын 2025 оны арваннэгдүгээр сарын 21-ны хуралдаанаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяаг чөлөөлж, түүний оронд С.Баатарсүрэнг томилсон. Тэрбээр өчигдөр буюу энэ сарын 9-ний өдөр хамтран ажиллах Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийнхээ танилцуулгыг Хөгжлийн банкны сошиал хуудсаар танилцуулсан. Тэднээс онцлон танилцуулахад тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн шинэ гишүүн Б.Билэгчулуун нь “Улаанбаатар Трамбай төсөл”-ийн удирдагч Б.Ану-Үжингийн нөхөр, Төрийн банкны захирал асан Б.Баярсайханы хүүхэд аж.
Б.Ану-Үжингийн хувьд “Монгол HD” телевизийн “Шарк танк” нэвтрүүлэгт үнэртэй усны төслөө танилцуулж “Монполимет” группын ерөнхий захирал Н.Мөнхнасангаас санхүүжилт авч байсан. Улмаар “Ujin parfums Mongolia” брэндээ гаргасан тухай мэдээлэл сошиалд түгсэн ч их удалгүй үндсэн бизнес нь мартагдаж, улс төрийн карьер хөөх болсон. Энэ хугацаанд түүний талаар МАН-д “Улс төрийн нөлөө бүхий ахмад зүтгэлтний бэр, хамаатан” гэдэг яриа эрчимжиж, тэр хэрээр УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцангийн нэр олонтаа яригдаж байв. Үндсэндээ хэн нэг лидер түшсэн, бизнесийн бүлэглэл дагасан залуусын идэвх МАН-д хурдтай, хүчтэй үнэлэгдэх, дэмжигдэх нь олонтаа байдаг албан бус дүрмийн дагуу тэрбээр тэр даруй МАН-ын Нийслэлийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдож, НИТХ-д нэр дэвших эрхийг төвөггүй авч чадсан байдаг. Өдгөө хариуцан ажиллаж буй “Улаанбаатар Трамбай төсөл”-ийн тухайд ч нийслэлээс хэрэгжүүлж байгаа 24 мега төслийн үндсэн гол төсөл гэдгээрээ онцлог. Ийн гоё сайхан үнэр, тансаг мэдрэмжийн тухай ярьж телевизийн шоунд оролцох замаар олны танил болсон пиарынх нь зорилго ийн нэгэнт хэлд, хөлд орохтой зэрэгцээд нөхөр нь Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдов.
Улс төрийн үндсэн гол дэмжлэг болох УИХ-ын гишүүн дарга асан Д.Лүндээжанцангийн тухайд хадам аав болох Д.Баярсайханыг нь өөрийн дүү хэмээн намынхаа Удирдах зөвлөлд танилцуулж, төрийн албаны дунд шатны албан хаагчаас шууд нэг таталтаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Хөгжлийн банкны захирал болгон дэвшүүлэн томилуулж байсан удаатай. Б.Ану-Үжингийн тухайд ч мөн л Д.Лүндээжанцангийн бэр гэдгээр МАН-руу хийсэн гэнэтийн үсрэлт нь цаг алдахгүй амжилт олж, МАН-ын удирдлагын багийн эмэгтэйчүүдийн нэг болж чадсан нь энэ. Харин хадам аав Д.Баярсайханых нь тухайд Төрийн банкны захирлаар ажиллаж байхдаа БНХАУ-ын “Шинжан Шинфан” компанид хууль бусаар хоёр тэрбум төгрөгийн зээл олгосон хэрэгтээ хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж, нийтийн албанд ажиллах эрхээ дөрвөн жилээр хасуулсан билээ.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
