...
...
Улс төр
Sainjargal
11-р сар 24

Дэд хорооны хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв

Дэд хорооны хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны Боловсрол, шинжлэх ухааны дэд хороо өнөөдөр (2025.11.24) хуралдлааДэд хорооны хуралдаанаар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ийн болгон зарласантай холбогдуулан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Боловсролын сайд Д.Наранбаяр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо болон Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны хуралдаанд энэ оны наймдугаар сарын 26-ны өдөр салбарын хууль, эрх зүйн актын хэрэгжилтийн талаар, есдүгээр сарын 23-ны өдөр 2026 оны төсвийн төслийн талаар тус тус мэдээлэл хийсэн юм. Байнгын хорооны тогтоолын төслийг дээрх мэдээллүүдэд үндэслэн, Байнгын болон дэд хорооны гишүүдийн саналыг тусган боловсруулсан тухай Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар танилцууллаа. Тэрбээр тогтоолын төсөлд боловсролын бүх түвшинд нэн яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээг тухайн түвшинд хамааруулан авч үзсэнийг онцолж, эдгээр арга хэмжээ нь өрсөлдөх чадвартай боловсролын тогтолцоог бэхжүүлэх, боловсролын чанар, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг эрчимжүүлэх, багшийн мэргэжлийн хөгжлийн чадамж, хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах, боловсролын дэд бүтэц, сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх, хяналт, зохицуулалтын үр дүнтэй бүтэц бий болгоход чиглэсэн болохыг дурдлаа. Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, сургалт, үйл ажиллагааг багшийн ажилласан жилээс үл хамаарч, тэдний чадамжид суурилсан, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шууд хэрэглээ болох агуулгад чиглүүлэн ажлын байранд болон орон нутаг үндэсний түвшинд үр дүнтэй зохион байгуулах, мөн анхны жилдээ ажиллаж байгаа багшийг багшлах ажилд дагалдуулан сургах зайлшгүй шаардлагатай байгааг тэрбээр өгүүлж, англи хэлний стандартад нийцсэн сурах бичгээр хангах, багшлах хүний нөөцийг чадавхжуулж, сургалтын хэрэглэгдэхүүн, дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах тухай заалтыг тогтоолд тусгасан үндэслэлийг тодорхой ярьсан юм. Мөн мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтыг сайжруулах, үүний хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлж, сургалтын орчин, дэд бүтцийг шинэчлэх, хөтөлбөр, стандартын шинэчилж, инноваци, шинэ технологи нэвтрүүлэх зэрэг тодорхой асуудлуудыг тогтоолын төсөлд тусгасан байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад жолооны болон хэлний сургалтыг багтаасан төрөл бүрийн сургалтын төвүүд нийт 1246 байгаа юм. Эдгээрт 2025 онд 6053 чадамжийн нэгжээр 61881 чадамжийн гэрчилгээ олгож, мэдээллийн нэгдсэн системд бүртгэжээ. Цаашид мэргэжлийн сургалтын үйл ажиллагааны бодлого, зохицуулалтыг оновчтой болгох шаардлага байгааг Дэд хорооны дарга тэмдэглэлээ. Улсын хэмжээнд төрийн өмчийн 1814 сургалтын байгууллагад 93475 албан хаагч ажиллаж байгаагийн 58 мянга буюу 62.2 хувь нь багш нар бөгөөд тэдний 60.0 хувь нь орон нутагт ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн багшийн сарын дундаж цалин үндсэн цалингийн нэмэгдэл хөлс, унаа, хоол, гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллын оруулаад татварын өмнөх байдлаар 2 680 989 төгрөг байгаа боловч шинээр ажилд орж буй залуу багшийн үндсэн цалин 1 484 000 төгрөгөөс эхэлж байгаа талаар тэрбээр тодорхой мэдээлэл өгч, цалинг нэмэгдүүлэхэд зориулан Монгол Улсын 2026 оны төсөвт 618.6 тэрбум төгрөг нэмж тусгасны дагуу багш нарын цалингийн бүтцийг оновчтой болгож, тогтвортой хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг онцлон анхааруулсан юм.

Дэд хорооны дарга С.Зулпхарын тавьсан Байнгын хорооны тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах Засгийн газрын бодлого, шийдвэр ерөнхий асуудлууд руу чиглээд, салбарын гол асуудлууд, тэдгээрийн агуулга, мөн чанар руу орохгүй байгааг шүүмжилж, сургууль, цэцэрлэг барих, тоног төхөөрөмж, хиймэл, оюун ухаан, инноваци нэвтрүүлэх зэрэг олон бодитой шийдлүүд хэлэлцүүлгийг үед яригдсан боловч төсөл, хөтөлбөр, бодлого шийдвэрт огт орж ирэхгүй байна гэсэн юм. Тэрбээр сургууль, цэцэрлэг нэмж барих ажлуудыг төлөвлөж байгаа ч тэдгээрт ажиллах багшлах боловсон хүчнийг дэмжих, тэдний урт хугацааны хөгжлийн асуудлыг төлөвлөх шаардлагатайг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл хүн амын өсөлт сүүлийн 10 жилд буурч байгаатай уялдуулан сурагчдын тоо, анги дүүргэлт, түүний өсөлтөд дүн шилжилгээ хийх нь зүйтэй тэмдэглэв. Байнгын хорооны тогтоолын зүйл, заалтыг илүү тодорхой болгож, үр дүнд чиглүүлэх шаардлагатай гэсэн саналыг тэрбээр хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг оновчтой тодорхойлж, зөв эрэмбэлэх цаг болсныг сануулж, багшийн хомсдолын үндсэн шалтгаан нь нийгмийн баталгаа хангагдаагүй, цалин хөлс нь амьдралд хүрэлцэхгүй байгаа явдал гэдгийг тодорхойлов. Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн хууль, тогтоомжид заасан гэрийн боловсролыг дэмжих, зайны болон цахим сургалтыг өргөжүүлж, эдгээрээр олж авсан боловсролыг хүлээн зөвшөөрөхтэй холбоотой зохицуулалтуудын хэрэгжилт хангалтгүй байгаагийн шалтгаан, нөхцөлийн талаар асууж Боловсролын яамны албан тушаалтнуудаас хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү салбарын яам барига барих, тендер шалгаруулах ажилд бус боловсрол, сургалтын бодлого, хөтөлбөртөө анхаарч ажиллахыг зөвлөлөө. Тэрбээр багшийг бэлтгэх, тогтвортой ажиллуулах, урьж авчрах зэрэг хүний нөөцийн арга хэрэгслүүдийг ашиглаж, боловсон хүчний хүрэлцээ, хангамжийг шийдвэрлэх шаардлагатайг онцолж, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх хүрээнд хичээлүүдийг нэгтгэх, сурагчдыг амьдралд бэлтгэхэд анхаарч ажиллах цаг болсныг санууллаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир Монгол Улсын боловсролыг олон улсын түвшинд хүргэх, шат шатны боловсролын гэрчилгээ, сертификатыг олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болгоход ахиц гаргаж, ажиллах шаардлагатайг онцолсон бол Дэд хорооны дарга С.Зулпхар их, дээд сургуульд гадаадын туршлага, чадвартай багш нарыг урьж ажиллуулах, олон улсын магадлан итгэмжлэх хөтөлбөрт хамрагдах зэрэг асуудлыг хөндсөн юм.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Боловсролын яамны албан тушаалтнууд, мэргэжилтнүүдээс хариулт авсны дараа Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжих эсэх тухай санал хураалт явуулахад Дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!