Төрийн албанд гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим системийг нэвтрүүлж эхэллээ

Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим системийг танилцуулж, туршилтаар нэвтрүүлэх төрийн байгууллагуудад чиглэл өгөх арга хэмжээ Төрийн ордонд боллоо.
2024 оны жилийн эцсийн байдлаар Засгийн газрын хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт 65, Засгийн газрын байгууллагуудын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн дундаж 77, төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээний дундаж 98.7 хувьтай байна. Гэтэл иргэд олон нийтээс төрийн үйлчилгээнд өгсөн сэтгэл ханамжийн судалгааны үнэлгээ 40 хувьтай гарсан. Олон улсын жишгээр албан хаагчдын гүйцэтгэлийн дундаж болон иргэд, олон нийтийн үнэлгээгээр өгсөн дүн хоёрын зөрүү нь 35 хувь дотор байвал гүйцэтгэлийн удирдлагын харилцаа нь хэвийн явагдаж байна гэж үздэг бол энэ тоо манайд 58 хувь байгаа нь онцгой анхаарал хандуулах шаардлагатайг харуулж байна гэж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим системийг танилцуулж, туршилтаар нэвтрүүлэх төрийн байгууллагуудад чиглэл өгөх арга хэмжээний үеэр хэллээ.

Төрийн албанд гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим систем байхгүй учраас төрийн 100 гаруй байгууллагын 5000 орчим албан хаагч гүйцэтгэлийн удирдлагын цахим программыг дор бүрнээ нэвтрүүлэн ашиглаж байна. Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим системийг нэвтрүүлж эхэлснээр төрийн албаны төлөвлөлт, тайлагналт, үнэлгээний харилцаанд нэг стандарт бүхий мэдээллийн нэгдсэн сангийн удирдлагын ижил зарчим хэрэгжиж эхэлнэ гэлээ.
Өнгөрсөн оны наймдугаар сард төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн тайлан, үнэлгээний мэдээллийг ил болгосон, цахим системийг нэвтрүүлснээр гүйцэтгэлтэй холбоотой мэдээллүүдийг олон нийтэд энгийн, ойлгомжтой хэлбэрээр илүү дэлгэрэнгүй хүргэх боломж бүрдэнэ. Энэхүү системийг бий болгох санхүүжилтийг БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар КОЙКА байгууллагын төслийн хүрээнд шийдвэрлэсэн бөгөөд системийн хөгжүүлэлтийн ажлыг мэдээллийн технологийн хувийн хэвшлийн мэргэжлийн компаниар гүйцэтгүүлжээ.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлж, төрийн албан хаагчийн бүтээмжийг нэмэгдүүлэн, хариуцлага, ил тод байдлыг хангаж, гүйцэтгэлийн үнэлгээг боловсронгуй болгохоор заасан нь Засгийн газрын “Шинэ итгэл, Эрс шинэтгэл” бодлогын тэргүүлэх зорилтын нэг юм.


Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
