МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН КОНВЕЙЕРИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ням гарагт /2026.02.08/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, Нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламжийн нээлтэд оролцлоо.
12.6 км урт үргэлжлэх конвейерийн байгууламжийг 14 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулсан. Конвейерийн байгууламж ашиглалтад орсноор баяжуулах үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах боломж бүрднэ. Мөн тээвэрлэлтийн явцад үүсдэг тоосжилт 80 хувиар буурч, авто тээвэртэй холбоотой осол, эндэгдэл гарах эрсдэлийг 100 хувь бууруулах юм. Үүнээс гадна нүүрсийг сорчлохгүй олборлож, ордын нөөцийг бүрэн ашиглаж экспортод гаргах боломжтой болж байна. Жилд 10 сая тонн нүүрс авто тээврээр тээвэрлэж байсан зардал 78 хувиар буурч, жилд дунджаар 267.5 тэрбум төгрөг хэмнэх юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудад олон улсын нүүрсний зах зээлийн үнийн уналт болон бусад шалтгаанаар гацсан 41 гэрээг шийдвэрлэх үүрэг даалгавар өнгөрсөн оны 7 дугаар сард өгсөн. Үүнээс 37 гэрээг амжилттай шийдвэрлэж, 4.2 сая тонн нүүрсийг “Монголын хөрөнгийн бирж”-ээр дамжуулан борлуулсан байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд нийт 27.6 сая тонн нүүрс борлуулж 28.8 сая тонн нүүрс экспортолсон. Энэ нь Монгол Улсын экспортын 32% -ийг бүрдүүлсэн үзүүлэлттэй байна.
2026 онд 19 удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулж 121.5 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.4 сая тонн нүүрс борлууллаа.
Мөн БНХАУ-ын гүн дэх эцсийн хэрэглэгчид болон нүүрс худалдааны томоохон боомтуудад нүүрс хүргэн борлуулах ажлыг эхлүүлээд байна.
Цаашид Япон, БНСУ, Энэтхэг зэрэг гуравдагч зах зээлд гарах, цөөн худалдан авагчаас хамааралтай байдлыг бууруулж, зах зээлээ тэлэх чиглэлд анхаарч ажиллаж байна.
Ерөнхий сайд компанийн удирдлагуудад дараах үүрэг чиглэл өгөв.
Үүнд:
- Компанийн засаглал, ил тод байдлыг олон улсын жишигт нийцүүлж, нээлттэй компани болгох хүрээнд гүйцэтгэх удирдлагын баг болон ТУЗ-ийн хараат бус гишүүдийн сонгон шалгаруулалтыг нээлттэй, олон нийтийн оролцоотой зохион байгуулах,
- Сүүлийн гурван жилийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланд олон улсын аудит хийлгэх ажлыг энэ оны 2 дугаар улиралд багтаан дуусгах,
- ТУЗ-ийн дэргэд “Олон нийтийн хяналтын зөвлөл”-ийг нээлттэй сонгон шалгаруулалтаар зохион байгуулах,
- Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангаж, уг ордыг хамгийн өндөр өгөөжтэй, урт хугацаанд тогтвортой ашиглах ТЭЗҮ-г эцэслэн боловсруулах, орд ашиглалтын төлөвлөгөөг Засгийн газарт танилцуулах үүрэг өглөө.
Мөн компанийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, санхүүгийн үйл ажиллагааг цэгцэлж, үр ашиггүй зардал, худалдан авалтаас зайлсхийж, санхүүгийн сахилга, хариуцлагыг чанд мөрдөхийг сануулав.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
