Өвөлжилтийн бэлтгэл болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын явцын талаарх мэдээлэл сонслоо

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2025.11.04/ цаг үеийн сэдвээр мэдээллүүд сонслоо. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсений танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонсов
Хуралдаан Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллээр үргэлжлэв. Эхлээд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн мэдээлэл хийв.
Монгол Улсын Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 56 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 19 арга хэмжээг тусгасан нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан салбарын сайдаар батлуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газрын 56 дугаар тогтоолын дагуу долоон арга хэмжээ бүрэн хэрэгжсэн, 12 арга хэмжээ хэрэгжих шатанд, нэг арга хэмжээ хэрэгжилт хангалтгүй түвшинд байна гэв.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ, ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундаж зэрэг мэдээлэлд үндэслэн 11 дүгээр сарын байдлаар боловсруулан гаргасан байна. Уг үнэлгээнээс үзэхэд нийт нутгийн 3.0 хувьд нэн их, 22 хувьд их, 21 хувьд дунд зэрэг, 26 хувьд бага, 28 хувьд маш бага хүндрэлтэй байхаар байна. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн ихэнх нутгаар цасны нөхцөл тооцоогдоогүй байх үед зудын эрсдэл их болон нэн их түвшинд үүсэж байгаа нь өвөлжилт тухайн аймгуудад хүндрэх төлөвтэйг харуулж байна гэсэн байлаа.
Энэ жил улсын хэмжээнд 213.3 мянган малчин өрхөд 65.7 сая толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая хонь өвөлжиж, хаваржих урьдчилсан дүн гарсан. Үүнээс 16.6 мянган малчин өрхийн 5 сая 724 мянган толгой мал өвөлжихөөр байгаа бөгөөд нийт отроор өвөлжих малын 0.6 сая толгой мал нь өөр аймгийн нутагт, 1.2 сая нь өөрийн аймгийн сумдад, 0.1 сая толгой мал нь сум дундын отрын бүс нутагт, 0.5 сая мал аймаг дундын тусгай хэрэгцээний нутагт, 1.0 сая мал хилийн зурвас бүс нутагт, 2.0 сая мал Улсын тусгай хамгаалалттай газар тус тус өвөлжих хүсэлт гаргасан тул холбогдох зохицуулалтыг хийн ажиллаж байгааг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга мэдээлэлдээ онцолсон.
Мөн Засгийн газрын 2025 оны 56 дугаар тогтоолын хүрээнд аймаг, сумын аюулгүй нөөцөд нийт 36.4 мянган тонн бүдүүн, 30.8 мянган тонн хүчит тэжээлийг бэлтгэхээс бүдүүн тэжээлийн бүрдүүлэлт 77.4, хүчит тэжээлийн бүрдүүлэлт 35.8 хувийн гүйцэтгэлтэй бэлтгэж байна. Энэ онд улсын хэмжээнд малчдын түвшинд хадлан 1.3 сая, сүрэл 4.7 мянга, ногоон тэжээл 51.0 мянга, үйлдвэрийн тэжээл 26.0 мянга, гар тэжээл 29.3 мянга, дарш 3.4 мянга, давс, хужир 66.9 мянган тонн тус тус бэлтгэж байна гэж байлаа.
Түүнчлэн мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүд 2025-2026 онд нийт 162 мянган тонн мах экспортлох нөөцтэй бөгөөд өнөөдрийн байдлаар 59 аж ахуйн нэгж 51.0 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг 211.2 сая ам.доллароор экспортолсон байна. 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 57099 толгой бог малыг амьдаар экспортод гаргах зөвшөөрөл олгосноос 43000 толгой малыг экспортолсон. Мах, малыг хонин толгойд шилжүүснээр 2.8 сая толгой малыг экспортлоод байна. Амьд малын экспортыг авч үзвэл Бүгд Найрамдах Узбекистан Улс руу 26565 толгой хонь, Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу 2680 толгой хонийг тус тус экспортолсон гэв.
Энэ жилийн ургац хураалтын тухайд улсын хэмжээгээр 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 278.3 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн улаан буудай, 108.5 мянган тонн төмс, 208.6 мянган тонн хүнсний ногоо, 146.5 мянган тонн малын тэжээл, 27.4 мянган тонн тосны ургамал, нийтдээ 762.5 мянган тонн ургац хураан авсан. Нийт хүн амын хэрэгцээт улаанбуудайн 62.5, төмсний 78.5, хүнсний ногооны 72.6 хувийг дотоодын ургацаар хангахаар болсныг Т.Жамбалцэрэн дарга мэдээлэлдээ дурдсан.
Дараа нь “Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад шийдвэрлэх шаардлагатай зарим арга хэмжээний талаар” Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин танилцуулав.
Тэрбээр мэдээлэлдээ, Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 750 төсөл арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байгааг онцлон тэмдэглэсэн.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх зурагнаас харна уу.
Тодруулбал, дулаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэлийн тухайд, дулааны гол 15.6 км шугам сүлжээг улс, нийслэл, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа бөгөөд хэрэгжилтийн явц 100 хувьтай байна. Мөн цахилгаан хангамжийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөгөөр үндсэн шугам тоноглолын нийт 31 нэр төрлийн 98 ажил, урсгал засвараар 3387 шугам тоноглолд тус тус засварын ажил хуваарийн дагуу зохион байгуулан ажиллаж, гүйцэтгэл 96.6 хувьтай байгааг дурдсан байлаа.
Түүнчлэн Нийслэлийн долоон дүүрэгт байрлах 25 агуулахад 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар сайжруулсан шахмал түлш 8776 тонн, хагас коксон түлш 2800 тонн нөөцлөлттэй байна. Мөн “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн үйлдвэрт сайжруулсан шахмал түлш 200 тонн, хагас коксон түлш 3188 тонн, савласан коксон түлш 4128 тонн нөөцтэй байна. Нийт дүнгээр сайжруулсан шахмал түлш 8976 тонн, хагас коксон түлш 10116 тонн, нийтдээ 19,092 тонн түлшний нөөц бүрдүүлээд байна. Агаарын чанарыг сайжруулах долоон дүүргийн иргэдэд түлшний хангамжийг тогтвортой байлгах зорилгоор 397 борлуулалтын цэгээр түлш түгээлт хэвийн үргэлжилж буйг мэдээлэлд дурдсан байв.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх зурагнаас харна уу.
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх хүрээнд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 онд 112000 ширхэг алсын зайн дамжуулагчтай угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийг гэр хорооллын айл өрхүүдэд суурилуулсан. 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/1437 дугаар захирамжаар 45000 ширхэг төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Мөн Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/1276 дугаар “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулах зарим арга хэмжээний тухай” захирамжаар Нийслэлийн болон дүүргийн шуурхай штаб байгуулагдан ажиллаж байна. Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд гарын авлага, зөвлөмжийг аж ахуйн нэгж байгууллагад 14881 удаа, иргэдэд 287224 удаа хүргэсэн. “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ халаалтын улирал эхэлснээс хойш 24605 дуудлага хүлээн авч, 49210 иргэний амь нас, эрүүл мэндийг хамгаалж ажилласан. Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 78566 өрхөд хяналт шалгалт хийж, зөв галлагааны заавар зөвлөгөө өгч, угаарын хий мэдрэгчийн хэвийн ажиллагаа, зуух пийшингийн бүрэн бүтэн байдлыг шалган ажиллаж 545 өрхөд зуух пийшингийн засвар үйлчилгээ хийсэн. Хяналт шалгалтын явцад зөвшөөрөлгүй түүхий нүүрс хадгалсан, худалдсан гурван зөрчил илэрсэн хэмээн мэдээлэлд дурдсан байв.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ бэлчээрийн төлөв байдлын асуудалд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам ажлын уялдаа, үйл ажиллагаа сайжруулах шаардлагатай. Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарах нь зүйтэй гэв. Түүнчлэн нийслэл өвөлжилтийн бэлтгэл ажлын хангах хүрээнд нийтийн тээвэрт үйлчлэх автобусуудыг цагаар явуулахад ажил хэрэгчээр асуудалд хандаж, ажиллахыг хүслээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд бензин, шатахуун түлшний ханган нийлүүлэлт, нөөц, түгээлтийн хэвийн байдлыг ханган ажиллах, нэгэнт бий болсон агуулах, бааз суурь дээрээ түшиглэн мал махны бэлтгэлийн асуудалд салбарын яам тодорхой бодлого гаргах, малын тэжээлийн асуудалд бодлогын зохицуулалт хийх нь зүйтэй гэдгийг онцгойлон анхаарууллаа.
COP17 бага хурлын бэлтгэл ажлын явцтай танилцлаа
Хуралдаан Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ыг зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны дарга бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллээр үргэлжилсэн.
Салбарын сайд Б.Батбаатар бага хурлын бэлтгэлийн хүрээнд хийж, гүйцэтгэж буй ажлын талаар товч танилцуулав.
Тухайлбал, барилга байгууламжийг бэлтгэх ажлын хүрээнд хурлын байрны суурь дэд бүтцийн явцын тухайд мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ таталт бүрэн дууссан, ус хангамж болон ариутгал татуургын систем суурилуулах ажил 88, цахилгааны сүлжээ таталт болон зогсоолын засварын ажил 45 хувьтай байна. Цаг агаар хүйтэрч дэд бүтцийн ажил гүйцэтгэхэд хүндрэлтэй болсон тул ажлыг ирэх жилийн 03 дугаар сараас үргэжлүүлнэ. Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын Төлөвлөлтийн багаас өгсөн дүн шинжилгээгээр 2026 оны 7 дугаар сарын эцэс гэхэд барилга байгууламжийн ажил бүрэн хийгдэж, дуусах боломжтой гэв.
Мөн Талуудын 17 дугаар бага хурал эхлэх хүртэл 285 хоног үлдсэн тул НҮБ-ын стандарт бүхий хурал гэдэг агуулгаар СОР зохион байгуулж байсан туршлагатай олон улсын туслан гүйцэтгэх байгууллагатай хамтарч ажиллах нь эрсдэлээс сэргийлэх, бэлэн байдлыг хангахад чухал шаардлагатай зэргийг харгалзан шалгуурт нийцсэн хүсэлтээ илэрхийлсэн гадаадын компанийг сонгон шалгаруулж, конвенцын Нарийн бичгийн дарга нарын газартай гурвалсан гэрээгээр ажиллахаар тогтсон гэж байлаа.
Түүнчлэн Монгол Улсаас дэвшүүлэх санаачилгыг боловсруулах ажлын хүрээнд Үндэсний хорооны Ажлын албанаас боловсруулж буй Олон улсын байгууллагуудаас гадна Булангийн, Европын Холбоо, Африк болон Төв азийн улсуудын сонирхлыг ихэд татан, олон улсын хэмжээнд сайжруулалт хийж буй “Гандуу бүсийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд ус ба газрын менежментийг хөхүүлэн дэмжих”, хувийн хэвшлийн салбарын хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих “Байгальд суурилсан шийдлийг ашиглан тогтвортой дэд бүтцийн салбарыг бэхжүүлэх санаачилга” зэрэг санаачилгыг олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр боловсруулж байна.
Монголын талаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн болон олон улсын мэргэшсэн байгууллагууд хамтран Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Монгол Улсаас олон улсын хэмжээнд танилцуулахаар бэлтгэж буй “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”-ын төслийг боловсруулж эцэслэв. Уг санаачилгаар дамжуулан Монгол Улсад хамгийн багадаа 500 сая ам.доллар бүхий төслүүдийг хэрэгжүүлнэ гэсэн урьдчилсан тооцоолол байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.
Санхүүжилт, хөрөнгө оруулалт татах ажлын хүрээнд, дээрх гурван санаачилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүжилт татах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ Талуудын 17 дугаар бага хурлын байр, барилга байгууламжийн зардлыг санхүүжүүлэхэд дэмжлэг туслалцаа авахад чиглэж байна гэв. Тухайлбал, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын Сэргээн босголт, хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Даян дэлхийн байгаль орчны сан, Уур амьсгалын ногоон сангаар дамжуулан санхүүжилт, хөрөнгө оруулалт татах ажилд тодорхой ахиц гарч, нааштайгаар шийдэгдэж байгаа аж.
Түүнчлэн, Талуудын 17 дугаар бага хурлыг сурталчлах, олон нийтэд зөвөөр таниулах, хөрөнгө оруулалтын чиг баримжааг томосгох хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Э.Болормаа, Л.Мөнхбаясгалан нарыг Тусгай элчээр томилсон нь нэг талаараа Монгол Улсын төрийн бүхий л байгууллагууд ач холбогдол өгч байгааг нотлон харуулах, нөгөө талаар шийдвэр гаргах түвшинд байгаль орчны асуудалд анхаарал хандуулан оролцоог нэмэгдүүлэх болно гэдгийг онцлов.
Мөн дотоод хөрөнгө оруулалт, нөөцийг ашиглах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Монголын Бизнесийн зөвлөлтэй хамтран “Business4Land” буюу бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий олон улсын санаачилгад үндэсний оролцогч талуудын түншлэлийг баталгаажуулах, улмаар Монгол Улсад бүртгэлтэй байгаль орчны салбарт финтек зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн байгууллагуудтай инновацад түшиглэсэн түншлэлийг хөгжүүлэх ажлыг эхлүүлээд байгааг мэдээлэлд дурдлаа.
Бага хурлын ерөнхий агуулгын хүрээнд, дэлхийн 197 улс нэгдэн орсон олон талт гэрээ конвенцын шийдвэр гаргах үндсэн хуралдааны агуулга, хөтөлбөр, төлөвлөгөөг зохион байгуулагч улсын Засгийн газар болон конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар хамтран шийдвэрлэдэг гэдгийг сайд онцлоод зарим асуудлуудыг ажлын түвшинд тохиролцоод байгаа гэлээ. Тодруулбал, бага хурлын ерөнхий уриа нь “Эх байгалиа сэргээж, Итгэл найдварыг бадраая” буюу “Restoring Land, Restoring Hope” гэж нэрлэх саналыг дэвшүүлж байна. Үүнтэй холбоотойгоор “Эдийн засгаа сайжруулъя”, “Амьдралыг тэтгэе”, “Усны нөөцийг хамгаалъя”, “Өв соёлоо хадгалъя”, “Эрүүлийг эрхэмлэе”, “Тэсвэрлэх чадвараа нэмэгдүүлье” гэсэн дэд урианууд “Газрыг нөхөн сэргээж” гэдэг агуулгатай холбоос хэлбэрээр хэрэглэгдэх боломжтой. Ерөнхий уриатай нийцүүлэн 12 өдрийн хурлыг зохион байгуулахдаа зургаан сэдэвт өдөртэй байхаар тогтсон гэж байлаа.
Гадаадын төлөөлөгч нарыг оролцуулах ажлын хүрээнд Үндэсний хорооны өндөр дээд зочид төлөөлөгчдийн оролцоог хангах үүрэгтэй Гадаад харилцааны яамаар ахлуулсан дэд хорооноос төр, Засгийн газрын тэргүүд болон олон улсын байгууллагуудын удирдлагуудыг урин оролцуулах асуудлыг тусад нь хариуцан ажиллаж байна. Одоогийн байдлаар 30 орчим өндөр дээд зочдод урилга хүргүүлэхээр төлөвлөсөн бөгөөд хурлын ерөнхий сэдэв тодорхой болохыг хүлээж байгааг Б.Батбаатар сайд дурдахын зэрэгцээ Саудын Араб Улсын Эр-Риад хотноо болсон Талуудын 16 дугаар бага хуралд нэгдэн орсон улсуудын Засгийн газрыг төлөөлөн нийт 141 сайд оролцсон тул манай улс энэ тоог бууруулахгүй байх чиглэлтэйгээр ажиллаж байна гэв.
Түүнчлэн Талуудын 17 дугаар бага хурлын албан ёсны вебсайтыг энэ оны 12 дугаар сард эхлүүлэх бөгөөд үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газраас авч хэрэгжүүлж буй мэдээллээс гадна буудаллах боломжтой гэрээт буудлууд, аялал жуулчлалын олон төрлийн маршрут зэрэг мэдээллүүдийг нэгтгэсэн байхаар ажиллаж байна. Уг вебсайтыг конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын вебсайттай холбон олон улсад түгээн, оролцох төлөөлөгч нарт танилцуулж байх юм. Талуудын 17 дугаар бага хурлын албан ёсны бүртгэлийг ирэх жилийн гуравдугаар сараас конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар албан ёсоор эхлүүлснээр зочдод үйлчлэх хот доторх унаа тээвэр, нислэг болон хоол, хүнс, сайн дурын ажилтан, угтах зочлох зэрэг бусад үйлчилгээний урьдчилсан тооцоолол гарах тул ирэх жилийн эхний улиралд дотоодын бэлтгэлийг эхлүүлэхээр төлөвлөсөн гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ онцлов.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Мандхай, Г.Ганбаатар, С.Одонтуяа, Э.Болормаа нар асуулт асууж, санал хэлсэн. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулснаар ялангуяа гадаад бодлого, хөрөнгө оруулалтын хувьд таатай шинэ түвшинд гарна гэдэгт найдаж буйгаа илэрхийлээд мэдээлэлд дурдсан барилга байгууламжууд хугацаандаа дуусах эсэх, санхүүжилтийн тухайд төлөвлөгдсөн ажлуудаа хийж амжих талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар 500 сая ам.доллар бүхий төслүүдийг хэрэгжүүлнэ гэдэгт урьдчилан төлөвлөсөн ямар төслүүд тусгасныг лавлав. Гишүүд уг бага хурлыг үр дүнтэй, өгөөжтэй зохион байгуулахад онцгой анхаарах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байлаа.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар олон улсын өмнө үүрэг хүлээгээд зохион байгуулах энэ том арга хэмжээнээс ухрах гарц, цаг хугацаа байхгүй болсныг хариултдаа онцлоод үүнд Улсын Их Хурал дэмжлэг үзүүлж ажиллах нь зүйтэй гэв. Мөн хурал зохион байгуулах газрын дэд бүтцийн 80 хувийг хийж гүйцэтгээд дууссан. Харин түр байгууламжуудыг барихад хоёр сарын хугацаа зарцуулах тул гуравдугаар сард угсралтын ажлууд эхлээд тавдугаар сард дуусна гэж байлаа. Түүнчлэн бага хурлыг амжилттай зохион байгуулах нь олон улсад Монгол Улсын нэр хүндийг өргөх асуудлаас гадна тогтвортой хугацаанд байгаль орчны салбарт хөрөнгө оруулалтууд орж ирнэ. Өнөөдөр Монгол орны газар нутаг, ан амьтан, экологи, цаг уурын нөхцөл байдлын талаар хүн бүр мэдэж байгаа тул энэ чиглэлд томоохон ахиц дэвшил гарна гэдгийг хариултдаа онцлов.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ арга хэмжээ нь зөвхөн холбогдох яамдын ажил биш тул Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны зүгээс дэмжиж ажиллах шаардлагатай гээд Тусгай элчээр томилогдсон гишүүд тодорхой туршлагатай хүмүүс байгаа тул тэднийгээ ашиглаж, ажиллуулахад анхаарах, бага хурлын хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой нарийвчилсан мэдээллийг салбарын яам Байнгын хорооны гишүүдэд тусдаа танилцуулах нь зүйтэй гэсэн саналыг хэлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
