Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийн талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.11.05/ хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийн тухай хэлэлцэв.
Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар Дүгнэлтийн нэгтгэн дүгнэх хэсэгт “... энэхүү дүгнэлт Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр бөгөөд Улсын Их Хурал энэ талаар хүлээн зөвшөөрөх эсэх шийдвэр гаргахгүй.” гэж дүгнэсэн байна. Иймд өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэхгүй, харин Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу Монгол Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд дурдсан асуудалтай холбогдуулан төрийн байгууллын хувьд шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар хэлэлцэж, гишүүд саналаа хэлнэ гэдгийг тодотгон хэлж, УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн С.Зулпхар, Эрх мэдлийн хяналт, тэнцлийн хүрээнд аваад үзвэл УИХ хууль тогтоодог институц. Үндсэн хуулийн цэц бол шүүх эрх мэдлийн хүрээний институц. Үндсэн хуулийн цэцээс гарсан шийдвэрийг эцсийнх гэж тодорхой дурдсан бол бид хүлээж аваад явах нь зөв гэж бодож байна. Гэхдээ гишүүд хоёр өөр асуудал дээр процессын хувьд эргэлзээ төрүүлж байна гэсэн байр суурь илэрхийлж буйг хэлэлцэх эрх нь УИХ-д байгаа. Тиймээс эргэлзээтэй асуудлыг шийдвэрлэх хуулийн төслийг санаачлан, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох ёстой хэмээлээ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ. Засгийн газартаа итгэл үзүүлэх эсэх асуудлаар гаргах шийдвэр ч УИХ-ын бүрэн эрх юм гэдгийг дахин нотолж хэлмээр байна гээд, Үндсэн хуулийн цэцийн тухайн өдрийн их суудлын хуралдааны процесс, гарсан дүгнэлтийн талаар тодруулан өгүүлэв. Тэрбээр, УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоол хүчин төгөлдөр эсэх талаар маргаантай нөхцөл байдлыг үүсээд байгааг тодотгоод, Үндсэн хуулийн цэц маш маргаантай асуудлыг бий болголоо хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд Цэцийн гаргаж байгаа шийдвэр нь дүгнэлт, тогтоол, магадлал гэсэн гурван хэлбэртэй байна гэж заасныг дурдаад, Үндсэн хуулийн цэцийн их суудал хуралдсан тохиолдолд шийдвэр эцсийнх байна гэж дүгнэлтэд тодорхой бичсэнийг тодотгов. Тиймээс одоо Үндсэн хуулийн цэцээс гаргасан эцсийн шийдвэрийн мөрөөр цаашдаа бид ямар арга хэмжээ авах, УИХ-ын 95 дугаар тогтоолыг хэрхэн ойлгох, Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлтэд дурдагдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяатай холбоотой асуудал ямар хуулиар зохицуулагдах талаар ярих нь зүйтэй гэж үзэж байна хэмээгээд, Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан хүрээнд цаашид хэлэлцүүлэг өрнүүлэх талаар тогтож ярих нь зүйтэй гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотой нийгэмд талцал хуваагдал үүсэж, улс орон даяараа бараг үндсэн хууль судлаач боллоо. Одоо улс төржилтийг хүлээн зөвшөөрч болохгүй. Тиймээс асуудалд объектив байдлаар хандаж, Үндсэн хуулиа, парламентын дархлаагаа хамгаалах талаар ярилцах нь зүйтэй. Төрийн байгуулалтын байнгын хороо ажлын хэсэг байгуулаад, үүссэн нөхцөл байдалтай холбоотой хуулийн хийдлүүд хаана байгаа, процессын алдаанууд яагаад гарав гэдгийг тодруулж, Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ажиллах нь зүйтэй хэмээлээ.
УИХ-ын гишүүд үг, хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах асуудлыг нэр дэвшүүлсэн нам, эвслийн бүлгийн хүсэлтээр шийдвэрлэхээр заасан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 8 дугаар дүгнэлтийн 1 дэх хэсгийн хүрээнд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг Үндсэн хууль зөрчсөн албан тушаалтныг (УИХ-ын дэд даргыг) огцруулах хүсэлтээ Улсын Их Хуралд оруулан нэгдсэн хуралдаанаар шийдвэрлүүлэхээр байна хэмээн мэдэгдсэнээр энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
