Ерөнхий сайд Г.Занданшатар: Газар олголт, бүртгэлийг цэгцлэхээс Замын-Үүдийн цэгцрэх хөдөлгөөн эхэлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, Засгийн газрын тэргүүнд санал, хүсэлтээ уламжиллаа.
Иргэдэд тулгамдсан асуудлын нэг нь газар олголт болжээ. Ерөнхий сайд Г.Занданшатар газартай холбоотой санал хүсэлтийг үндэслэж, Замын-Үүд сумын хэмжээнд газар олголтыг шалгуулахаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг байгуулж, Ажлын хэсгийг ирэх долоо хоногт Замын-Үүдэд ажиллуулахаар боллоо.
Мөн хил, гаалийнхны уялдаа холбоогүй байдлыг цэгцэлж, хяналтын тогтолцоог нэгдмэл удирдлагатай болгоход Засгийн газар анхаарч ажиллана гэсэн Ерөнхий сайдын байр суурийг сумын иргэд талархан хүлээн авлаа.

Замын-Үүд суманд цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж, хил, гааль, чөлөөт бүсийн уялдаа холбоог сайжруулж байж авлигын эрсдэлийг бууруулна. Үүний эхлэл болгож газар олголт, бүртгэлийг цэгцлэх ажлыг нэн даруй хэрэгжүүлнэ. Замын-Үүд сумын цэгцрэх хөдөлгөөн эндээс эхэлнэ гэж Ерөнхий сайд хэллээ.
Зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж буй жолооч нарт татвар ногдуулахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслэн хувь хэмжээ тогтоож буйг иргэд шүүмжилж байв. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр татвар хураамж дагаад өсөж, дарамт болж буй ажээ. Дорноговь аймгийн ИТХ-аар хуралдаанаар Эрээн-Замын-Үүд боомтоор зорчигч тээвэр эрхэлдэг хүмүүсийн сард төлдөг татварын хувь хэмжээг бууруулахаар шийдвэрлэсэн. Тогтоол албажих үйл явц холбогдох яаманд гацаад байсныг шинэ оны босгон дээр гацаанаас гаргасан гэдгийг Ерөнхий сайд мэдээллээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар даваа гарагт (2026.01.12) Дорноговь аймгийн Сайншанд суманд ажиллана.







Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
