Төрийн ордонтой танилцсанаар Монгол хүн гэдгээрээ улам их бахархлаа

Япон Улсад суралцахаар явах гэж буй Г.Сэнгүн Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцсан сэтгэгдлээ “Парламентын танхим, Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг бодитоор нь харж, танилцахад цаанаасаа сүрдмээр, гоё мэдрэмж төрсөн. Наадмын талбай руу залж явдгийг л телевизээр харснаас биш Тугны оройн дүрэлзсэн гал, бусад дүрслэл элемент бүр нь энгийн хэрнээ гүн гүнзгий утга учиртай, Монгол Улс минь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагтаа үүрд мандан бадрах бэлгэдэл шингээснийг сая мэдэж авлаа. Төрийн бүх бэлгэдлүүд, Төрийн ордны ханаар байрлуулсан урлагийн бүтээлүүд, Төрийн ордны хаалга үүднээс нь эхлээд бүх зүйлд нь төрөө дээдлэх үзэл санаа, төрийн ёс, дэг, ард түмний өв соёл, ёс заншлыг шингээсэн нь үнэхээр бахархам юм байна. Монгол хүн гэдгээрээ бахархах үзлийг минь Төрийн ордонтой танилцсан энэ аялал улам их бадраалаа. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимтай танилцахдаа парламент, түүний түүх, парламент хэрхэн бүрддэгийг мэдэж, мэдлэгээ тэллээ” хэмээн хуваалцав
Түүний эмээ Д.Сайнбаяр, сэтгүүлч мэргэжилтэй. Хүү болон ач нарынхаа хамт Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах хүсэлтээ Улсын Их Хурлын Тамгын газарт уламжилж, өнөөдөр (2026.02.03) Төрийн ордонд зочиллоо. Тэрбээр, “Ач нарын маань зарим нь гадаадад суралцдаг, зарим нь суралцахаар явах гэж байна. Явсан газар бүрдээ Монгол хүн, эх оронтой хүн гэдгээ ухамсарлаж, төр улс гэж ямар байдгийг мэдрэг гэж зориуд дагуулж ирсэн зорилго биелж, хүүхдүүдэд минь маш их таалагдаж байна” хэмээсэн.
Нийслэлийн Ерөнхий боловсролын “Гёте” сургуулийн сурагч 13 настай Г.Чингүүн “Төрийн ордонтой танилцахад бүх зүйл сонирхолтой байна, олон шинэ зүйлийг мэдэж авлаа” хэмээн өгүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
